Y Combinator эдийн засгийн шинэ санааг туршина

Y Combinator эдийн засгийн шинэ санааг туршина


Universal Basic Income, Unconditional Basic Income (UBI) буюу нөхцөлгүй суурь орлого хэмээх концепци аль эрт 1794 оноос эхтэй гэж хэлж болно. Хамгийн анх энэхүү санааг АНУ-н загалмайлсан эцгийн нэгд тооцогдох, улс төрч, философич Томас Пейн өөрийн “Газрын шинэчлэлийн шударга ёс” бүтээлдээ дурджээ. Шинэ гэсний учир нь тус санааг одоо болтол хэн ч, ямар ч улс туршиж үзээгүй байгаа юм. Бүрэн боловсроогүй, дутуу дулимаг санаа гэх шүүмжлэлийг үе үеийн сэтгэгч, эдийн засагч нараас хүртсээр өнөөг хүрчээ.

НСО гэж чухам юу вэ? Засгийн газар эсвэл аль нэг институтээс өөрийн ард иргэддээ ямар нэг болзолгүйгээр тогтмол өгөх мөнгөн дүнг хэлэх аж. Нэг ёсондоо таны ажилтай, ажилгүй, ганц бие, олон хүүхэдтэй, ядуу буурай, хөгшин залуу гэдгээс үл хамааран унаа, хувцас, хоол хүнс, байрны төлбөр гэх мэт үндсэн хэрэгцээг тань хангах мөнгийг улсаас олгох юм. Өөрөөр хэлбэл улс хөрөнгө оруулсан, өөрийн хувь эзэмшдэг компаниудаас олсон ашгаа ард иргэддээ тарааж буй явдал. Тухайн иргэнд ногдох нийгмийн ногдол ашиг гэх нь ч бий.

Тогтмол орлого хүртэх нь ямар давуу талтай вэ? Ямар ч болзол, нөхцөлгүй хэмээн өмнө нь дурдсан. Тэхээр суурь орлого хүртэх явцдаа та хаана ч юу ч хийсэн болно. Аялах, буяны сайн дурын ажил хийх, урлагийн бүтээл туурвих, өмнөх ажлаа үргэлжлүүлэн хийх гээд юу ч байж болно. Хамгийн гол нь та найдвартай баталгаатай болж байгаа юм. Өмнө нь та олон цагаар шаргуу ажилладаг байсан бол одоо тэгж өөрийгөө шахах хэрэггүй болсон гэсэн үг л дээ. Оронд нь гэр бүлдээ эсвэл өөрийн дуртай зүйлдээ илүү их цагийг зарцуулж болно. Өөрөөр хэлбэл таны эрх чөлөөг илүү ихээр нэмэгдүүлж өгч байгаа юм. Давуу талын хувьд гэвэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ядуурлыг буруулах, ирээдүйд буюу роботын эрин үед үүсэх ажилгүйдлийн асуудлыг шийднэ, хүмүүст дуртай зүйлээ хийх боломжийг олгоно, баян хоосны ялгааг багасгана.

Ямар сөрөг үр дагавар үүсэж болох вэ? Хүмүүс их хэмжээгээр ажил хийхээ больж ажилгүйчүүдийн тоо асар өндөрт хүрнэ. Дараагийн айдас нь цагаачлалын хямрал. Хэрвээ аль нэг улс НСО олгоод эхэлбэл тухайн улс уруу чиглэх хууль бус цагаачдын урсгал огцом нэмэгдэнэ. Гурав дахь асуудал бол санхүүжилт. Бүх иргэнд гэвэл эл санааг санхүүжүүлэх ажил үлэмж хүнд байх бололтой. Хүн бүр биш харин амьдралын боломж, бололцоо муутай иргэд л хамрагдах хэрэгтэй хэмээн дийлэнх хүмүүс үзэж байгаа аж. Магадгүй зөв эхлэл байж ч болох юм.

