SpaceX-н өмнөх оролдлого амжилтгүй болсон хэдий ч энэ удаа гайхалтай байлаа

SpaceX-н өмнөх оролдлого амжилтгүй болсон хэдий ч энэ удаа гайхалтай байлаа


Элон Маскын алсын хараа бол хүн төрөлхтнийг Улаан гараг дээр аваачиж, Марс гарагийг колоничлох явдал. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд түүнд өртөг багатай, дахин ашиглагдах пуужингууд хэрэгтэй юм. Түүний үүсгэн байгуулсан сансар судлал, пуужингийн үйлдвэрлэл, сансрын тээврийн үйлчилгээ үзүүлэгч SpaceX компани дахин ашиглагдах зориулалт бүхий Falcon 9 пуужинг хөгжүүлэн олон ч удаа туршиж байгааг  уншигч та бүхэн сайн мэдэж буй биз ээ. Хэдийгээр компани эргэн газардах туршилтыг хэд хэдэн удаа амжилттай хийсэн ч сүүлийнх дээр Falcon 9 пуужин дрон тавцан дээр газардсаны дараахан тогтолгүй осолдсон билээ.

Өнөөдөр өглөө буюу 18-ны өдрийн 04:45 минутад SpaceX компани ОУСС уруу ачаа хүргэх 9 дэх ээлжийн Dragon хөлгөө эх дэлхийгээс хөөргөсөн байна. Тус даалгаврын нэг чухал хэсэг нь Dragon хөлгийг орбитоос гаргасан пуужинг эргүүлэн эх газар дээр амжилттай газардуулах явдал байв. Dragon  хөлөг 10 орчим минутын дараа пуужингаас салж ОУСС хүрэх замдаа гарч харин пуужин эргэн Cape Canaveral Air Force Station-ы нэг дүгээр бүсэд ямар ч асуудалгүй газардсан байна.

elon crs-9

Хэдийгээр SpaceX компани түлш хэмнэх үүднээс пуужинг далай дээр хөвөх дрон тавцан дээр газардуулахыг оролдож байсан ч өнгөрсөн удаагийн бүтэлгүйтлээс болоод эх газар дээр буулгажээ. Пуужин амжилттай газардсаны дараа тус компанийг үүсгэн байгуулагч Элон Маск өөрийн твиттер хуудаснаа Falcon 9-г ямар ч асуудалгүй, эргэн хөөрөхөд бүрэн бэлэн байдалтай газардсан болохыг жиргэжээ. Энэ бол компанийн эх газар дээр буулгасан 2 дахь, нийт 5 дахь амжилттай туршилт юм. Гэхдээ энэ бүхэн ердөө эхлэл. Компани ашиглагдсан пуужингаа ахин огт ашиглаагүй байгаа. Өнөөдрийн амжилттай туршилт, Маскын жиргээнээс үзвэл SpaceX компани ирэх 9 эсвэл 10 сард амжилттай газардуулсан 5 пуужингийнхаа нэгийг дахин хөөргөх төлөвтэй байна. Хэрвээ та Falcon 9 болон Марсын төлөвлөгөөний талаар илүү ихийг олж мэдэхийг хүсвэл манай өмнөх постуудыг олж үзээрэй. Ингээд өнөө өглөөний даалгаврын дүрс бичлэгийг таалан үзнэ үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.