Facebook-н ирэх 10 жилийн төлөвлөгөө

Facebook-н ирэх 10 жилийн төлөвлөгөө


Facebook компанийн хамгийн том арга хэмжээ гэж хэлж болох F8 Conference 4 сарын 12-оос 13-ны өдрүүдэд хоёр хоногийн турш Fort Mason төвд явагдаж өнгөрсөн билээ. 2007 оноос эхлэн зохиогдож эхэлсэн уг арга хэмжээ бол энтрепренер, хөгжүүлэгч гээд facebook-тэй холбоотой ажилладаг хэн бүхний анхаарал, сонирхлыг татдаг арга хэмжээ гэж хэлж болох юм. Интернет, технологийн хүрээн дэх нөлөө бүхий том арга хэмжээ гэсэн ч болно. Жилдээ нэг удаа зохион байгуулагддаг “Eff eight” 2009, 2012, 2013 онуудад зохион байгуулагдаагүй аж. Магадгүй тус жилүүдэд зарлаад байх онцгой зүйл байгаагүй биз.

Энэ жил харин зарлах зүйл ихтэй онцгой жил байв. 2016 оны буюу энэ жилийн арга хэмжээн дээр тус компанийг үүсгэн байгуулагч, CEO Mark Zuckerberg Facebook компанийн 10 жилийн төлөвлөгөөг танилцуулснаас гадна онц сонирхолтой олон үйлчилгээ, бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. F8 арга хэмжээ Zuckerberg-н гол яриагаар эхлэв. Mark гарч ирээд яриагаа Facebook компанийн зорилго болох хүмүүсийг хооронд холбох, тэднийг үргэлж хамт байлгах, дэлхийг холбох талаар ярьснаар эхэлсэн. Мөн тэрээр АНУ-н ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа тэрбумтан Дональд Трампын хана босгоно гэх аймшигт санааг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Технологийн компанийн захирлууд улс төрийн үзэл бодлоо төдийлөн нээлттэй илэрхийлээд байдаггүй. Маркын энэ үйлдэл тун сонирхолтой үзэгдэл болсон юм. Тэрээр яг Трампын нэрийг дурдаагүй ч яриагаа интернетийн эрх чөлөөг хязгаарладаг улс орон болон хүмүүсийг хуваан хязгаарлах бодолтой Трампад хандаж хэлсэн нь тодорхой. CEO Mark Zuckerberg-н хэлж байгаагаар иймэрхүү үзэл санааны эсрэг тэмцэх явдал бол Facebook компанийн ирэх 10 жилийн төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг аж.

Дэлхийгээр аялж эргэн тойрноо ажиглах бүрдээ би нэг л зүйлийг олж хардаг. Глобол дэлхий, холбогдсон дэлхий гэх санааны эсрэг, дотогшоогоо хандсан хүмүүсийг олж хардаг. Бусад хэмээн нэрлэгдэх тэдгээр хүмүүсийг өөрөөсөө хөндийрүүлж, тусгаарлах хана барина гэх аймшигт үзэл санааны талаар би маш их сонссон. Чөлөөтэй илэрхийлэх хүний эрхийг хаах, цагаачлалыг багасгах, худалдааг бууруулах, зарим тохиолдолд бүүр интернетэд холбогдох боломжийг хязгаарлах гэх зүйлсийг тэд ярьдаг. Айдсыг бус харин итгэл найдварыг сонгоход зориг хэрэгтэй. Хүмүүс чамайг үргэлж гэнэн гэж дуудах болно. Гэхдээ урагш хийсэн чухал алхам бүрийн ард өнөөх итгэл найдвар, өөдрөг үзэл үргэлж оршиж байдаг юм.

Mark Zuckerberg

Дараагаар нь Марк Зукерберг Facebook компанийн ирэх 10 жилийн төлөвлөгөөний зорилгыг илтгэсэн өгүүлбэрийг үзүүлсэн юм. 10 жилийн турш хэрэгжүүлэх, хийх, хүрэх зорилгоо хэрхэн нэг өгүүлбэрт багтаасан болохыг та бүхэн доорх өгүүлбэрээс харна уу.

GIVE EVERYONE THE POWER TO SHARE ANYTHING WITH ANYONE.

