Элон Маск хүмүүсийг 2025 онд Марс гараг дээр аваачина #1

Элон Маск хүмүүсийг 2025 онд Марс гараг дээр аваачина #1


6 сарын 1-ны өдөр Tesla болон SpaceX компанийн CEO, АНУ-н технологийн салбарын гол лидер, чиглүүлэгчдийн нэг болох Элон Маск Vox Media-аас зохион байгуулдаг Code Conference-д уригдан оролцож сэтгүүлчидтэй ярилцаж, тэдний асуултад хариулсан байна. Цагтаа уг арга хэмжээнд Стив Жобс, Билл Гейтс нар оролцож санаа бодол, хийж буй ажлынхаа талаарх мэдээллийг бусадтай чөлөөтэй хуваалцаж байсан юм. Энэ удаад Элон Маск өөрийн ажиллаж буй гол чиглэл болох сансрын тээвэр, Марсын колоничлол, хиймэл оюун ухаан, цахилгаан машин, өөрийгөө жолооддог автомашин зэрэг зүйлсийн талаар ярих нь тодорхой байв. Ингээд та бүхэнд уг арга хэмжээ дээрх түүний ярьсан онцлох яриа, төлөвлөгөөнүүдийг цувралаар хүргэх гэж байна.

elon musk at code conference

SpaceX болон Марс

SpaceX компани дахин ашиглагдах пуужингуудаа эх газарт болон далай дээр хөвөх дрон-тавцан дээр хэд хэдэн удаа амжилттай буулгаж, гайхалтай амжилтыг энэ жил үзүүлж байгаа билээ. Маск дахин ашиглагдах пуужингийн амжилтаа юун түрүүнд ярьсан юм. Маскын хэлж байгаагаар нэг пуужингийн хөдөлгүүрийн хэсгийг хийхэд 30-35 сая доллар зарцуулагддаг аж. Тэрээр пуужинг дахин ашиглахын давуу талыг энгийнээр тайлбарлан хэлэв. “Багцалж хураасан мөнгө агаарт байна гэж бодъё. Тэгээд тэрхүү мөнгө дэлбэрч агаарт жижиг хэсгүүдэд хуваагдан цацагдаж байна гэж төсөөлье. Чи түүнийг цуглуулахгүй байсан гэж үү?” хэмээн Маск хэлжээ. Falcon 9 пуужинг бүтээх зардал 60-аад сая доллар гэж байгаа. Хэрэв дахин ашиглаж чадвал зардлыг бараг хоёр дахин бууруулах боломжтой.

“Насан эцэслэх газраа хайж байгаа бол Марс гараг тийм ч муу сонголт биш шүү.”

Элон Маск

SpaceX компани 2018 онд Dragon хөлгийн хоёр дахь загварыг Марс гараг уруу илгээж, газардах туршилтыг хийх юм байна. Гэхдээ хөлөг эргэж ирэхгүй тэндээ үүрд үлдэнэ. Ердөө л туршилт. Dragon хөлгийн шинэ загвар буюу V2 нь 6 хүн тээвэрлэх боломжтой бөгөөд хэмжээний хувьд жижиг гарын жийп машинтай ижил аж. Үүгээр судалгааны багийг ачаатай хамт тээвэрлэхэд тохиромжтой бус. Тиймээс ч SpaceX компани Falcon Heavy загварын хүнд ачаа, томоохон тоног төхөөрөмж тээвэрлэх хүчирхэг хүчин чадалтай пуужинг бүтээж байгаа юм байна. Маскын хэлж байгаачлан энэ пуужин дэлхий дээрх хамгийн хүчирхэг пуужин болох аж. 54 тонн ачааг тээвэрлэх, гурван Falcon9 суурьтай, Saturn5 хөлгийн 3/2-тай тэнцэх хэмжээтэй пуужин. 2016 оны сүүлээр анхны туршилтаа хийх бололтой. Гэхдээ ямар нэг даалгавар биелүүлэхгүй буюу юу ч тээхгүй зөвхөн туршилтын журмаар хөөрнө. Компанийн төлөвлөгөө ёсоор 26 сар тутам Марс гараг уруу тодорхой даалгавар биелүүлэх зорилготой хөлгүүд хөөрөх юм байна. Хэрэв төлөвлөгөө ёсоор бүх зүйл явагдвал 2024 онд анхны Марсын иргэд эх дэлхийгээс хөөрч 2025 онд улаан гараг дээр очиж суурьших нээ.

SpaceX компанид амжилттай газардуулсан 4 ширхэг пуужин бий. Энэ бол амжилт гэхдээ ердөө нэг хэсэг нь. Компани эдгээр пуужинг огт дахин ашиглаагүй байгаа юм. Хэрвээ үнэхээр зардлыг буруулах гэж байгаа бол ашиглагдсан пуужинг дахин ашиглаж харуулах хэрэгтэй. Сүүлд хэрэгжсэн THAICOM8 гэх мэт даалгавруудад дандаа шинэ пуужин ашигласан. SpaceX-д үүсээд байгаа гол асуудал бол эдгээр пуужингуудыг хэзээ дахин ашиглах вэ? эсвэл дахин ашиглагдах үү? гэсэн асуултууд юм. Юутай ч байсан Элон Маск зуны сүүлээр ашигласан пуужингаа дахин хөөргөнө гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр энэ 9 сард Марс гарагийг колоничлох загварыг нийтэд танилцуулах юм байна.

SpaceX компанийг эзэмшдэг хүн яагаад одоог болтол сансарт нисээгүй байна вэ? Бас л сонин асуулт шүү. Recode сайтын Kara Swisher түүнээс хэзээ сансарт нисэх гэж байна хэмээн асуухад тэрээр ойрын 4-5 жилдээ юу ч байсан орбит уруу гарна хэмээн хариулжээ. Маскыг сансарт нисгэхээс өмнө SpaceX компанид хийх зүйл маш их бий. SpaceX компани одоогийн байдлаар ямар ч хүнийг сансарт нисгээгүй байгаа юм. Олон Улсын Сансрын Станцад сансрын нисгэгчдийг хүргэх NASA-тай байгуулсан гэрээний дагуу бол тэд 2017 онд анхны хүнээ Dragon V2 хөлгөөр тээвэрлэх бололтой.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.