Питер Дракер хаа ч явсан энэ л түүхийг үргэлж ярина

Питер Дракер хаа ч явсан энэ л түүхийг үргэлж ярина


Питер Дракерийг мэдэхгүй бизнес эрхлэгч тун цөөхөн, бараг байхгүй байх гэж бодож байна. Тийм ээ, түүнийг орчин цагийн менежментийг үндэслэгч, тус салбарын төдийгүй 20-р зууны хамгийн нөлөө бүхий эрхэм гэдгээр нь та бүхэн мэдэх байх.

Дэлхийг өөрчлөх хоёр арга зам бий хэмээн ярьдаг. Эхнийх нь үзгээр буюу шинэ санааны тусламжтайгаар. Харин хоёр дахь нь зэвсгээр буюу эрх мэдлээ ашиглах замаар. Питер Дракер бол эхний аргыг нь сонгосон хүн. Тэрээр өөрийн шинэ санаагаараа тэдгээр зэвсэг барьсан олон мянган хүний сэтгэлгээг өөрчилсөн юм. Сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, зөвлөх Питер Дракер хаа ч явсан доорх түүхийг ярих ихэд дуртай байсан байна. 

М.Э.Ө 500 онд Грекийн нэгэн уран барималч Афин хотын удирдлагын хүсэлтээр барилгын дээр хэд хэдэн уран баримал урлах ажил хүлээн авч гэнэ. Барималч уйгагүй ажиллаж байсан хэдий ч баримлын ар талыг яг ур тал шиг нь нарийн тансаг урлах гэж төлөвлөсөн хугацаанаас нэлээн хэдэн сар хэтэрсэн байлаа. Хотын захиргааныхан ажлын явц ингэж уртассанд ихэд уурлаж, барималчаас асуух нь: “Чи яагаад баримлуудын ар талыг ур тал шиг нь нарийн урлах гээд байгаа юм бэ? Ар талыг нь хэн ч олж харахгүй шүү дээ!”

Уран барималч уг асуултад ийн хариулав. “Аан, гэхдээ бурхад үүнийг харна шүү дээ.”

Дракерын бүтээлүүд алдартай болсонд гайхаад байх зүйлгүй юм. Түүний нандин, агуу бүтээлүүд бол дээрх түүхийн уран баримлуудын нүүр хэсэг гэж ойлгож болно. Гэвч нүүр хэсгийг юу ингэж онцгой болгоно вэ? Мэдээж хэрэг баримлыг бүхэлд нь нарийн тансаг урлах гэсэн та бидний олж харах боломжгүй тэрхүү Дракерын хүсэл, асар их хөдөлмөр, бодол, сэтгэлгээний үр дүн билээ.  

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.