Та интернет орчин дахь нэрийн хуудсаа үүсгэсэн үү

Та интернет орчин дахь нэрийн хуудсаа үүсгэсэн үү


Өнөөдөр уншигч та бүхэндээ нэгэн гайхалтай хоёр сайтыг танилцуулах гэж байна. Ижил төрлийн үйлчилгээ явуулдаг, нэг зорилготой хоёр сайт гэсэн үг л дээ. Тэдний зорилго бол интернет орчинд байрших таны сошиал хаягуудыг нэгтгэж, бяцхан танилцуулгыг тань үүсгэх юм. Нэг ёсондоо сошиал нэрийн хуудас гэж хэлж болно. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд нэрийн хуудас бол харилцааны салшгүй нэгэн хэсэг. Албан ажлын харилцаа тогтоох, анх удаа уулзах, танилцах үедээ бид нөгөө хүндээ холбоо барих утас, хаягаа бичсэн өөрийн нэрийн хуудсаа өгдөг билээ. Өнөөдөр хүн бүр л өөрийн гэсэн нэрийн хуудастай болсон байна.

Гэхдээ нэг бяцхан зөрчил үүсээд байгаа юм. Өнөө үед хүн бүр л дор хаяж хоёр э-мэйл хаяг, 3-аас 4 мессенжер, сошиал суваг, олон тооны SaaS бүтээгдэхүүн ашиглах болж. Шинэхэн танилцсан өнөөх хүн чинь өөрийнхөө тогтмол ашигладаг сувгаараа тантай холбогдохыг илүүд үзнэ. Та мөн тэрхүү сувагт нь хаягтай бол ингээд л харилцахад асуудалгүй болж байгаа юм. Эсвэл сонирхдог зүйлийнхээ орчинд харилцаж харилцаагаа тодорхой хязгаарт барьж болох юм. Та хобби, сонирхлынхоо хүрээнд нэгэн хүнтэй шинээр танилцлаа гэж бодъё. Холбоо барих хаягаа өгөмөөр байдаг даанч албан ажлын нэрийн хуудас л байгаад байдаг. Ул нь ажлын хүрээнд биш сонирхлынхоо хүрээнд холбогдож байвал зүгээр байдаг. Ингээд та өөрийнхөө ашигладаг бүхий л сувгуудыг нэрийн хуудсан дээрээ оруулах эсвэл өөр нэг нэрийн хуудас хэвлэх хэрэгтэй боллоо. Messenger, Whatsapp, Telegram, э-мэйл, Facebook, Twitter, ЛинкедИн, Instagram, Thumbler, Flickr, Blogger гээд нэлээн хэдэн зүйл оруулах гэсэн боловч 5 x 8 см харьцаатай өнөөх жижигхэн цаасан дээр багтахгүй шинжтэй. Хэтэрхий их зүйл оруулчхаар өнгө үзэмж дээр онцгүй болох гээд байдаг. Тэгвэл яг л энэ асуудлыг одоо танилцуулах хоёр сайт бүрэн шийдэх болно.

Ямар давуу тал, боломжтой вэ? Танд нэг хуудас өгөгдөх бөгөөд эхний ээлжид та өөрийн зураг, нэр, бяцхан танилцуулгаа оруулна. Ингэснээр тухайн хуудас уруу хандсан хүн хэний хуудсыг үзэж байгаагаа олж мэднэ. Дараагаар нь та хүсвэл одоо эрхэлж буй ажил, төгссөн сургууль зэрэг мэдээллээ оруулж болно. Үүний дараа та гол зүйл болох өөрийн бүхий л сошиал хаягуудаа тус хуудсандаа оруулж өгнө. Одоо хуудасныхаа харагдацийг бага зэрэг янзлаад нийтлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Бүх зүйл 100% бэлэн болохын тулд та өөрийн холбоосыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл би about.me/bolor гэх хаягыг сонгож авсан байгаа. Зарим нэр нь давхцаад авч болохгүй тиймээс эртхэн л ашиглавал давуу талтай. Дээрх хаягаар хүмүүс миний сошиал нэрийн хуудас уруу хандах юм. Олон хаяг нэрийн хуудсан дээрээ байршуулж байхаар дээрх ганц хаягыг тавихад л хангалттай.

Хэн ашиглах хэрэгтэй вэ? Сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч, энтрепренер, улс төрч, зохиолч, дизайнер, хөгжүүлэгч, оюутан сурагч, дэлгүүрийн эзэн гээд хэн ч байж болно.

