Стартап компанид хөрөнгө оруулагч хөлбөмбөгчид

Стартап компанид хөрөнгө оруулагч хөлбөмбөгчид


Евро 2016-н хасагдах шатны тоглолтууд эхэлсэнтэй холбогдуулан та бүхэнд хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэх гэж байна. Топ клубүүдэд тоглодог дэлхийн зэрэглэлийн, мэргэжлийн тамирчид асар өндөр цалинтай байдгийг та бүхэн сайн мэдэх байх. Тамирчид ихэнхдээ хөрөнгө мөнгөө чамин тансаг унаа, хувцас, байр гэх мэт өөрийгөө зугаацуулах зүйлүүдэд зарцуулдаг бол зарим нэг нь арай өөр бодолтой байдаг бололтой. Эдгээр дээд түвшний тамирчид бол төрөлхийн ялагчийн шинж чанар, сэтгэхүйтэй хүмүүс юм. Тэд хэзээ хаана зогсохоо үл мэднэ. Спортын хүрээнээс гарсан ч тэр. Дийлэнх тамирчид хөрөнгөө уламжлалт буюу баталгаатай, мэдэгдэхүйц зүйл рүү оруулдаг. Харин зарим нь илүү их эрсдэлтэй, тренд болоод буй капитал байршуулах шинэ аргыг ашиглах болжээ.

Хөлбөмбөгчид технологийн ертөнцөөс хөндий хэдий ч тэд стартап компанийг хөрөнгө оруулалт, боломж мэтээр харах болжээ. Өөрийн нэр хүнд, сошиал хаягуудын тусламжтай нийгмийн сүлжээнд буй олон сая шүтэн бишрэгчдээ ашиглана гэсэн үг л дээ. Тэд өөрийн хөрөнгө оруулсан стартап компанидаа олон хэрэглэгч татахад нь туслах, өсөлт үзүүлэх, нэмэлт санхүүжилт татахад нь дэмжлэг үзүүлнэ. Ингээд та бүхэнд хөрөнгө оруулагч, стартап компаниудыг дэмжигч хөлбөмбөгчдийг танилцуулах гэж байна.
Beckham

#1. Дэвид Бекхэм (Манчестер Юнайтед, Реал Мадрид, Милан, PSG, Английн шигшээ баг) – торгуулийн цохилтын их мастер, загварын ертөнцийн нүүр царай, үлгэр жишээ аав. Гайхамшигт баруун хөлийн цохилтоороо олон ч хамгаалагч, хаалгачдыг сандаргаж явсан гэдгийг дэмжигч та бүхэн сайн мэдэх биз ээ. Мөн Spice Girls хамтлагийн дуучин Виктория Адамстай гэрлэсэн гээд онцлох зүйл түүнд их бий.

Бекхэмийг маш олон зүйлд сонирхолтой гэдгийг үүсгэн байгуулсан хөлбөмбөгийн академи, хийсэн баримтат кино, хувцас загварын нүүр царай, НҮБ-н элч, Лондонгийн 2012 оны Олимпын наадмын зохион байгуулалтын багт орж ажилласан гээд түүний хийж бүтээж буй зүйлсээс олж харж болно.

2015 оны зун тэрээр MyEye стартап компанийг анхааралдаа авчээ. Эхлээд хэрэглэгч болж харин дараагаар нь ойролцоогоор 1 сая фунт стерлингийн санхүүжилтийг хийсэн байна. MyEye бол Periscope-тэй ижил шууд дамжуулалт цацдаг апп юм. Хэдийгээр тэрээр тус аппийн нүүр царай биш боловч албан бус төлөөлөгчийн ажлыг маш сайн хийдэг аж. Бекхэмийг хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг албан ёсоор зарласны дараах 48 цагийн дотор тус аппийг 4 сая гаруй хүн утсан дээрээ татан авч суулгасан байна.

Lewa

#2. Роберт Левандовски (Боруссия Дортмунд, Бавария, Польшийн шигшээ баг) – өнөө цагийн шилдэг довтлогч, дэмжигч олныг уран гоёмсог гоолоороо гайхшруулагч. Багт ялалт авчрахад хамгийн нөлөөтэй хүн гэж хэлж болно. Үргэлж зөв цагтаа зав газраа байж чаддаг гайхалтай хувийн үзүүлэлттэй тамирчин.

