Ангараг гарагийн симуляц доторх нэг жил

Ангараг гарагийн симуляц доторх нэг жил


Ангараг гараг буюу Марс дээр хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт амьдарч магадгүй юм. Тийм ээ бид нэг бус харин хоёр гарагтай, гараг хоорондын тээвэртэй болно гээд боддоо. Нэг ёсондоо бол хүн төрөлхтөнд нөөц гараг зайлшгүй хэрэгтэй. Учир нь хүн амын өсөлт, хэрэглээ, цаг уурын өөрчлөлт энэ эрчээрээ үргэлжлэх  юм бол бидэнд нэг бус харин гурван ч дэлхий зайлшгүй хэрэгтэй болно. Марс гараг дээр хүн төрөлхтнийг аваачих, анхны оршин суугчдыг суурьшуулах зорилготой хэд хэдэн хүн болон байгууллага бий. Тэдний нэг болох NASA жилийн өмнө сайн дурын залуусын нэгэн төслийг санхүүжүүлж хамтран ажилласан байна. Нэг жилийн хугацаанд Марс гарагийн симуляц дотор үргэлжилсэн тус төсөл 28-ны өдөр албан ёсоор амжилттай дуусчээ.

Астробиологич, физикч, нисгэгч, зохион бүтээгч, сэтгүүлч, хөрс судлаач мэргэжилтэй  6 залуу HI-SEAS (Hawaii Space Exploration Analog and Simulation) нэртэй төслийг санаачилж, NASA-аас санхүүжилт аван төслөө амжилттай хэрэгжүүлжээ. Симуляцийг Марс гарагийн үржил шимгүй гадаргуутай хамгийн төстэй газар болох Хавай арал дээрх унтарсан галт уулын хажууханд, тусгай бүсэд байгуулсан байна. Симуляци гэдэг нь урьдаас бүх зүйлийг нь бэлдэж тохируулсан зохиомол орчин юм. Оролцогчид 9-г харьцах нь 6 метрийн хэмжээтэй дугараг байранд байрлаж, хоол хүнс, эрчим хүчний хязгаарлагдмал орчинд нэг жилийн хугацаанд амьдарчээ. Тэдэнд 4 сар тутамд хоол хүнс, харин 2 сар тутамд цэвэр усны нөөцийг нь дахин дүүргэж өгөх аж. Хэрвээ гадагш гарах бол зориулалтын сансрын өмсгөл өмсөж яг л улаан гараг дээр буй мэтээр ажилладаг байна. Хэрвээ та “Марсын Иргэн” уран сайхны киног санаж байгаа бол яг л түүн дээр гардаг шиг орчин нөхцөлд амьдарна гэсэн үг л дээ.

Дугараг оромжны дотор тал

Мөн NASA-н зүгээс нэг жилийн хугацаанд янз бүрийн сорилтыг тэднээс авсан байна. Эрчим хүчний саатал, эвдрэл гэмтэл гарах, хүчил төрөгчийн хомстолд орох гэх мэт зохиомол аюулын орчин үүсгэн багынхны сэтгэл зүй, хариу үйлдэл зэргийг нарийн судалжээ. Тус туршилт нь NASA-н анхных биш бөгөөд өмнө нь 4 болон 8 сарын хугацаатай хоёр ч туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэ удаагийнх хамгийн урт хугацаатай гэдгийг онцлох хэрэгтэй.

28-ны өдөр сайн дурын оролцогчид гэр гэртээ харьж харин NASA нэг жилийн хугацаанд HI-SEAS симуляциас цуглуулсан өгөгдлөө боловсруулах томоохон ажилдаа шамдан оров. Тусгаарлагдмал орчинд жилийн хугацаанд байснаар хүмүүсийн сэтгэл зүйд ямар нөлөө, өөрчлөлт гарч байгаа нь тун сонирхолтой. Яг үүнтэй ижил төсөл дахин 2 удаа явагдах бөгөөд 2017 оны 1 дүгээр сард дараагийнх нь эхлэх бололтой. NASA-н зорилго бол 2030 он гэхэд хүн төрөлхтнийг Марс дээр аваачих юм.

hiseas3

HI-SEAS төслийн 6 гишүүн нэг жилийн хугацааг Марс гарагийн симуляц дээр өнгөрөөв

Бас нэг сонирхолтой зүйл бий. Тус төслийг олж дуулсан залуухан хоёр кино уран бүтээлч бүсгүй болох Lauren DeFelippo, Katherine Gorringe нар төслийн талаарх Red Heaven нэртэй баримтат киног бүтээж байгаа аж. Тэд уран бүтээлийн төслөө санхүүжүүлэх үүднээс Kickstarterаар дамжуулан олон нийтээс санхүүжилт босгож байгаа юм байна. Улаан гараг яагаад хүмүүсийн анхаарлыг ингэж их татах болов? Хүн төрөлхтний ирээдүйд ямар үүрэг, ач холбогдолтой болохыг тус кино харуулах биз ээ.

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.