Томас Пейн цаг үеэсээ хэт түрүүлж уг концепцыг гаргаж ирсэн бололтой. Цахиурын хөндийн хамгийн том, нэр нөлөө бүхий бойжуулагч болох Y Combinator-н тэргүүн, үүсгэн байгуулаг Сэм Альтмэн НСО-н санааг туршихад бэлэн болжээ. Оны өмнө тэрээр тус судалгааг нь удирдах хүнийг хайж байгаагаа зарласан. Тэгвэл энэ удаа тэрээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн компанийн сайтад нийтэлсэн байна.

Урт хугацааны, том хэмжээний судалгаа хийхээс өмнө Сэм болон тэдний баг бичил судалгаа хийх юм байна. НСО төслийн судалгааг хариуцах эрхэм болон явагдах газар эхний ээлжид тодорхой болжээ. “Найроби хотын ядуусын эрүүл мэнд болон боловсролын нөхцөл байдал” ажлаараа Мичиганы их сургуульд нийгмийн ажил, улс төрийн шинжлэх ухаанаар докторын давхар зэрэг хамгаалсан Elizabeth Rhodes төслийн ахлагчаар ажиллахаар болсон байна. Сэм судалгааны ажлыг нь тэргүүлэх тус ажлын байран дээр 1000 гаруй хүний хүсэлтийг хүлээн авсан ч Elizabeth Rhodes-г сонгожээ.

Y Combinator урт хугацааны, том хэмжээний судалгаа явуулж дараах асуултуудад хариу олох юм байна. Үүнд: суурь орлого хүмүүсийн аз жаргал, тав тухтай амьдрал, санхүүгийн эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлөх, хүмүүс цагаа юунд зарцуулах бол? гэх асуултууд багтах аж. Гэхдээ үүнээс өмнө богино хугацааны бичил судалгааг Оакланд хотод явуулах юм байна. Шалтгаан нь ердөө том төслийн өмнөх бэлтгэл. Ямар зарчим баримталж ажиллах, мөнгөө ямар аргаар олгох, тоо мэдээг хэрхэн цуглуулж авах, түүврийг ямар байдлаар сонгох гээд. Сэм өөрөө Калифорни мужид ажиллаж амьдардаг, дээрээс нь тус мужид нэр хүнд, танилын хүрээ, нөөц боломж ихтэй тул Оакланд хотыг сонгосон нь төслийг амжилттай явуулахад тус дэм болно хэмээн үзэж байгаа аж.

НСО эрх чөлөөг нэмэгдүүлж өгнө. Харин бид хүмүүсийн хэрхэн ашиглаж байгааг олж мэдэх болно.

“Технологийн хөгжил жилээр, сараар өдрөөр асар хурдтай хөгжиж байна. Техник технологийн хурдтай хөгжлийн ачаар ирээдүйд асар олон боломж бололцоо шинээр бий болж амьдрах өртөг үлэмж буурах бололтой. Тэр үед буюу роботууд бүхий л ажлыг хийж эхлэх цагт НСО зайлшгүй хэрэгцээ болох болно.” хэмээн Сэм хэлсэн юм.