Бавари гэсэн дэлхийн топ клубт тоглож байгаа хүн жил бүр хүртэж болох бүхий л цомыг гардаж авахын тулд цаг зав, анхаарал гээд бүгдийг нь мэргэжлийнхээ ажилд зориулах ёстой. Тийм ч учраас Левандовски санхүүжилт хийх зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авдаг байна. Эдгээр мэргэжилтнүүд Левад Scondoo хэмээх Германы интернет стартап компанид хөрөнгө оруулахыг зөвлөжээ. Тус үйлчилгээ нь супермаркет, худалдааны төвүүд рүү чиглэсэн бөгөөд хэрэглэгчдэд хямдралтай бараа бүтээгдэхүүнийг олоход нь тусалдаг юм байна. Тун амжилттай яваа стартап.

iniesta

#3. Андреас Иньеста (Барселона, Испаниин шигшээ баг) – Дэлхийн болон Европын хамгийн дутуу үнэлэгдсэн тоглогч. Яагаад гэвэл өдийг хүртэл “Алтан бамбөг” шагналыг хүртэх эрхтэй ч хүртээгүй байгаа юм. 10 гаруй жилийн турш шигшээ баг болон клубынхаа манлайлагчдын нэг байж чадсан. Чимээгүй домгийн хувийн амьдрал нь ч гэсэн нам гүн, даруухан гэж хэлж болно. Яг л энэ хандлагаараа тэрээр өөрийн хөрөнгөндөө ханддаг бололтой. Гэхдээ мөнгөө дэр эсвэл гудсан доороо нуухыг хэлээгүй юм шүү. Няхуур тэрээр FirstV1sion гэх стартап компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Иньестааг албан ёсоор зарлах хүртэл бараг хэн ч энэ талаар мэдээгүй байсан аж.

FirstV1sion бол өндөр нягтаршилтай бичил камер үйлдвэрлэгч. Тус компанийн анхны зорилго энэхүү бичил камерыг тамирчны хувцсанд суулгаж тухайн хүний харах өнцгөөс бичлэг хийх байв. Яг л тухайн тамирчны харж буйг харна гэсэн үг юм.

Ronaldo

#4. Криштиан Роналду (Спортинг, Манчестер Юнайтед, Реал Мадрид, Португалийн шигшээ баг) – түүнийг танилцуулах нь илүүц юм. Манай гарагийн шилдэг хөлбөмбөгчинд бүх зүйл бий: сум шиг цохилт, толгой эргэм хууралт, галзуу хурд, толгойгоороо тоглох чадвар, амбиц, эзэн хааны зан чанар гээд. Тэр бол давамгайлагч, нөхцөл байдлыг гартаа авахын тулд тэр бүхнийг хийх болно. Гагцхүү бүх зүйл түүнээс хамаарч байх ёстой. Энэ их авьяас чадварын нөгөө талд орших түүний эго зан зарим нэг дэмжигч, багийн хамтрагчдад нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг биз ээ.

Роналду 2012 онд нутгийнхаа Mobitto гэх стартап компанид хөрөнгө оруулалт хийжээ. Тус апп хэрэглэгчдэд тухайн хайж буй барааг нь хамгийн хямдаар, хамгийн ойроос авахад нь тусалдаг аж. Хэрэглэгчид аппаар дамжуулан худалдан авалт хийх бүрдээ нэмэлт оноо цуглуулж дараагийн худалдан авалтдаа ашиглаж болдог байна. Харамсалтай нь Mobitto чамлахаар амжилтыг үл олсон бололтой.

Роналду өөрийн гэсэн дотуур хувцас, үнэртэй усны бренд бүтээгдэхүүнтэй. Өнгөрсөн онд гэхэд л тэрээр зочид буудлын бизнест томоохон хөрөнгө оруулалтыг хийж тус салбарт өөрийн анхны ул мөрөө үлдээх нь тэр. Pestana Hotel Group-н 4 өөр газарт баригдах шинэ зочид буудлын төсөлд 40 сая ам. долларын санхүүжилтийг хийснээр группийн хувьцаанаас эзэмших болжээ.

Эдгээр тамирчдаас гадна Робин ван Перси, Цеск Фабрегас болон Тьерри Анри нар Английн Grabyo гэх стартап компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус апп нь мөн шууд дамжуулт хийх бөгөөд тухайн бичлэгээс дурын хэсгийг нь таслан авч нийгмийн сүлжээгээр түгээж болно. Зар сурталчилгааны ачаар тус апп контент бүтээгчдэд төлбөр төлөх болсон байна. Спортын одууд өөрсдийн хувийн сошиал хаягуудаараа хөрөнгө оруулалт хийсэн төслөө сурталчилж олон хэрэглэгч татахад нь хүчтэй дэмжлэг үзүүлдэг аж.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.