В.Баярсайхан: Бусаддаа өгөх 4 мессеж

В.Баярсайхан: Бусаддаа өгөх 4 мессеж


Анд Глобал компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайханы 2018 оны 5 сарын 26-ны өдөр ХХБанкны хувь хүний хөгжлийн клубын 400 гаруй залуустай хуваалцсан яриаг та бүхэнд толилуулж байна. Тэрээр туулсан түүхээрээ дамжуулан сурсан ойлгосон зүйлсээ “дөрөвхөн” мэссэжэнд багтаан хүргэсэн байна. Бүтнээр нь заавал цаг гарган үзээрэй! Бас найз нөхөд, дүү нартаа үзүүлээрэй гэж хүсмээр байна.

1) Өнөөдөр чиний хэн байх чинь огт хамаагүй. Ирээдүйд хэн болох гэж байгаа чинь л чухал.

Ихэнх хүмүүс би хөдөөнийх, гэр хорооллынх, надад боломж хомс, би гавал төрөөгүй, манай аав ээж бололцоо муутай, эсвэл намайг дэмжээд өгөх баян хамаатан садангүй гэж өөртөө шалтаг хайдаг. Өөрийгөө голдог. Гэхдээ эцсийн эцэст хүн бүрт 24 цаг л байгаа. Хүн бүр адилхан агаараар л амьсгалж байгаа. Магадгүй зарим хүн арай удаан сурдаг байж магадгүй, гэхдээ тэр нь сурч хөгжиж чадахгүй гэсэн үг биш. Зүгээр л бусдаас жаахан илүү хичээх хэрэгтэй л гэсэн үг. Өнөөдөр чиний хэн байх чинь үнэндээ чухал биш шүү. Харин 5-аас 10 жилийн дараа иймээрээ байвал чиний буруу. Ирээдүй дэхь ЧИ л чухал. Тэр ирээдүйн ЧИ-г бүтээхийн төлөө тэмүүл!

2) Гоншигнохоо яг одоо зогсоо! Учир нь гоншигнол, шүүмжлэл бол сэтгэцийн өвчин.

Ялангуяа Монголд эерэг үзэл бодолтой байх маш хэцүү. Учир нь эргэн тойрон чинь гоншигногчидоор дүүрэн. Утааны талаар гоншигноно, улс төрийн талаар гоншигноно, залхуу хойрогынхоо бурууг бусдад тохож гоншигноно. Өөрөөр хэлбэл дандаа бүх юмнаас өө харж, асуудал ярьж, өөрсдийнхөө ямар азгүйг ярьж гасална. Энэ бол миний бодлоор өвчин. Нийгмийн өвчин. Гэхдээ тэр өвчинөөс чи өөрийгөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Тийм найз нөхдөөс зайгаа барьж, тийм ажилтныг компаниасаа холдуул. Шийдэл ярьдаг, гэгээлэгээр харж чаддаг, арга замыг эрэлхийлдэг болж, өөрийн шууд нөлөөлж чадах зүйлсдээ бүх эерэг энергиэ зарж эхэлье.

3) Зогсонги байдал бол аюултай. Тиймээс байнга хөгж, өөрчлөгд, урагш тэмүүл.

Би сурчихлаа, төгсчихлөө, туршлагатай болчихлоо, ханачихлаа гэдэг бодол л хүний хөгжлийг зогсоодог. Чи хичнээн мундаг амжилттай явж байсан ч, цаана нь дахиад суралцах хөгжих бүхэл бүтэн ертөнц байнга байгаа. Байнга л урагшаа тэмүүлж, өчигдрийнхөө өөрөөсөө илүү бие хүнийг бүтээхийн төлөө байнга суралцаж, өөрийгөө сорьж, эрсдэл үүрч байж урагшилна. Бас амьдрал сонирхолтой.

Анд Глобал-н хамт олон Японы Rakuten группийг үүсгэн байгуулагч, CEO Хироши Микитанитай Израиль улсад.

4) Залуу нас богинохон. Тиймээс үнэхээр зүрх сэтгэлээсээ дуртай зүйлээ олж хий.

Ихэнх хүмүүс бусдад гоё харагдах гэж, эсвэл цалин хангамжинд нь болоод хүсээгүй ажлаа хийдэг. Энэ бол маш том алдаа. ” Залуу насаа” гэж хүмүүс оргүй хэлээгүй юм байна. Залуу насандаа “хүссэн зүйлийнхээ” төлөө бүх юмаа зориулаад үзсэн хүн л, алдсан ч оносон ч дараа нь харамсахгүй амьдардаг байх. Amazon-ы үүсгэн байгуулагч Жэф Безос томъёолохдоо “Харамсах боломжийг багасгах тактик (Regret Minimization Framework)” буюу залуу байхдаа, эрч хүчтэй байхдаа би ийм хүссэн зүйлээ оролдоод үздэг байж дээ гэж харамсахгүйн тулд үнэхээр хүссэн ажлаа олж хийгээрэй!

Мөн та бүхэн бичлэгийг дараах холбоосоор орж үзэх боломжтой шүү!!!

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.