Tesla-н өрсөлдөгч Google бус харин Apple компани #2

Tesla-н өрсөлдөгч Google бус харин Apple компани #2


6 сарын 1-ны өдөр Элон Маск Code Conference-н тайзан дээр сэтгүүлчидтэй ярилцан тэдний асуултад хариулсан. Энэ талаар бид өмнө нь нийтэлсэн билээ. Нэг дүгээр хэсгийг энд дарж орж үзнэ үү. Харин энэ удаа бид Tesla компанитай холбоотой мэдээллийг танилцуулж байна.

Google компани сүүлийн хэдэн жилийн турш жолоочгүй, автомат жолоодлоготой машины төсөл дээр эрчимтэй ажиллаж байгаа. Тэдний бүтээсэн туршилтын загвар олон сая километр замыг туршилтын хүрээнд аль хэдийнээ туулчихсан байгаа юм. Харин Apple компанийн хувьд гэвэл албан ёсоор ухаалаг машин дээр ажиллаж байгаа хэмээн мэдэгдээгүй ч олон эх сурвалж тэднийг сүүдэрт ажиллаж байгаа тухай мэдээлсэн юм. Элоны үзэж буйгаар Google тэдний өрсөлдөгч биш аж.

“Хэдийгээр Google жолоочгүй, автомат удирдлагатай автомашины боломжийг маш сайн батлан харуулж чадсан ч тэд бол автомашин үйлдвэрлэгч биш. Харин Apple-г бидний өрсөлдөгч гээд хэлчихэд болно.”

Элон Маск

Элон Apple компанийг тус салбарт эртхэн орох ёстой байсан талаар мөн хэлсэн юм. Тэрээр Apple-н автомашины төслийн талаар нарийн зүйлийг мэдэхгүй ч 2020 он хүртэл ямар нэг үйлдвэрлэл явуулахгүй байх хэмээн үзэж буй аж. Apple шиг санхүү болон нөөц боломж сайтай компани бол тус салбарт хүчтэй өрсөлдөөнийг төвөггүйхэн үзүүлчихнэ. Тэр тусмаа гайхалтай үнэ цэнэ, нэр хүндийг бий болгочихсон тул хүмүүс Apple-н машиныг сонирхох нь дамжиггүй. Apple автомашин үйлдвэрлэлээ гэхэд л хүн болгон түүнийг авахыг хичээх байх.

“Apple-н хувьд энэ бол алдагдсан боломж. Зах зээд дээр ийм хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй олон тооны компани бий. Энэ өөрөө их том салбар тул ямар ч компани дор хаяж зах зээлийн 10%-г эзлэх боломжтой.”

Элон Маск

Дээрх хоёр компаниар өрсөлдөгчдийг төсөөлж болохгүй. Учир нь энэ чиглэлд буюу цахилгаан автомашины салбарт маш олон шинэ компаниуд бий болсоор байгаа. Эдгээр бүх компаниуд Tesla-н хувьд өрсөлдөгчид. Гэхдээ стартап компаниас автомашин үйлдвэрлэгч болно гэдэг маш хүнд, төвөгтэй ажил гэдгийг санах хэрэгтэй.

“Цахилгаан машины стартап компаниуд ихээр бий болж байна. Ээжийг компаниа нээхийг л хүлээж сууна даа. Яг л ээжээ та хүртэл үү гэмээр нөхцөл байдалтай байна. АНУ-д гэхэд л 4-5 Хятадын хөрөнгө оруулалттай стартапууд байна. Салбарын хөгжил энэ чиглэл рүү явж байгаа. VW бас батарейн том үйлдвэр барихаа мэдэгдлээ. Бид тэдний ажлыг дэмжих үүднээс патентуудаа нээлттэй болгосон. Бид сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үүднээс маш олон зүйлийг хиймээр байна.”

Элон Маск

“Гайхалтай нь юу гээч бид Model S загвараа гаргачхаад ямар ч маркетинг хийгээгүй. Аман маркетингийн ачаар яг л түймэр шиг тархаж байсан.”

Элон Маск

Элоныг ямагт байгальд ээлтэй, эх дэлхий болон хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажилладаг болохыг патентаа нээлттэй болгосон тус үйл явдал дахин баталж байх шиг. Элон Маск хүн төрөлхтнийг шатамхай, дэлбэрэмтгий түлшнээс түргэн салгахыг үнэхээр их хүсэж буй бололтой.

“Ирээдүйд автомат жолоодлогогүй автомашинтай байна гэдэг сонин л үзэгдэл болох байх.”

Элон Маск

Хүмүүс Теслааг зөөврийн компьютерт ашигладаг литий-ион батарейг аваад машин хийчихсэн мэтээр боддог аж. Тиймээс тэрээр цахилгаан машинд ашиглагддаг батарейн талаар дэлгэрэнгүй тайлбарыг чуулганы үеэр хийсэн юм. Tesla компани өнгөрсөн 4 сард нийтэд зориулсан Model 3 загвараа танилцуулж нэлээн шуугиан тариад амжсан. Дээрээс нь олон ч амжилтын эзэд болсон. Энэ талаар бид мөн л тухайн үед нь мэдээлэлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед Тесла шинэ машиныхаа эцсийн загварыг болон боломжийг нарийн гаргаагүй байсан. Тэгвэл энэ оны сүүлээр Тесла компани бас нэгэн томоохон арга хэмжээг зохион байгуулах бололтой. Энэ үеэр тэд эцсийн загвар, нэмэлт боломжууд, бүрэн автомат жолоодлогын нэмэлтээ албан ёсоор танилцуулах нь гарцаагүй.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.