Everyone: Энэ хэсэгт юу ярив. Өнөөдөр та дэлхийн өнцөг булан бүрд байгаа дурын хүнтэйгээ интернетээр холбогдон харилцаж чадна. Гэхдээ танд байгаа шиг ийм боломж хүн бүрд байхгүй. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь буюу 4.1 тэрбум хүн интернетэд холбогдоогүй байна. Тийм ээ тэд нэг ч хүн үлдээлгүй бүгдийг нь интернетэд холбох гэж байна. Яаж вэ гэж үү? Эхлээд дэд бүтцийн талаар ярьсан дээр байх. Facebook компани Connectivity Lab-даа Aquila гэх жижиг тэрэг шиг жинтэй, тэнгэрт 100 өдрийн турш нисэх боломжтой, интернет түгээх дрон онгоцыг бүтээж байгаа. Интернет холбогдоогүй бүсүүдийн дээгүүр эдгээр дрон онгоцнууд нисэж асар хурдан лазер технологийн тусламжтай интернет түгээнэ. Африк тивийн дээр хиймэл дагуул хөөргөж бүхий л Африкийг интернеттэй болгох төсөл дээр мөн ажиллаж байна. Гэхдээ энэ бүхэн одоогийн байдлаар бүгд туршилтын шатандаа яваа төслүүд. Хэзээ амьдралд хэрэгжих нь тодорхойгүй ч ирэх 10 жилд биеллээ олох нь дамжиггүй. Бодитоор хэрэгжиж байгаа төсөл гэвэл FreeBasics (Internet.org)-г хэлж болно. Энэ талаар бид өмнө нь мэдээлэлж байсан. Сүүл хэсэгт энэ талаар илүү ихийг дурдана.      

Anything: Бүхий л зүйлийг. Энд юу орж байна вэ? Зураг, видео, тэмдэглэл, зурвас, байршил, файл, нийтлэл гээд юм бүхэн үүнд багтана. Facebook GIF дэмждэг болж Stiker, Emoji гээд бүхий л зүйлийг агуулж байна. Бүүр 360 өнцгийн видеог хүртэл дэмждэг болсон. Юу хүссэн түүнийгээ л түгээ.

Anyone: Хэн бүхэн дурын зүйлээ хуваалцах боломжтой боллоо. Одоо тэгвэл хэнтэй хуваалцах вэ? ТА – найзтайгаа, гэр бүлтэйгээ, найзуудтайгаа, группийн гишүүдтэй, дагагчидтайгаа, хэрэглэгчидтэйгээ, дэлхийтэй гээд хэнтэй ч хуваалцаж болж байна. 

 10 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

fb roadmap

№1. Facebook компанийн ирэх 10 жилийн төлөвлөгөө

Компанийн 10 жилийн төлөвлөгөө 3, 5, 10 жил гэсэн үндсэн 3 үечлэлээс бүрдэх аж. Facebook платформ үүсээд хэдийнээ 10 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд асар олон хэрэглэгч, шинэ нэмэлт, үйлчилгээг бий болгож, одоо ч үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Ирэх 3 жилийн хугацаанд facebook платформын экосистемийг үргэлжлүүлэн хөгжүүлэх аж. Экосистем гэхээр энд хөгжүүлэгч, хэрэглэгч, партнерууд, бизнес эрхлэгчид гээд бүхий л талыг оролцуулж болно.

Ирэх 5 жилийн хугацаанд бүтээгдэхүүнүүдээ улам л хөгжүүлэх аж. Facebook Messenger гэхэд л өнгөрсөн нэг жилийн хугацааны хамгийн өсөлттэй аппуудын нэг болж сард 900 сая хүн хэрэглэж байна. Facebook-н худалдаж авсан Whatsapp чатыг гэхэд л тэрбум гаруй хүн өдөр тутам хэрэглэж байна. Whatsapp-д хийгдсэн сүүлийн үеийн шинэчлэл гэвэл тэд Telegram-н адил зурвасыг нууцлан илгээдэг болсноос гадна олон гишүүнтэй групп чаттай болсон гээд бусад чатын хийж чаддаг зүйлсийг мөн л хийдэг болж байна. Messenger-г ашиглан  60, харин Whatsapp-г ашиглан 20 тэрбум зурвасыг хүмүүс өдөрт хоорондоо илгээдэг байна.

