Техник хангамж, тоног төхөөрөмжийн цахиурын хөндий болох Шэньжэнь хот

Техник хангамж, тоног төхөөрөмжийн цахиурын хөндий болох Шэньжэнь хот


Уншигч та бүхэн Калифорни мужид байрлах Цахиурын хөндий хэмээх газрын талаар сайн мэдэх байх. Шинэ санаа, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн гээд инновацийг төрүүлж, ирээдүйг бүтээж байдаг газар. Мөн томоохон технологийн компаниуд болон олон ч стартапуудын төрөлх нутаг юм. Таны сайн мэдэх Microsoft, Intel, Google, Yahoo, Facebook бүгд л цахиурын хөндийгөөс гаралтай технологийн компаниуд. АНУ-н мэдлэгийн эдийн засгийн үүсэл хөгжил яг л энэ газраас эхэлсэн түүхтэй. Тус улсын чухал бүс хэмээн хэлсэн ч болно.

Улс орон бүр өөрийн гэсэн цахиурын хөндийтэй болох зорилт тавин ажиллаж байна. Япон, Хятад, Канад, ӨАБНУ, Австрали, Англи, Шинэ Зеланд, ОХУ гээд томоохон улс орнууд өөрсдийн цахиурын хөндийг бий болгох үүднээс стартап компаниудад хамгийн ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж тэднийг татах гэж ихэд хичээх болжээ. Ихэнхдээ нэг хотоо өндөр технологийн хот болгон хувиргаж, бүхий л шаардлагатай дэд бүтэц, орчинг нь бүрдүүлдэг бол зарим нэг улс орон тэр чигтээ стартап улс болохыг зорьж буй бололтой. Байгалийн арвин баялаг нөөцгүй, хүн ам цөөнтэй хирнээ өндөр хөгжилд хүрсэн улс орны жишээнээс үүнийг та харж болно. Жишээлбэл үүнд Сингапур, Израиль, Эстон, Өмнөд Солонгос зэрэг улсыг нэрлэж болно. Израиль улс бол өөрсдийгөө стартап үндэстэн хэмээн нэрлэдэг. Өмнөх болон шинээр гарсан технологи бүхний ард Израильчууд байдаг гэхэд болно. Эстон улсын хувьд гэвэл Э-стон хэмээх хочтой. Учир нь тус улс бүрэн цахимжаж, интернетийг иргэний суурь эрх хэмээн зарласан анхны улс болсон. Мөн бүх нийтийн сонгуулиа анх удаа цахимаар явуулсан улс болж чадсан юм. Харин Өмнөд Солонгос улсын технологийн хөгжил хаана явааг та бүхэн хангалттай сайн мэдэх биз ээ.

Стартап үндэстэн болохоор хүчтэй зүтгэж буй дараагийн улс бол бидний урд хөрш БНХАУ. Сүүлийн хэдэн жилүүдэд венч хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжилт авсан тоогоороо Хятадын стартап компаниуд зөвхөн АНУ-н дараа л бичигдэж байгаа. Энтрепренершипын эцэг хэмээн нэрлэгддэг Стив Бланк хүртэл нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. “Бээжин хот энтрепренершипын 30 жилийн туршлагыг ердөө 5 жилийн дотор хэрэгжүүлж чадсан. Энэ бүхэн намайг үнэхээр их гайхшруулсан.” Хятадын технологийн компаниуд дэлхийн зах зээл дээр хүч төрөн гарч ирж буй бодит жишээг уншигч та бүхэн Alibaba, Tencent, Huawei, Xiaomi, Oneplus, FF зэрэг компанийн үйл хөдлөлөөс тод харж байгаа байх.

Wired сэтгүүл Хятадын техник хангамжийн цахиурын хөндий болсон Шэньжэнь хотыг онцолж 4 цуврал бүхий сонирхолтой нэгэн баримтат киног хийсэн байна. 35 жилийн өмнө загасчдын тосгон байсан тус хот өнөөдөр 20 сая хүн амтай мега-метрополис хот болон томорчээ. Хүн амын огцом өсөлт нь 80-90 оны хооронд эрчимтэй явагдсан байна. Учир нь засгийн газраас Хонг-Конгтой хил залгаа орших тус хотыг эдийн засгийн тусгай бүс болгон зарласантай холбоотой аж. Shengzhen хот бол өргөн хэрэглээний цахилгаан байраа үйлдвэрлэлээрээ алдартайгаас гадна томоохон брендүүдийн дуураймал бүтээгдэхүүн хийдгээрээ ч алдартай. Энэ хотоос стартап компаниуд ихээр төрөн гарах болсон байна. Тэр тусмаа техник хангамжийн компаниуд. Баримтат киноны найруулагч Jim Demuth-н хэлж буйгаар энд ирж санаагаа бодит болгон загвар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь дэлхийн хаанаас ч 10 дахин хурдан аж. Та Huaqiangbei дүүрэгт орших зах дээрээс ямар ч эд ангийг хамгийн хямд бас хурдан олж, захиалах боломжтой. Дэлхийн үйлдвэрлэлийн хот болох Шэньжэньд санаагаа барин ирвэл түүнийг тань хийж өгөх асар олон хүн төвөггүй олдох болно. Та Apple-н бус харин өөрийн компанийн логотой 500 ширхэг iPhone утас авмаар байна уу ? Ямар ч асуудалгүй.

“Өөрөө нэг бүхэл механизм байхын оронд хамтдаа нийлээд мөнгө олж чадах үр ашигтай механизмын нэг эд анги, араа байсан нь тэдний хувьд тааламжтай. “

 Jim Demuth  

Та мөн маш төгс дуурайлган хийсэн iPhone, Samsung Galaxy утас, Beats чихэвч зэрэг олон бүтээгдэхүүнийг эндээс олж болно. Дуурайлган хийсэн загвараа тэд shanzhai хэмээн нэрлэнэ. Тэдний хувьд энэ бол дуурайлган хийх явц биш бөгөөд тэс өөр зүйлийг илтгэдэг байна. Мөн та бүхэн тус киноноос HAX хурдасгуур зэрэг тус хотын стартап эко системийг бүрдүүлэгч олон газрын талаар олж мэдэх болно.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.