Вконтакте үүсгэн байгуулагдсан нь #2

Вконтакте үүсгэн байгуулагдсан нь #2


Янз бүрийн ондоо санаа хэрэгжүүлж үзсэний үндсэн дээр Павел Дуров жинхэнэ нэрээрээ бүртгүүлэн ашиглах нийгмийн сүлжээний сайт бүтээх санааг бодож олжээ. Энэ санаагаа олоод удаагүй байтал түүнд долоон жилийн өмнө сураг тасарсан ангийн найзаас нь эмэйл ирсэн байлаа.

Ангийн анд Дуровыг нь СПбГУ форумын үндэслэгч хэмээн магтсан нийтлэлийг “Ажил Хэрэгч Петербург” сайтад нийтэлсэн болохыг Вячеслав Мирилашвили олж уншаад, үзсэн зүйлдээ итгэж өгөхгүй байв. Тухайн үед Вячеслав Америкт Тафтс их сургуульд сурдаг байсан тул нийгмийн сүлжээ сайтууд хэрхэн эрчийг авч байгааг сайн мэдэж байлаа. Мирилашвили Дуровын цахим хаягийг олж авч хоёр найз оюутнуудад зориулсан нийгмийн сүлжээний талаарх өөрсдийн үзэл бодлоо солилцжээ. “10 жилийн найзуудаа хайж олох, нэг курсийн оюутнуудаа олох энэ санаа бид хоёрт маш чухал санагдаж байсан. Тэр тусмаа Вячеславт. Магадгүй бид ахиж хэзээ ч тааралдахгүй, уулзахгүй байх байсан биз.” хэмээн Дуров дурсан ярьсан байна.

Бага зэрэг хойно хийж эхэлсэн хэдий ч амжилтад хүрэх магадлал тэдэнд тун бага байв. 2006 оны хавар орос хэлтнүүдийн нийгмийн сүлжээний сайт хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байсан ч хэдэн мянгаар л тоологдож байлаа. Тэр байтугай хамгийн том гэгдэх нээгдээд удаагүй байсан “Одноклассники”-н хэрэглэгч 1 саяд үл хүрч байсан юм.

pavel kiyosaki

Роберт Киёосакигийн лекц дээрх Павел Дуров

Нийгмийн сүлжээ хийх мөнгө Вячеславд байсангүй. Тэр аавынхаа аль нэг компаниас нийгмийн сүлжээ байгуулах мөнгийг зээлсэн байна. Эцэг Михаил Мирилашвили бол 1990-ээд оны алдартай бизнес эрхлэгч, томоохон казино “Конти” болон худалдааны төв “ПетроМир” группийн эзэн юм. Хүмүүс эцгийг нь Путины найз гэдгээр сайн мэдэх аж. 2001 онд Михаил Мирилашвилийг бусдын эд хөрөнгийг булаан авсан гэх хэргээр баривчилж байжээ. Залуус санхүүгийн асуудлаа ийнхүү ямар ч төвөггүй шийдсэн байна.

Залуус компаниа байгуулж, хяналтын багцийг бага Мирилашвили эзэмшиж, цөөн хэсгийн хамтрагчид болох Лев Левиев болон Павел Дуров нар эзэмшив. Хяналтын багцыг Мирилашвили эзэмшиж байсан тул компанийг эцэг Мирилашвилитай холбогдуулж магадгүй байсан ч Дуров үүнд огт санаа зовохгүй байлаа.

2006 оны 10 сарын 1-нд “В контакте” ХХК vkontakte.ru домэйн хаягийг албан ёсоор өөр дээрээ бүртгүүлэн авав. Энэ л өдрөөс эхлэн ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хамгийн алдартай нийгмийн сүлжээ үүсэн бий болсон юм даа.

Павел Дуровд нийгмийн сүлжээ үүсгэн байгуулах бүхий л чадвар байлаа. Хэрэглэгчийн хэрэглээний зан төлөв, форумын үнэнч хэрэглэгчдийн сан, програмчлалын мэдлэг, туршлага, шаргуу, тууштай зан чанар гээд. Тэр эхлээд Фейсбүүкийн санааг сайтар судалж үзэн өөрийн функцийг мөн нэмж өгсөн байна. Дуров, Марк Зукерберг хоёул аль болох их хэрэглэгч бий болгох, тэдэнд хамгийн хялбар, тухтай үйлчилгээг үзүүлэхийг бодож байсан юм. Харин орлогын хувьд гэвэл энэ талаар бодох цаг нь хараахан болоогүй байв.

Эхэн үед сошиал сайт хэн бүхэнд нээлттэй бус хаалттай байлаа. Сайтад зөвхөн уригдсан хүмүүс л бүртгүүлэх боломжтой байв. Бүртгүүлэхэд зөвхөн овог нэрээ л оруулахад хангалттай аж. “Энэ сайтад бүртгүүлээрэй! Чи надад маш тус хүргэх болно!” хэмээн төвийн их сургуулийн оюутнууд нэг нэгнээ эрчимтэй урих болов. Нэг сарын дотор буюу 11 зүгээр сард гэхэд сайт ойролцоогоор 2000 гаруй хэрэглэгчтэй болсон байлаа. Магадгүй та яагаад ингэж огцом нэмэгдсэнийг гайхаж байж болох юм. Энэ бүхэн Дуровын сэдэж олсон уралдаантай холбоотой байв. Хамгийн их найзаа урьсан хүмүүст нь Дуров iPod бэлэглэнэ хэмээн амлаж уралдаан зарласан байлаа.

VK

Ингээд 3 сарын дараа нийгмийн сүлжээ бүх хүнд нээлттэй болов. Хэрэглэгчдийн тоо хурдтай нэмэгдэж байсан тул үүсгэн байгуулагчид тэр болгонд нь серверээ сайжруулах, сошиал сайтаа тогтмол хөгжүүлэх шаардлагатай болсон байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.