Messenger

Тус арга хэмжээний онцлох агшин буюу Messenger-н дараагийн үе болох Messenger Platform-г Maрк Зукерберг зарлав. Messenger-т байрлах ухаалаг, хиймэл оюун ухаанд суурилсан ботууд гэсэн үг л дээ. Марк жишээ болгон CNN мэдээллийн сайт болон цэцэг хүргэлтийн 1-800 flowers-н ботуудыг хэрхэн яаж ашиглаж байгааг цугласан олонд үзүүлсэн юм.

spring bot

Spring Bot-оор худалдан авалт хийж буй нь

Өмнө нь бид бүхэн бизнесийг утсаар эсвэл биечлэн ярьж хэлэлцдэг байв. Веб бий болсноор сайтууд төрөн гарч онлайн талбарт бизнес явагдаж эхлэх нь тэр. Дараагийн үе буюу мобайл орчинд бизнесийн байгууллага бүр өөрийн гэсэн апптай болохыг эрмэлзэнэ. Хэдэн зуун бизнес, үйлчилгээг хэрэглэгч гар утсан дээрээ суулгаад ашиглана гэж байхгүй. Угаас багтахгүй, амжихгүй биз. Тэгвэл эдгээр бизнес, үйлчилгээнүүд бүгд мессенжерт бий болох нээ. Та мессенжер дотроосоо ном захиална, такси дуудна, мэдээ хүлээн авна, хоол захиална, бараа бүтээгдэхүүн худалдан авна, ширээ, киноны билет захиална, мөнгө шилжүүлнэ гээд ер нь бол боломжит бүхнийг хийх аж. Энэ бол тийм ч шинэ зүйл биш л дээ. Учир нь Хятадын WeChat аль тэртээ 4 жилийн өмнө энэ бүгдийг хийгээд эхэлчихсэн. Telegram чат хүртэл энэ бүгдийг хийгээд удаж байна. Ямарчил байсан Facebook анхдагч биш гэхдээ тэдэнд асар олон  тооны хэрэглэгч бий.

https://www.youtube.com/watch?v=44sq8zxO_q0

Видео

Facebook компани анх зөвхөн олны танил, алдартай хүмүүст зориулсан Live гэх онлайн видео цацах нэмэлт үйлчилгээг танилцуулж байсан ч удалгүй уг үйлчилгээг хүн бүрд нээлттэй болгосон билээ. Дурын хүн ухаалаг утаснаасаа шууд дамжуулалт хийнэ гэсэн үг л дээ. Тоглолт, ярилцлага, хурал семинар, төрсөн өдөр, хүчээл гээд бүхий л зүйлийг дамжуулж болно. Live үйлчилгээг Twitter компанийн Periscope, Meerkat зэрэг аппудийн өрсөлдөгч гэж хэлж болно. Гэхдээ Live-н бусдаасаа ялгагдах нэг зүйл нь таны шууд цацсан видео Timeline дээр хадаглагдан үлдэнэ. Улмаар өнгөрсөн ч гэсэн хэн ч орж нөхөн үзэж болно. Мөн тус арга хэмжээний үер Live API-г хөгжүүлэгчдэд нээлттэй болгож байгааг FB зарласан юм. Ингэснээр та шууд видеог дрон, камер гэх мэт дурын төхөөрөмжөөс цацах боломжтой болно. Facebook компанийн тооцоолсноор Live хийж байх үед хүмүүс жирийн үеэс 10 дахин их сэтгэгдэл бичдэг аж. Мөн facebook дээрх видео үзэлтийн тоо, видео бичлэгийн эрэлт өмнөх жилүүдээс 60%-иар өссөн байна. Хэрэглэгчид янз бүрийн юм унших, зураг үзэхээсээ илүү видео үздэг болсон гэсэн үг л дээ. Иймээс тусдаа Video Tab-г хүртэл үүсгэж байгаа юм байна. Тус TAB дээр хамгийн эрэлттэй, таны найзуудын, лайк дарсан хуудаснуудын гээд  бүхий л Live-үүд, видеонууд ангилагдан харагдах аж. Та бид онлайн видеоны алтан үе дээр ирээд байгаа бололтой. Зарим нэг шинжээчдийн үзэж байгаар Facebook LIVE телевизийн салбарт хүртэл аюул учруулж магадгүй бололтой. Buzzfeed сайт резинэн боолтоор тарвас дэлбэлж байгаа туршилтаа LIVE-ээр шууд цацтал 800,000 хүн шууд үзсэн байна. Хэрэглэгчид ямар нэг нэвтрүүлгийг facebook-ээсээ шууд хүлээн авч үзэх юм. Танд үнэхээр янзын нэвтрүүлэг хийх санаа байгаа юу? Тэгвэл танд мэргэжлийн студи, телевиз хэрэггүй бололтой. Ухаалаг утас, Facebook, тэгээд та өөрөө болон таны санаа байхад л энэ бүхэн биелнэ.

