Стартап үүсгэн байгуулагчдад зориулсан 4 асуулт

Стартап үүсгэн байгуулагчдад зориулсан 4 асуулт


Энтрепренерүүд бол эдийн засгийг аврах баг хамт олон л гэсэн үг. Тэр тусмаа хурдтай өсөлт үзүүлж байгаа стартапуудын үүсгэн байгуулагчид. Тэдний ачаар шинэ ажлын байр бий болж олон залуус ажилтай болж байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилүүдэд стартап компанийн өлгий нутаг болсон АНУ-д шинэ компани байгуулагдах тоо огцом буурч байгаа бололтой.

Үүнд шалтгаан бий. Ихэнх ментор болон үүсгэн байгуулагчдын хувьд энэ бол маш муу үзүүлэлт аж. Үүний шалтгаан нь хүмүүсийн төдийлөн анхаарал хандуулдаггүй, хандуулсан ч бага ач холбогдол өгдөг “хүснэгтэн үхэл” гэх зүйлд байгаа юм. Хөрөнгө оруулалтын сангууд санхүүжилт хийж мөнгө өгснийхөө дараа стартап компанийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож эхэлдэг байна. Тэд шууд л санхүүгийн урсгалыг хянаж, төсөв зохиож, орлого төлөвлөж, эрсдэлийг үнэлж, санхүүгийн загвар боловсруулж эхэлнэ. Үүсгэн байгуулагчдын хувьд энэ бол асуудал бас байж болшгүй явдал юм.

Стартап компанийг олон жилийн турш ашиглагдсан уламжлалт аргаар үнэлж огт болохгүй. Мэдээж хэрэг стартапуудад няхуур хяналт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ олон үзүүлэлт шаардсан удирдлагын арга барилгүйгээр удирдаж болно. Тэр тусмаа үүсгэн байгуулагчид эдгээр энгийн 4 асуултад ямар ч үед төвөггүй хариулдаг байх хэрэгтэй. Эдгээр асуултын хариуг л маш нарийн мэдэж байвал та алзахгүй.

Нэгдүгээрт, та яг ямар тодорхой асуудлыг шийдэх гэж байна вэ? Дан шинэ бүтээгдэхүүн, шийдэл санал болгоод бүтэхгүй. Хэдийгээр таны бүтээгдэхүүн хангалттай сайн, инновацлаг байсан ч тэр. Та ямар нэг онцгой асуудлыг илрүүлэв үү эсвэл тэрхүү угаас үүсчихсэн байсан асуудлыг шийдэх онцгой шийдлийг хайж олов уу гэдэг л хамгийн чухал. Санаанаас бус харин асуудлаас эхэл хэмээн олон ч амжилттай энтрепренерүүд зөвлөдөг.

Хоёр дугаарт, таны бүтээгдэхүүн эсвэл шийдэлд хэн мөнгө төлөх вэ? Боломжит хэрэглэгчээ маш тодорхой, бүрэн дүүрэн илрүүлэх хэрэгтэй. Хэрвээ хэрэглэгчээ тодорхойлсон бол одоо тэдний юу худалдаж авмаар байгааг олж мэд. Таны юу зарах гэж байгаа чинь бус харин тэдний юу авмаар байгаа нь илүү чухал. Мөн тэд ямар шалтгааны улмаас танд мөнгө төлөхийг хүсэх вэ?

Гурав дугаарт, танд буюу танай багт хэн хэрэгтэй вэ? Та яг яагаад энэ хүнийг багтаа авч байгаагаа сайтар ойлгох хэрэгтэй. Тэрхүү хүнд танд хэрэгтэй, шаардагдах ур чадвар бий юу? Түүнтэй хамт ажиллаж чадах уу? Түүний амьдралын зорилго, хийж бүтээх хүсэл нь таныхтай мөн давхцаж байгаа эсэхийг олж мэдээрэй.

Дөрөв дүгээрт, эцэст нь та яг юуны төлөө энэ бүхнийг эхлүүлсэн бэ? Та стартап компани байгуулаад гялс зарахыг илүүд үзэж байна уу эсвэл хүнд бэрх асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Энэ бүхнийг хийхэд таныг юу түлхэж, өдөөж байна вэ? Үүнийгээ л эхлээд олоод мэдчих хэрэгтэй. Яагаад гэвэл үүнээс хамаарч таны стартапын насжилт, амжилтад хүрэх эсэх нь шалтгаална.

Хөрөнгө оруулагчдыг дан ганц мөнгөний эх үүсвэр мэтээр харж болохгүй. Эдгээр хүмүүсийн зөвлөгөөний ачаар амжилтад хүрэх магадлал нэмэгдэнэ. Тэд таны олж хараагүй, харж чадахгүй байсан зүйлсийг нээж харуулах болно. Таныг хариулахад бэрх асуултын хариуг олохыг шахна. Хамгийн гол нь эдгээр хүмүүсээр стартап компанийнхаа амин сүнс болсон мөн чанарыг устгуулж болохгүй. Болж өгвөл тэднийг үйл ажиллагаандаа бүү оролцуул.

Хөрөнгө оруулагчийн зорилго бол мөнгөө арвижуулах. Үүсгэн байгуулагчийн зорилготой хөрөнгө оруулагчийнх таарна гэдэг маш ховор. AngelList-н санхүү хариуцсан захирал Кевин Лоу хэлэхдээ “Бизнес загвар тань таны даалгавартай уялдаж байх ёстой. Түүнээс биш бизнес загвартай болох нь зорилго биш.” Ухаалаг хөрөнгө оруулагч бол аль аль зорилгоо биелүүлэх үүднээс тэнцвэрийг эрхэмлэнэ.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.