Y Combinator-н тэргүүнүүдийн үзэж байгаачлан тэд НСО-г ердөө боломж олгож буй гарааны дэмжлэг хэмээн үзэж байгаа аж. Цааш хэдий ихийг хөдөлмөрлөж олох нь тухайн хүний өөрийнх асуудал. Эдийн засгийн минимум хамгаалалт хүмүүсийн эрх чөлөөг нь нэмэгдүүлж өгөхөөс гадна тэдэнд илүү ихийг сурах, боловсрох боломжийг, илүү дээр ажлын байр, эрүүл санхүү, ирээдүйн төлөвлөгөөг олгоно гэдэгтэй тэд санал нэг байгаа аж.  “НСО бол социализм биш. Харин суурь юм, хүмүүс уг суурин дээр үндэслэж өөрсдийн баялгийг бүтээх болно.” хэмээн Сэм Альтман өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Санхүүжилт, толгойлох хүнтэй болсон төсөл ирэх хэдэн саруудад судалгаа явуулах загвараа боловсруулах юм байна. Гэхдээ тус үйл явдал нь энэхүү шинэ санааг хэрэгжүүлэх гэсэн анхны оролдлого биш. Голланд улсад гэхэд л эл санааг Франс Кервер гэх 53 настай эр дээр 12 сарын турш туршиж үзсэн байна. Энэ талаар BusinessInsider сайтад нийтэлжээ. Кервер ажлынхаа хажуугаар сайн дурын, нийгэм рүү чиглэсэн томоохон ажлууд хэрэгжүүлдэг байсан тул түүнийг тус хөтөлбөрт сонгосон байна. Ямартай ч тэрээр туршилтын 12 сарын хугацаанд гэр бүлтэйгээ илүү их цагийг зарцуулах болж, хойш тавьсан байсан хувийн төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ. Өөр нэгэн том төсөл Кени улсад мөн хэрэгжих гэж байна. GiveDirectly буяны байгууллага 10-аас 15 жилийн хугацаанд Кенийн 10 гаруй тосгоны иргэдэд НСО олгох юм байна. Зорилго нь мөн л эл санааг туршиж, үр нөлөөг нь хэмжих. Нийт 30 сая долларыг тус төсөлд зарцуулах аж.

Канад, Голланд, Шинэ Зеланд, Швейцари тэргүүтэй шинэ санааг туршиж үзэх гэсэн маш олон орон байгаа юм. Энэ сарын эхэнд явагдсан Швейцари улсын бүх нийтийн санал асуулгын үр дүн ямар гарсныг та бүхэн санаж буй биз ээ. 77 хувь нь татгалзаж 23 хувь нь дэмжсэн үр дүн гарсан. Хэрвээ дэмжигдсэн бол тус улсын насанд хүрсэн иргэн бүр сард 2500 швейцар франк авах байсан юм. Ямар ч байсан НСО-н цаг арай болоогүй бололтой.

Хэрвээ танд суурь орлого олгож эхэлбэл та юу хийх байсан бэ? tweet

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Мишк

    Эдийн засаг нь тогтвортой, иргэд нь илүү ухаажсан улс оронд бол туршиж үзэхэд буруудахгүй л зүйл юм. Гэхдээ манайд бол хавтгайруулж олговол дэмий. Үнэхээр хөдөлмөрлөж, хүсэл, зорилготой яваа ч өөртөө бас үнэ цэнэтэй зүйлсдээ цаг, хөрөнгө зарцуулах боломжгүй залуучуудад олговол дээр юм болов уу.

  2. 2
    Жаргал

    Манай үеийн залуучуудад ийм боломж олдвол маш сайн хүчтэй өрсөлдөгч, шинийг санаачлагч болж чадна гэдэгт итгэж байна. Миний хувь өөрийн хүүхдүүд гэр бүлдээ илүү цаг зарцуулж, тэдэнд багшийнх нь оронд багш нь болж, бага залуудаа хийж чадаагүй олон зүйлээ үр хүүхэдтэйгээ цуг ахин хийж үзнэ дээ.
    Гэхдээ Монголд яг одоо массаараа цаг заваа үр бүтээлтэй зарцуулах нь юу бол. Гэвч удахгүй бид илүү сайхан нийгэм амьдар болно гэдэгт итгэж байна. Амьдрахын тулд хэрэглэх өдөр удахгүй ирэх байхаа.

  3. 3
    Aa

    Innovation sain hugjsun ornuud HCO heregjuuleed ehelbel gaihah zuilgui l ym. Ogson mungiin sain tsugluulj bgaad delhiigeer aylah husel bn

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.