video

Цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардсан төслүүд 10 жилийн төлөвлөгөөнд багтаж байгаа нь дамжиггүй. 10 жилийн төлөвлөгөө үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Үүнд:

Connectivity

Яагаад дэлхийн хүн бүр одоог болтол интернетэд холбогдоогүй байгаа нь дараах 3 шалтгаантай аж. Нэгт тухайн хүмүүст үйлчилгээг хүргэх дэд бүтэц байхгүй буюу ашиглахад бэлэн бус байгаа. Хоёрт үйлчилгээг хүргэх боломжтой хэдий ч боломжийн үнэ өртөгтэй бус байна. Гуравт интернетийг ашиглах анхан шатны мэдлэг ойлголт эдгээр хүмүүст байхгүй аль эсвэл тааруу байгаа юм. Эхний асуудлыг шийдэх үүднээс Facebook компани өндөр хурдны интернет түгээх Aquila дрон болон Африкийн дээр хөөрөх AMOS-6 хиймэл дагуулыг хөгжүүлэн хөөргөх гэж байна. Мөн шинэ технологи болох Terragraph зэргийг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Мөн эдгээр төслүүд хэрэгжвэл интернетийн үнэ өртөг буруулах бүрэн боломжтой. Хоёр дахь асуудал болох үнэ.  Дата бол тийм ч боломжийн үнэтэй бүтээгдэхүүн биш. Хүн болгон авч ашиглаад байж чадахгүй. Ашигласан ч мөнхийн хязгаарлалт дунд ашиглана. Энэ асуудлыг шийдэх үүднээс Facebook компани бага дата зарцуулах Facebook-н Lite хувилбарыг гаргажээ. Утас, үйлдлийн систем, багтаамж, сүлжээ голохгүй ажиллах 1 мегабайт ч хүрэхгүй хэмжээтэй апп. Мэдээж хэрэг ядуу буурай, хөгжиж буй орны ард иргэдэд зориулсан хувилбар л даа. Маш бага дата зарцуулах, 2G гэх мэт сүлжээний орчинд хүртэл ажиллах уг аппийг өнөөдрийн байдлаар 100 сая гаруй хүн ашиглаж байна.

terragraph-f8

Гурав дахь асуудал болох интернет ашиглахын ач тусыг эдгээр хүмүүст хэрхэн ойлгуулж, яаж ашигладаг болгох вэ? Internet.org төслийн хүрээн дэх Free Basics үйлчилгээ. Тухайн бүс нутгийн үүрэн телефоны операторуудтай хамтран FreeBasics-аар дамжуулж үнэгүй интернет түгээнэ. Юу гэсэн үг вэ гэвэл та FreeBasic аппаар дамжуулж тодорхой тооны сайтууд уруу үнэгүй хандана. Ажил зар тавьдаг, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг, санхүүгийн хичээл тавьдаг, цаг агаар, толь бичиг, онлайн ном, wikipedia, bing хайлтын систем, facebook гэх зэрэг түгээмэл ашигладаг хэрэгцээт сайтууд үүнд багтана. Өнөөдрийн байдлаар 25 сая гаруй хүн тус үйлчилгээг ашиглаж байна. Хоёр жишээ дурдъя гэж бодлоо. Индонези улсад гэхэд JOFOM үйлчилгээгээр хүмүүс ажил хайж, ажилд орж, орлого олж байна. Колумб улсад гэхэд л цахим эрүүл мэндийн платформ 1DOC3-оор дамжуулж хүмүүс эрүүл мэндийн зөвлөгөө авч байна. Тус сайтын хандалтын 25%-н FreeBasics-аар дамжин орж ирж байгаа аж. Өмнө нь огт интернет ашиглаж байгаагүй хүнд бол эдгээр сайтууд эхний ээлжид хангалттай бололтой. Улмаар тухайн хэрэглэгч ашиглаж сураад, туршлага суусны дараагаар хүсвэл дата авч илүү ихийг хэрэглэж болно. Энэ тохиолдолд тухайн хэрэглэгч өөрийн мөнгөөр дата авч хэрэглэх юм. Энэ загвар бол оператор, Facebook, хэрэглэгч гэх гурван талдаа ашигтай win-win-win загвар юм. Facebook компани шинэ хэрэглэгчтэй болж, оператор мөн дата хэрэглэгчтэй болж, харин хэрэглэгч мэдлэгээ тэлж өөрийн амьдралд эерэгээр ашиглана. Монгол улс ч гэсэн Free Basics үйлчилгээнд нэгдсэн. Mobicom, Skytel, Gmobile-н хэрэглэгчид сүлжээ орсон бүхий л газраас дээрх сайтууд болон дотоодын GOGO мэдээ, цаг агаар, зурхай, валютын ханш, манай YOUNGREADER сайт уруу хандаж болно. Free Basics аппыг суулгахыг хүсвэл Mobicom-н сайт орж татаж аваарай.

