Компанийн өсөлтийн үед ашиглах 10 стратеги

Компанийн өсөлтийн үед ашиглах 10 стратеги


Ямар ч компани нь амьдралын мөчлөгийн эхний шатанд гурван үеийг давдаг: бүтээгдэхүүнээ бий болгох, бүтээгдэхүүнээ борлуулах болон тогтвортой компани болж хөгжих.

Компани өсөлтийнхөө эхэн үе шатанд бэлдэхийн тулд хүний нөөцийн асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа тогтворжуулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх зэрэг маш олон тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байдаг билээ. Ингээд энэхүү өсөлтийн үе шатаа амжилттай давахад бэлтгэж буй компаниудад санал болгох 10 стратегийг хүргэе.

#1. Бүтээгдэхүүндээ дахин нэг анхаарал хандуулах

Одооноос эхэлж таны бүтээгдэхүүн туршилтын шатанд байхаа болино. Тиймээс та дараах асуултуудад хариулах хэрэгтэй: Бүтээгдэхүүн болгон хэр ашигтай вэ? Жоохон ч өсөлтгүй байгаа бүтээгдэхүүнээ жагсаалтаас гаргах нь амжилттай яваа бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх үү? Бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хэрхэн томруулах вэ? Нэгжид ногдох дундаж орлого хэрхэн өсөж болох вэ? Нийт борлуулалтын зардлыг бууруулахын тулд бүтээгдэхүүний борлуулах шат дамжлагыг хэрхэн багасгах вэ? Борлуулалтын дараах засвар үйлчилгээний зардлыг хэрхэн бууруулж болох вэ? Эдгээр асуулт нь танд зөв зах зээлээ сонгосон эсэхэд тань хариулт өгөх юм.

#2. Бүтээгдэхүүнийхээ маркетингт анхаарал хандуулах

Борлуулалтын түвшин ихсэн тусам бүтээмжийн түвшин багасаж байдаг. Учир нь худалдааны төлөөлөгчид нь хүсэл тэмүүллээр дүүрэн үүсгэн байгуулагчдаас тэс өөр байх болно. Тиймээс борлуулалтыг илүү хялбарчилж өгснөөр энэхүү асуудлыг амархан давж болно. Үүний тулд та бүтээгдэхүүн-маркетингийн багийг байгуулж борлуулалтын болон маркетингийн багийг огтлолцуулах хэрэгтэй. Энэхүү багийн гол зорилго нь хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнээс юу хүсэж байгааг олж мэдэх (MRD), хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг таниулах, харилцагчдад зөвлөх арга боловсруулах, борлуулалтын барьцаа бий болгох болон бүтээгдэхүүний сав баглаа боодлийг хялбаршуулах юм.

#3. Сувгийн стратегийг хэрэглэх

Шугаман бус өсөлтийн үед сувгийн стратеги нь хамгийн их хэрэг болдог боловч бас их эрсдэлийг дагуулдаг. Сувгийн стратеги нь бүх хэрэглэгчдэд ханддаггүй боловч ихэнх компаниуд нь нэгдсэн болон сувгийн аргийг сонгодог. Сувгийн борлуулалтын багаа “борлуулалтын үйл ажиллагааны урамшууллын сангаар” (SPIF) урамшуулан, бусад арга замаар мөн нөхөн төлбөр өгч үргэлж урам зоригтой байлгахад анхаарах хэрэгтэй. Борлуулалтын өмнөх болон дараах дэмжлэгийг маш сайн бэлдэж, тэвчээртэй байж, ахиц дэвшилд чухал ач холбогдол өгөх нь чухал юм.

#4. Хэрэглэгчдэд чиглэсэн багийг бий болгох.

Компани өсөлтийн үед ороход одоо байгаа хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх болон шинэ хэрэглэгчдийг хадгалж үлдэхэд анхаарах шаардлага гардаг. Үүний тулд үйлчлүүлэгчдийг өөрсдийн байнгын хэрэглэгч болгох зорилготой багийг бүрдүүлэх хэрэгтэй.

