Telegram: Идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 саяд хүрлээ

Telegram: Идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 саяд хүрлээ


3 дугаар сарын байдлаар #Telegram мессенжерийг 200 сая хүн идэвхтэй хэрэглэж байгаа талаарх статистик мэдээг тус байгууллагын албан хуудсанд үүсгэн байгуулагч П.Дуров нийтэлсэн байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Хэрэв уг апп улс байсан бол дэлхийн 6 дахь том улс болох байжээ.

Энэ бол бахадмаар амжилт. Компани өнгөрсөн хугацаанд ямар нэг маркетингийн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд тус өсөлт нь 100% хэрэглэгчдийн ачаар гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байна. Учир нь та найз нөхдөө ашиглахыг уриалж энэхүү асар том хэмжээний нэгдлийг бий болгосон гэж хэлж болно.

Бусад чатаас юугаараа онцгой вэ? Бид яагаад байнга энэ чатыг онцлоод байдаг нь хэд хэдэн шалтгаантай. Үүсгэн байгуулагч Павел Дуровын хэлж буйгаар Telegram апп гаднын буюу гуравдагч маркетерүүд, дата шинжээч болон засгийн газартай бага зэрэг ч гэсэн холбоогүй. Таны дата мэдээг хэнд ч зардаггүй гэсэн үг. Мөн ямар нэг томоохон нөлөө бүхий хувь эзэмшигч гэж үгүй. Ер нь бол одоо үүсээд буй Фейсбүүкийн хямралын үе шиг зүйл огт тохиохгүй. 50 сая хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авч ашиглан, сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэдэг бол гамшиг. Мэдээж хэрэг бид энд АНУ-н ерөнхийлөгч Трампын талаар ба түүний сонгуулийн PR-г гардаж хийсэн Cambridge Analytica компанийн талаар ярьж байгаа билээ.

Тийм ээ энэ л бидэнд хэрэгтэй байсан зүйлүүд, нууцлал, эрх чөлөө, хамгаалалт, хурд, найдвартай ажиллагаа гээд. 2013 оны 8 сард үүсгэн байгуулагдсан цагаас хойш тэд нэгж бит мэдээллийг ч гаднын гуравдагч талд өгөөгүй байна.

Магадгүй өнгөрсөн сард болсон үйл явдал үүнийг батлах биз.  ОХУ-н Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар уг чатыг ОХУ-д ашиглахыг хориглох хүсэлтийг шүүхэд өгсөн байна. Учир нь ЗГ-н хүсэлтийн дагуу ОХУ-н дотоодын тагнуулын байгууллагад арын хаалгаар аппд нэвтрэх цоожийг Telegram гаргаж өгөхөөс татгалзсан явдал байв. Мэдээж хэрэг энэ их ярвигтай, үр нөлөө ихтэй тул бид энэ талаар тусад нь мэдээлэл хүргэх болно.

Павелын багийн хувьд Telegram гэдэг бол зүгээр ч нэг ашгийн байгууллага эсвэл апп биш юм. Энэ бол санаа. Ямар санаа вэ гэхээр цэнхэр гараг дээрх хүн бүр эрх чөлөөтэйгөөр нэг нэгэнтэйгээ, бусдаас хамааралгүйгээр харилцаж холбогддог байх гэсэн үзэл юм.

Ах дүү Павелын хөгжүүлсэн энэ чатны боломж бололцоо энгийн нэг чат аппаас хэдийнээ хол тасархай түрүүлсэн. Он гараад 2 ч удаа хаалттай хүрээнд ICO явуулж хөрөнгө оруулагчдаас 1.7 тэрбум долларыг босгоод амжсан талаар Bloomberg мэдээллэв. Та бидний мэдэх Чингис бондоос үл ялиг их хэмжээ. Чадвартай 20 хүрэхгүй тооны залуус юу хийж бүтээж болдгийг харуулсан гайхалтай жишээ. Яагаад хаалттай хүрээнд хийв, юу тэднийг хөрөнгө оруулахад хүргэв. Өнгөрсөн оны төгсгөлд Павел Дуров TON (Telegram Open Network) нэртэй блокчейн сүлжээг нэвтрүүлэхээр зэхэж буйгаа мэдэгдсэн явдал байв. Мөн тус сүлжээд (GRAM) нэртэй өөрсдийнх нь криптвалют бий болох юм. Та боддоо 200 сая идэвхтэй хэрэглэгчтэй апп бэлэн платформ дээрээ койн нэвтрүүлж байна гээд. Криптокойны уналтыг зарим нэг хүмүүс Павелын сэдсэн энэ том төсөлтэй холбоотой гэж тайлбарлах нь ч бий.

Та сонирхож байвал бидний өмнө бичсэн танилцуулга нийтлэлийг эндээс уншаарай.

Удахгүй бид бүртгэлтэй хэрэглэгчдэд Telegram-г ямар зориулалтаар хэрхэн яаж өргөн боломжоор ашиглаж болж байгаа талаарх маш сонирхолтой нийтлэлийг хүргэх болно.