AI буюу хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухааныг улам илүү сайжруулж, хэрэглээнд нэвтрүүлнэ. Microsoft, Apple, Google, Amazon гээд технологийн томчууд бүгд л хиймэл оюун ухаанд суурилсан туслахуудаа гаргаад байгаа билээ. Ер нь бол технологийг хиймэл оюун ухаангүйгээр төсөөлөхөд тун бэрх болж. Э-мэйл, календарь, keyboard, сошиал сайтууд бүгд л тодорхой хүрээнд энэ технологийг ашиглаж байна. Facebook хүртэл өөрсдийн хиймэл оюун ухаант туслах болох M-г хөгжүүлж байгаа. Эдгээр туслахууд нь яваандаа таны дотнын найз, туслах болох юм. Та бараа бүтээгдэхүүн захиалах, ажлаа төлөвлөх, тооцоо гаргах, захиалга өгөх гээд бүхий л зүйлээ эдгээр туслахтайгаа ярьж, хийж, шийдэх болно. Өнөөдрийн байдлаар гэхэд л Facebook компани зураг тааглах, newsfeed-н зохион байгуулалт, messenger зэрэгт хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Хэдхэн хоногийн өмнө хүртэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан зураг танин, уг зурагт юу агуулагдаж байгааг хэлдэг нэмэлтийг Facebook компани амжилттай танилцуулсаныг та санаж байгаа байх.

Newsfeed-н хувьд гэвэл AI таны ямар хуудсанд лайк дарсан, хэнтэй найз, хаана сэтгэгдэл бичсэн, юу сонирхдог зэрэгт үндэслэн newsfeed-г тань боловсруулдаг аж. Одоогоор ийм л түвшинд ажиллаж байна. Хэрэгтэй, хэрэггүй хэчнээн зүйлс бидний newsfeed дээр харагдаж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Цаашдаа юу болохыг төсөөлөөд үздээ AI улам л сайжирч хуудаснуудын юу постлож байгааг шинжлэн. Зураг, текст, видео зэрэгт юу гарч, юу өгүүлж байгааг таньж мэднэ. Улмаар танд зөвхөн таны сонирхдог сэдвийн хүрээний зүйлсийг л харуулах болно. Түүнээс лайк дарсан хуудас болгоны постыг харуулахгүй. Эсвэл та facebook-тэй ярилцаж болох юм. Миний найз Болд ойрд юу хийж байна? гэж асуухад л facebook танд Болдтой холбоотой сүүлийн үеийн бүхий л зүйлсийг хэлнэ аль эсвэл харуулах болно. AI-н боломж мөн л  хэмжээлшгүй өргөн хүрээг хамарна. AI таны хавдрын шинжилгээний зургийг шинжилж ямар ч мундаг эмчээс илүү хамгийн нарийн, хамгийн үнэн хариуг хэлнэ гээд боддоо. Гайхалтай биш гэж үү?

VR болон AR  

Энтертаймент салбарын цоо шинэ талбар. Яахав энтертаймент тал нь давамгайлж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ асар их боломжийг агуулж буй салбар. Facebook компани Oculus гэх VR толгойн өмсгөл хийдэг стартапыг худалдан авсныг та бүхэн санаж байгаа байх. Oculus-н анхны бүтээгдэхүүн болох Rift өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн дан өмсгөл нь 599$-оор анхны хэрэглэгчиддээ хүрч эхэлсэн. Одоогийн байдлаар тус платформ нийт 50 тоглоом, 2 сая цагийн видео контентуудтай байна.

