Бидэнд яагаад энтрепренерүүд хэрэгтэй вэ?

Бидэнд яагаад энтрепренерүүд хэрэгтэй вэ?


Хүн бүр эрсдэлийг хүлээн авч, зориг гарган өөрийн шинэ бизнесээ эхлүүлэн энтрепренер болж чаддаггүй. Яг үүнтэй адил хүн бүхэн энгийн нэгэн ажилтан байж бас чаддаггүй. Гэсэн ч энэхүү 2 төрлийн хүмүүс хамтдаа нэгдэж хөгжил дэвшлийг бүтээдэг. Тэгвэл энгийн нэг ажилтан байхыг хүсдэггүй, дээр нь эрсдэлээс айна гэдгийг мэддэггүй энтрепренер хэмээн нэрлэгддэг эдгээр хүмүүс яагаад бидэнд хэрэгтэй талаар мэдээллийг хүргэж байна. Юун түрүүнд жинхэнэ энтрепренерүүд зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээс илүүтэйгээр эрх чөлөө, бие даасан байдлыг давхар бий болгоход чиглэдэг. 

Нэг жишээ татъя: Та бол бизнесмен, 10 ажилтантай жижиг гутлын үйлдвэрийн эзэн гэж бодъё. Өөрийн үйлдвэрийг өргөжүүлж, салбартаа цоо шинэ өнгө төрх, загварын чиг хандлагыг тусгахаар шийдэн эрсдэлтэй ч гэсэн үндэстэн дамнасан корпораци байгуулахаар зоригложээ. Гэсэн ч энэ нь тийм ч хялбархан зүйл биш. Танаас хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн үндсэн нөөцүүдийг оновчтой ашиглах, эрсдэлтэй шийдвэрийг гаргах зэрэг маш олон ур чадварыг шаардана. Үүгээр ч зогсохгүй та болон таны компани улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэгч болно. Өмнө нь зөвхөн 10 ажилтан, богино хугацааны орлогоо л анхаардаг байсан бол одоо бүхэл бүтэн улсын ард иргэдийн тодорхой хэсгийг хариуцаж эхэлнэ. Энэ бол энгийн нэгэн хийж чадах зүйл биш. Харин чадварлаг энтрепренерийн хувьд бол……..? Энэ л яагаад бидэнд энтрепренер хэрэгтэй байгаагийн шалтгаан.

“Энтрепренерүүд үргэлж өөрчлөлтийг олж, түүнд хариулж, өөрт боломж болгон ашигладаг.”

Энтрепренерүүдийн үйл ажиллагаа яагаад эдийн засагт нөлөөтэй байдаг вэ?

  • Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлсийг төлөвлөж, зохион байгуулалтын дагуу хийдэг.
  • Тэдний үйл ажиллагаа нь нийгмийн өдөр тутмын амьдралыг дэмжиж байдаг.
  • Ажилтнуудынхаа ажиллах нөхцөл, эрх ашгийг хэрэглэгчтэйгээ адилтган үргэлж тэдэнд анхаарал хандуулж байдаг.
  • Алхам тутамдаа тохиолдох боломжуудыг шүүрэн авч баялаг болгон хувиргадаг.
  • Үйл ажиллагаагаа үргэлж идэвхтэй явуулахын тулд мэдлэг, ур чадварыг бэлтгэн хуримтлуулж байдаг.

Тэгвэл яагаад тэд хөгжлийг тодорхойлогч болдог вэ?

  • Энтрепренерүүд бүгд манлайлагч, удирдагчид байдаг. Удирдагчид зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг уриалж, чиглүүлж чаддаг.
  • Энтрепренерүүд үргэлж хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн тулд нөөцүүдийг хэрхэн оновчтой ашиглахад анхаарлаа хандуулдаг. Тэдний санал санаачлага үйлвэрлэлийн гол хөдөлгөгч хүч болж өгдөг.
  • Энтрепренерүүд бизнесийн хамгийн чухал, эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргаж чаддаг.
  • Энтрепренерүүд бол инноваторууд юм. Тэд шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи мөн байгууллагын шинэ орчинг хүртэл бий болгодог. Эдийн засгийг өсгөгч гол хүчин зүйлсийн нэг бол яалтачгүй инноваци билээ. Тэд бол инновацийн орд л гэсэн үг.

Тэдний үйл ажиллагаа хөгжилд яаж нөлөөлдөг вэ?

  • Амазон.ком бий болсноор хүмүүст онлайнаар худалдан авалт хийх үйлчилгээг илүү хялбар болгож, бүтээгдэхүүний хадгалалт, хүргэлт, тээвэрлэлтийн шинэ дэвшлийг бидэнд хүргэсэн. Үүнийг даган нийт 132,600 хүн ажилтай болж, 2013 онд нийт 745 сая долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан.
  • Facebook.com бий болсноор хүмүүс хаанаас ч бие биетэйгээ дэргэдээ байгаа мэт харьцаж, харилцаа холбоог шинэ түвшинд гаргасан. Мөн нийт 8348 хүнийг ажилтай болгож, 2013 онд нийт 2.8 тэрбум долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан.
  • Google INC үүссэн цагаас хойш хайлтын систем болон интернет хэрэглээг шинэ түвшинд гарсан. Google INC-ын ачаар нийт 55030 хүн ажилтай болж, 2013 онд нийт 13.9 тэрбум долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.
  • Цахилгаан машин үйлдвэрлэдэг Тесла Моторс компаний дараагийн том төсөл болох цэнэг хураагуурын гига үйлдвэр ашиглалтанд орвол  20 жилийн туршид эдийн засагт 100,000,000,000 долларын нөлөө үзүүлнэ гэсэн тооцоог гаргасан байдаг.

“Хамгийн гол нь та өөдрөг байж чадахгүй бол энтрепренер байж чадахгүй.”

Энтрепренерүүд байгаагүй бол бид хөгжил, дэвшил гэдэг зүйлийг мэдрэхгүй байсан. Тэд зоригтой, тууштай, дайчин, хичээнгүй байж чадсаны үр дүнд амжилтанд хүрдэг. Тэдний амжилтыг зөвхөн тэд өөрсдөө бус хүн бүр хүртдэг. Тэдний амжилт бол хойч үедээ илүү сайхан нийгмийг, илүү хүчтэй эдийн засгийг, илүү их ажлын байрыг бий болгох юм.

Эцэст нь манай оронд энэхүү энтрепренер, энтрепренершип хэмээх нэр томьёо харьцангуй сүүлд гарч ирсэн шинэ ойлголт билээ. Залуу үедээ энэхүү ойлголтыг мэдрүүлж, энтрепренер сэтгэлгээг суулгаснаар тэдний асуудалд хандах хандлагыг нь өөрчлөн бүтээлч байдлыг нэмэгдүүлж, баялаг бүтээх боломжийг нь нээж өгөх юм. Мөн дотооддоо энтрепренерүүдийг бэлтгэснээр зөвхөн уул уурхайгаас хараат байгаа эдийн засгийг бусад салбарт шилжүүлэн залуусын мэдлэг, инновацид суурилсан улс болох боломжтой.

ЗАЛУУС БИД ӨӨРӨӨР СЭТГЭХ ЦАГ НЬ БОЛСОН.

 


+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.