1000.MN гэж юу вэ?

1000.MN гэж юу вэ?


Дижитал ертөнцийн эрин үед амьдарч байгаа бидэнд тулгардаг томоохон асуудлын нэг бол яах аргагүй файл хадгалах дамжуулах, хадгалах байдаг. Тэгвэл файл дамжуулах асуудлыг шийдвэрлэх зорилготой дотоодын нэгэн үйлчилгээ үүсэн бий болжээ. Энэ бол www.1000.mn Магадгүй та сонсоогүй байх учир тус үйлчилгээ нээгдээд сар ч хүрээгүй байгаа юм. Ийнхүү бид 1000.mn-ны үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэнтэй холбогдон зарим нэг зүйлсийг тодруулснаа ба бүхэнтэй хуваалцаж байна.

Q&A

#1. Асуултаа үүгээр эхэлье гэж бодож байна. 1000.mn-г үүсгэн байгуулсан баг хэдэн хүний гишүүтэй вэ? Өөрсдийгөө товч танилцуулаач? 

Сайн байна уу, юуны түрүүнд сайтдаа урьж ярилцлага авч байгаад талархсанаа илэрхийлье. Манай баг цомхон л доо миний бие Б.Тэмүүлэн, системийн администратор О.Цэвээндорж, веб хөгжүүлэгч О.Доржсүрэн гэсэн ердөө 3 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг компанид ажилладаг ажлын хамтрагчид мөн найзууд гэж хэлж болно. Бүгд мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс.

#2. 1000.mn гэж юу вэ хамгийн энгийнээр хэдхэн өгүүлбэрт багтаан хэлбэл? 

Их энгийн “Монгол дотроо хамгийн их хэмжээтэй файлыг хамгийн хурднаар, хамгийн хялбар аргаар дамжуулах үйлчилгээ”.

#3. Анх 1000.mn-г хийх санаа хаанаас төрсөн бэ? Яагаад хийхээр шийдсэн бэ?

Ажил дээр тохиолдсон асуудлаас болсон юм. Гэхдээ мэдээллийн технологийн мэргэжилтэй хүний хувьд Монголд маань ийм үйлчилгээ байж болдоггүй л юм байхдаа гэж бодож явдаг байсан. Нэгэн хэвлэлийн эхийг хэвлэлийн компани уруу явуулахаас асуудал эхэлсэн юм. 700mb гаруй хэмжээтэй хэвлэлийн эхийг явуулах гэж 4 хоногийг зарцуулсан даа. Монголд ийм үйлчилгээ байхгүй байсан болохоор гаднын үйлчилгээг ашиглана, тэр нь их удаан хуулахад цаг алдана, цаад газар нь татахад цаг алдана, мөн хэвлэлийн эх дээр засвар хийх болоход дахиад л энэ байдал давтагдаад 4 хоног болсон юм. Файлаа флашанд хуулаад түгжрээд хоёр тийшээ явж болох байсан. Гэхдээ техник технологи хөгжсөн өнөө үед арай ч дээ. Бас файл зөөх гэдэг чинь бензин тос үрээд, нэг хүн ажил болгоод явдаг том ажил биш зүгээр л нэг товч дараад л болчих ёстой зүйл. Ийм жижиг асуудал дээр ийм хэцүү байсан болохоор хийе гэж шийдсэн дээ.

#4. Тус сайтыг хэрхэн яаж хийсэн, ямар хугацаанд хөгжүүлсэн бэ? Хөгжүүлж буй үеийн сонирхолтой түүх байвал дурдаач?

2016 оны 4 дүгээр сарын 1-нд анх шийдээд, маргааш нь серверээ түрээсэлж авсан. Веб сайтыг бид нар дажгүй түвшинд хийж чадах ч тэгж цаг хугацаа алдах шаардлагагүй учраас бид шууд л худалдаж авсан. Гэхдээ бид Монголд ажиллахад тохируулж олон өөрчлөлтүүдийг өөрсдөө хийсэн. Тэгээд 7 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 9-нд албан ёсоор үйлчилгээгээ эхлүүлсэн. Маш хурдан болоод өнгөрсөн болохоор сонирхолтой түүх гэхээсээ илүү хэрэгтэй юм хийж байна уу үгүй юу, хүмүүс хэрэглэх болов уу, хэрэгцээг нь хангаж чадах болов уу гэж их бодож байсан.

#5. Санхүүжилтээ яаж шийдэв мөн энэ тал дээр цаашид яах бодолтой байгаа вэ?

Өөрсдийн халааснаас гаргасан. Серверийн түрээсэнд ихэнх зардал нь гарч байгаа. Цаашид хэрэглэгч их болбол сайн сервер түрээслэх шаардлага гарна. Тэр хэрээр зардал өснө гэсэн үг. Үнэнийг хэлэхэд, стартапын хувьд цаашдын санхүүжилт хүндхэн л байгаа. Хөрөнгө оруулалт авах талаар бодож байгаа ч мэдээллийн технологийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулалт авах боломж хэр их байдгийг мэдэхгүй л байна.