Та VR орчинд интернетээр хэснэ гээд боддоо. Мэдээллийн сайтуудыг яг ямар байдлаар уншихыг би ч сайн гадарлахгүй л байна. Магадгүй нийтлэл дээр өгүүлэгдэх зүйлс таны хажууд 3d-ээр харагдах ч юм билүү. Өмнө дурдсанчлан VR/AR асар өргөн боломжийг агуулж байгаа. Жишээлбэл дунд сургуулийн сурагчид химийн, физик, газар зүйн хичээлтэй холбоотой туршилтаа VR орчинд, бодит юм шиг л хийнэ. Ямар ч лабораторийн нэмэлт тоног төхөөрөмж хэрэггүй. Хүүхдүүд од гарагийг хажууд нь, огторгуйд буй мэт л харж үзэж, судална. Дэлхийн цөм, газрын давхаргыг нэг бүрчлэн үзэж, нарийн ялгааг нь олж үзэх боломжтой. Эрүүл мэндийн салбарт гэхэд л VR ашиглан хагалгаа хийж байна. Эмч VR өмсгөлөө өмсөн VR орчинд хагалгаа хийнэ, харин робот гарууд бодит орчинд хагалгааг гардан хийнэ. AR-н хувьд гэвэл VR-аас бага зэрэг ондоо. Augmented буюу нэмэлт орчинг бий болгон гэсэн утгатай. Хамгийн ойрын жишээ гэвэл Microsoft-н Hololens-г хэлж болно. Бодит орчин дээр хиймэл орчинг нэмнэ гэсэн үг л дээ. Ирээдүйд эдгээр Rift, Gear гэсэн толгойн өмсгөлүүд илүү нарийн болж яг л нүдний шиг хэмжээтэй болох болно хэмээн Mark Zuckerberg арга хэмжээн дээр онцлон хэлсэн юм. Гэхдээ энэ нь одоохондоо ердөө концепци төдий л зүйл аж.

oculus

Oculus Rift

Developers

Хөгжүүлэгчдийн хувьд гэвэл тэдэнд зориулсан хэд хэдэн шинэ нэмэлтүүд бий болжээ. Үүнд Account Kit, Save to Facebook button, Push Notification, People Insights, Save, Instant Articles гэх мэт зүйлс багтаж байгаа юм. Тэр тусмаа Instant Articles-г онцлон хэлмээр байна. Хурдан, энгийн, үзэмжтэй нийтлэлийг Facebook дээр үүсгэх, мэдээллийн сайт, блогуудад зориулсан нэмэлт боломж гэж хэлж болно. Instant Article-г таних маш амархан, тухайн постны баруун дууд буланд аянгын зураг байрласан байгаа. Хэрэглэгч facebook аппаасаа гаралгүйгээр тухайн нийтлэлийг унших юм. IA уншигчдийн тоо, түгээх тоо, сайтын хандалт зэргийг өсгөнө хэмээн Facebook үзэж байгаа аж.

Facebook Surround 360 Camera

Мөн тус арга хэмжээн дээр Facebook компани өөрсдийн зохион бүтээсэн, өндөр чанартай 360 видео хийх камерыг танилцуулсан юм. Мэдээж хэрэг тэд камерын зах зээлд хүч үзэхийг хүссэнгүй, харин тус камерын бүхий л материалыг нээлттэй байхаар хэн бүхэнд ил болгожээ. Ингэснээр дурын хөгжүүлэгч тус камерын технологийг ашиглаж болно. Зорилго нь мэдээж хүмүүсийг 360 хийхэд уриалах буюу аль болох олон контент үйлдвэрлэх боломжоор хангах юм.

facebook-360-surround

Facebook Surround 360 camera

Building 8

Шинэ лаборатори Building 8-г байгуулав. Ирэх 10 жилийн хугацаанд VR/AR, AI, Internet Access-н хөгжил асар хурдтай явагдах тул салбар, чиглэл, зориулалт тухай бүрд тохирсон аппарат, төхөөрөмж, өмсгөл, эд анги хэрэгтэй. Энэ үүднээс техник хангамжийн шинэ лабораторийг байгуулсан байна. Тус хэсгийг ахлах, удирдан залах хүнийг Facebook компани өрсөлдөгчөөсөө урвуулан авчээ. Пентагоны DAPRA судалгааны лабораторийг 2009-2012 онд, Google X төслүүдийг 2012-2016 он хүртэл удирдаж байсан доктор Regina Dugan юм. Тус лабораторид зориулж Facebook компани хэдэн зуун ажиллах хүч, сая долларыг ирэх жилүүдэд зарцуулах болно хэмээн тус арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

snip

Ирээдүйн VR/AR шил. Building 8 үүнийг л хийнэ.

Эцэст нь хэлэхэд Facebook-н эзэнт гүрэн хүчирхэгжин томорсоор, Mark Zuckerberg-н амбицтай төлөвлөгөө ирээдүйг тодорхойлсоор. Гэхдээ зөвхөн Facebook-н ирээдүйг.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.