Walmart онлайн худалдааны Jet.com-г $3,3 тэрбумаар өөртөө нэгтгэв

Walmart онлайн худалдааны Jet.com-г $3,3 тэрбумаар өөртөө нэгтгэв


АНУ-н хамгийн том, өргөн хэрэглээний барааны сүлжээ дэлгүүр болох Walmart онлайн худалдааны Jet.com-г$3.3 тэрбумаар авч байгаагаа 8 сарын 8-ны өдөр албан ёсоор зарласан байна. 3 тэрбумыг бэлнээр өгч үлдсэн 300 сая долларт нь Walmart-н хувьцааг өгөх юм. Jet-г үүсгэн байгуулагч Marc Lore болон тус компанийн топ-менежерүүд бүгд Walmart-н харьяанд орох бололтой. Одоогоор яг ямар албан тушаал, хэлтэст орох нь тодорхойгүй байгаа ч Marc-н хувьд онлайн худалдааны хэсгийг ахалж магадгүй юм.

Walmart Jet.com-г худалдан авснаар онлайн худалдааны зах зээл дээрх байр сууриа ахиулж, шинэ хэрэглэгчдийг татах боломжтой болох юм. “Бид үргэлж үнийг буруулах, сонголтыг  нэмэгдүүлэх , худалдан авалт хийх хамгийн хялбар аргыг санал болгохыг хичээж ирсэн. Манай үйлчлүүлэгчид ч үүнийг хүсэж байгаа.” -хэмээн Walmart-н CEO Doug McMillon компанийн веб хуудсан дээр бичжээ. Интернет худалдааны хүчин чадлаа нэмсэн уг үйл явдлыг Amazon компанитай өрсөлдөх нэг алхам гэж ойлгож болно.

Recode сайтын мэдээлж буйгаар Walmart-н онлайн худалдаа жилийн 14 тэрбум долларын эргэлттэй бол гол өрсөлдөгч болох Amazon компанийнх 99 тэрбум доллар. Цаашид Jet.com бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах бөгөөд хэлцэл амжилттай явагдсаны дараа ч тэр Walmart зөвхөн захиалгын хүргэлтийг хариуцаж харин Jet-нхан хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн санал болгох, сайтын хөгжүүлэлт, идэвхжүүлэлт зэрэг зүйлс рүү төвлөрөн ажиллах аж.

Jet-г үүсгэн байгуулагч залуу Marc Lore өмнөх стартап компани Quidsi болон түүнд харьяалагдах онлайн худалдааны 9 платформоо Amazon компанид 545 сая доллараар худалдаж байжээ. Харин энэ удаа Walmart-д 3.3 тэрбум доллараар. 2013 онд үүсгэн байгуулагдсан тус компани Bain Capital Ventures, Accel Partners, General Catalyst Partners, Goldman Sachs, Google Ventures зэрэг венч сангуудаас нийт 565 сая долларын санхүүжилт босгосон байв. Хоёр компани нэг нэгнийхээ технологийг харилцан ашигласнаар одоо байгаагаасаа илүү сайжирч, хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болно хэмээн үзэж буй бололтой.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.