#6. Хэзээ албан ёсоор нээгдсэн бэ? Түүнээс хойших хандалт болон хэрэглэгчийн тоо ямар байгаа вэ?

2016 оны 4 дүгээр сарын 9-нд анх нээсэн. Хандалт дунд зэрэг л байна. Одоохондоо хүмүүс мэдэж амжаагүй байх шиг байна. Гэхдээ манай үйлчилгээгээр яг одоогийн байдлаар 1500 гаруй файл дамжуулагдсан байгаа.

settings 1000

Тохиргооны хэсэг

#7. 1000.mn-ны бизнес загвар ямар байх вэ? Цаашдын ирээдүй зорилго, хөгжүүлэлтийн талаар дурдвал ямар боломж, нэмэлтүүд бий болох вэ?

Гаднын загварын адил явна гэж бодож байна. Илүү их хэмжээтэй файл дамжуулах төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлнэ. Та бүхэн анзаарсан бол маш том сурталчилгаа байрлуулах боломжтой. Гэхдээ үүнийг гол загвар гэж бодохгүй байгаа.

#8. Харж байхад дотоодод янз бүрийн шинэ содон үйлчилгээ сайтууд нээгддэг ч хэсэг хугацааны дараа алга болчихдог л доо. 1000.mn урт хугацаанд оршин тогтнож чадах уу?  

Монголд хэрэгцээтэй үйлчилгээ болохоор аль болох удаан байлгахыг хичээнэ.

#9. Dropbox, Google Drive, One Drive гээд үүлэн агуулах, файл дамжуулах үйлчилгээнүүд бий. 1000.mn үйлчилгээ тэднээс юугаараа ялгаатай вэ?

Ялгарах онцлог гэвэл Монголд байрлаж байгаа болохоор файл хуулж авах, татахад хамгийн хурдан. Бид гадаадаас интернетийн урсгалыг худалдаж авдаг. Тэгвэл Монголдоо энэ үйлчилгээг ашигласнаар энэ урсгалын багахан боловч хэмжээг Монголдоо үлдээх юм болов уу гэж бодож байгаа.

Эдгээр үүлэн үйлчилгээнүүд нь хэрэглэгч өөрийн файлаа хадгалахад зориулсан илүү хувийн тал уруугаа төвлөрч ажилладаг үйлчилгээнүүд байх. Харин 1000.mn зүгээр л хоорондоо файл дамжуулах үйлчилгээ юм. Мөн ямар ч бүртгэл шаардахгүй, ашиглахад маш энгийн хялбар юм.

#10. Би 490mb файлыг найз уруугаа шэйр хийсэн юм л даа. 2-3 цагийн дараа өнөөх холбоосоор ортол файл олдсонгүй гэж байсан. Энэ яг ямар учиртай вэ?   

Манай үйлчилгээнд файл татагдсан тохиолдолд шууд устгах гэсэн тохиргоо байдаг. Энэ тохиргоог ашигласан байж болох юм. Эсвэл эхний нэг хоёр хоногт тиймэрхүү алдаа гарч байсан тэр үеэр л байх.

#10. Уншигчдад хандан хэлмээр байгаа зүйл бий юу?

1000.mn веб сайтын үйлчилгээг үндэсний үйлдвэрлэл гэж хэлж болох тул үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Мөн веб сайтын олон боломжуудыг ашиглаж байгаарай. Их хэмжээтэй файл хуулахад хүлээх шаардлагагүй, хуулж дуусаад э-мэйл хаяг уруу татаж авах хаягийг нь шууд явуулдаг гэх мэт сонголтуудтай.

>>>ТУРШИЖ ҮЗЭХ>>>

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    bodio

    za bolioo wetransfer.com iig yag huulad hiitsen bna shdee. arai uur yum hiivel deer bishuu tertee tergui mongolchuud we transfer.c om iig yurn ashiglaad surtsan, erelt bhgui l bhdaa

  2. 2
    Шижрээ

    Туршиж үзсэн. Дажгүй хэрэгтэй юм хийсэн байна лээ. Би ихэвчлэн wetransfer-г ашигладаг бөгөөд багагүй хүлээдэг байсан бол энэ монгол хувилбар нь үнэхээр хурдан байсан. Ийм гоё сайтыг ийм хурдан хийнэ гэдэг чинь манай залуучууд мундаг байна шүү. Цаашид хүмүүст сайн таниулах л үлдлээ дэ. Баярлалаа.

  3. 3
    Мягаа

    Заа ёстой хэрэгтэй эд байнааа энэ чинь баярлалаа. Бүтээлч мундаг залуучууддаа 😀

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.