Дэлбэрсэн Falcon 9 пуужинтай хамт Facebook-н хиймэл дагуул устжээ

Дэлбэрсэн Falcon 9 пуужинтай хамт Facebook-н хиймэл дагуул устжээ


9 дүгээр сарын нэгний өдөр хичээлийн шинэ жил эхэлсэн гэрэлт сайхан өдөр байсан боловч технологийн хувьд хар түүх болон үлдсэн юм. Өнгөрсөн 4 дэх өдөр Канаверал тохойд байрлах SpaceX компанийн туршилтын талбай дээр Falcon 9 пуужин дэлбэрсэн билээ. Тус пуужин 9-р сарын 3-ны өдөр даалгаварт хөөрөх төлөвлөгөөтэй байсан бөгөөд компани уламжлалт ёсоор 1-ны өдөр нь хөдөлгүүрийн ажиллагааг шалгахаар туршилт явуулах гэж байв. Гэвч гэнэт осол гарч ойр орчмын 2-3 км газрыг хамарсан хүчтэй дэлбэрэлт болж пуужин болон түүн дээр байсан ачаа болох хиймэл дагуул хоёр юу ч үгүй устсан байна.

SpaceX гэлтгүй бусад бүхий л сансрын тээврийн компаниуд хөөргөлт хийхийнхээ өмнө хөдөлгүүрийн ажиллагааг шалгасан статик туршилтыг байнга явуулдаг аж. Туршилтын үед пуужин ачаатай байх тохиолдол ч бий. Аль эсвэл ямар нэг ачаагүй ч байна. Энэ удаад бол Facebook компанийн $200 сая долларын үнэтэй хиймэл дагуул хамт байж таарав. Facebook компани Amos-6 хиймэл дагуулыг Internet.org төслийн хүрээнд анх удаа хөөргөх гэж байсан юм. Улмаар тус хиймэл дагуулын тусламжтай Марк Зукерберг Африкийн буурай хөгжилтэй орнуудад үнэгүй интернет түгээж дэлхийг холбох гэсэн амбицтай төлөвлөгөөнийхөө үргэлжлэлийг тавих учиртай байлаа.

Ослын шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа ч үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маскын хэлж буйгаар бол дэлбэрэлт түлш хийх явцад буюу эхний шатны хүчилтөрөгчийн баллоноос болж үүссэн байна. Туршилтын талбайд хүний оролцоо байдаггүй тул эрдэнэт хүний амь нас үрэгдээгүй юм. Маркын хувьд тэрээр нэлээн сэтгэл дундуур байгаагаа өөрийнхөө сошиал хаягаар дамжуулан илэрхийлсэн байна. Тэрээр үнэтэй хиймэл дагуулаа алдсандаа бус харин төлөвлөгөөт ажил нь саатсан явдалд л ихээхэн бухимдсан бололтой. Гэхдээ Маркад Internet.org төслийн хүрээнд хийж байгаа зэрэгцээ төсөл болох агаараас интернет түгээх Aquila дрон онгоц бас бий.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.