#1. About.me

2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2010 онд нийтэд нээлттэй болсон. Ер нь бол зах зээл дээр танигдчихсан. Үнэгүй ашиглах сонголттой хэдий ч илүү ихийг хүсэж байвал төлбөртэй сонголтыг сонгож болно. Ашиглахад тун хялбар. Онцлох зүйл гэвэл Spotlight гэсэн боломжтой. Энэ нь таны хуудсанд хандсан хүнд яг юу хийх ёстойг хэлж өгнө. Хэрвээ та чөлөөт уран бүтээлч бол таны spotlight “хамтран ажиллах” гэсэн товчлуур байна. Би өөрийн хуудсыг доор оруулав. Та бүхэн яг ямар байдалтай харагдахыг доорх зургаас хараарай. Бас нэг гайхалтай боломж нь та Gmail-дээ about.me хуудсаа гарын үсэг болгон ашиглах боломжтой. Э-мэйл хүлээн авсан хүн захианы доор байрлах signature дээр даран таны хуудсаар зочилж таны талаар илүү ихийг мэдэх болно.

aboutme

Нөхцөл: Үнэгүй/ Pro 48$/жилд
Нэмэлт боломж: Дурын домайн хаяг холбох, Spotlight тохиргоо, Брендинг арилгах, Зураг нэмэх
Ашиглах: https://about.me

#2. Carrd

About.me-тэй төстэй гэж хэлж болно. Хэрэглэхэд маш хялбар, энгийн бүтэцтэй. Гэхдээ боломж нь хамаагүй илүү. Яагаад гэвэл About.me 3 төрлийн загвартай бол Carrd нь бэлэн 16 загвартайн дээр та өөрийн хүссэн загвартай нэг-хуудас бүхий сайтаа хийж болно. Хувь хүний танилцуулга хийхэд илүү чиглэсэн боловч та ном аппликейшн, клуб, арга хэмжээний зэрэг нэг хуудсанд багтах бүхий л танилцуулгыг хийх боломжтой. Доор би мөн л өөрийн хувийн хуудсыг орууллаа. Доорх зургаас та миний холбоосыг олж харж байгаа байх. Ардаа тус сайтын нэрийг агуулсан байна. Хэрвээ та төлбөртэй хувилбарыг сонговол өөрийн хүссэн домайнаа холбож болно. Жишээлбэл энэ хуудас bolor-erdene.mn гэсэн хаягтай болж болно.

carrd

Нөхцөл: Үнэгүй / Pro 19$/жилд
Нэмэлт боломж: : Дурын домайн хаяг, форм болон виджет үүсгэх,Google Analytics холбох, 10 сайт үүсгэх г.м
Ашиглах: https://carrd.co

Эхний уулзалтаар хүнд эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэдэг үнэн дээ л хэцүү. Тухайн хүн таны ямар мундаг, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч болохыг нэг уулзаад л мэдчихгүй. Магадгүй таны сошиал нэрийн хуудас уруу хандаж өмнө нь юу хийсэн, одоо юу хийж байгаа зэргийг тань олж мэдэж болох юм. Хэрвээ блог хөтөлдөг бол таны юу бичдэгийг хүртэл орж уншиж болно. Нэг нэгнийхээ талаар тодорхой мэдээлэлтэй болсон хүмүүс чинь дараагийн удаа илүү нээлттэй, ярих юмтай байна шүү дээ. Харин цаасан нэрийн хуудас нэг иймэрхүү л байна гэсэн үг л дээ. Нэмж хэлэхэд дээрх хоёр сайт нь хоёулаа responsive буюу мобайл дэмжинэ. Ер нь responsive биш үгүйг ярих аа болих хэрэгтэй байх гэж бодож байна. Бид чинь 2016 онд амьдарч байна шүү дээ. Одоо бүгд л responsive болсон цаг.

name-card

4 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Shijree

    Medeelel n ih heregtei, unshuurtai bn. Harin arai l delgerengui tailbarlaad, unshihad baga zereg sonirholgui bolchihson sanagdlaa. Gehdee keep going 🙂 Tanaihiig dandaa unshdag shuu

    • 2
      Mr.Red

      Урт нийтлэл унших хүн ховор болсон цаг шүү. Цаашдаа анхаарна аа. Баярлалаа.

    • 4
      Mr.Red

      Жилийн 60,000₮ байгаа байх. Гэхдээ олон жилээр нь төлбөл илүү хямд байсан.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.