#5. Харилцаа холбооны суваг нээх

Компани өсөлтийн үед ороход ажилтнууд илүү тархсан байдалтай болж, компанийн шатлал нэмэгддэг. Компанийн соёлыг бий болгож, бүх ажилчидтай харилцах боломжийг нээснээр энэхүү асуудлыг давж болно. Жишээлбэл бий болж буй бэрхшээл, боломж болон төлөвлөгөөний өөрчлөлтийг бүх ажилчдад хүргэх дуудлага явуулах гэх мэт. Компанийн бүх хэлтэс тасгуудыг удирдах албат тушаалтнуудтай уулзах хуваарийг гаргах, ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлэх, харилцаа холбоогоо нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэх удирдлага тус бүр тодорхой хугацаанд ажилчдынхаа үйл ажиллагаанд цуг оролцох хэрэгтэй.

#6. Уялдаа холбоотой байх

Компани өсөж, дэвших тусам хэлтэс тасаг, багууд бусад багынхаа юу хийж байгаа тухай илүү бага мэдлэгтэй болдог. Байгууллагын нягт нэгдмэл байдал, уялдаа холбоотой байх нь амжилтанд хүрэх чухал үзүүлэлт юм.

Байгууллагын соёл, философи болон уриаг үгээр илэрхийлж, биежүүлэх(хэрэгжүүлэх) аргыг эрж хайх хэрэгтэй. Ингэснээр хүмүүс хоорондоо холбоо тогтоож, хамааралтай байж, аажмаар өөрийн болгодог. Баг хоорондын уулзалтыг дэмжих, бүх байгууллагыг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, боломжтой бол албан тушаалыг сэлгэж байх нь бага хоорондын уялдааг нэмэгдүүлэх юм.

#7. Дунд шатны менежерийнхээ эрх мэдлийг дээшлүүлэх.

Компанийн өсөлтийн үе шатанд дээд удирдлага өөрсдөө биечлэн удирдахаа багасгаж дунд шатны менежерийнхээ эрх мэдлийг дээшлүүлж, тэдний удирдлагад төвлөрөг.

Үүний тулд чадварлаг дунд төвшний менежментийн багийг бүрдүүлж, өндөр үүрэг даалгаврын хариуцуулж, эрх мэдлийн дээшлүүлэх хэрэгтэй. Дунд шатны менежерийг дэмжин санаачилгатай байлгаж, алдахаас айлгүй, эрсдэлийг хүлээж авснаар дунд шатны менежерийн бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

#8. Зорилго болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хэлтэс тасаг бүрд бий болгох.

Стартап компанийн эхэн үеийн шийдвэр нь ихэнхдээ зөн совингоор гаргасан байдаг. Харин компани өсөхийн хэрээр шийдвэр гаргалт нь цуглуулсан мэдээлэл дээр үндэслэж, бүх компани даяар тогтмол хянаж байх шаардлага гардаг.

Байгууллагын төвшин болгоны удирдагч нар улирлын болон жилийн зорилгоо тодорхойлж, хянаж байх нь чухал. Гол гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн төвшин байгууллагын хэмжээнд ил тод байж, хоорондоо нягт холбоотой байх ёстой.

#9. Хатуу хяналтыг бий болгох

Компани өсөхийн хэрээр эрсдэл нэмэгдэж, үйл явц болон зардлын хяналт сулардаг. Шаардлагатай баримт бичиг болон дүрэм журмын дагуу нөөцийг хуваарилах, үйл явц, хэрэгжилтийг хангах тогтолцоог бий болгох явдал зайлшгүй гардаг.

#10. Чадварлаг хүний нөөцийн багийг бий болгох

Бүрдүүлэх, сургах, эрх мэдэл олгох болон чадварлаг ажилтныг тогтоож барихад маш их анхаарал, хүчин чармайлт шаарддаг бөгөөд энэ нь компанийн амжилтын үндэс болдог. Хүний нөөцийн дарга нь шууд гүйцэтгэх захиралтай харьцдаг байх хэрэгтэй. Учир нь хүний нөөцийн асуудал нь стратегийн хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд дээд удирдлагаар шийдвэрлэгдэх шаардлагатай.

Эцэст эдгээр стратегийг одоо байгаа нөхцөл байдалдаа тохируулан оновчтой ашигласнаар танай байгууллага өсөлтийн үе шатаа амжилттай даван туулж дараа дараагийн шатандаа хүчтэй өрсөлдөгчдийн нэг болон гарч ирэх болноо.


+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.