Аман маркетинг (WoM) хэрхэн ажилладаг вэ?

Аман маркетинг (WoM) хэрхэн ажилладаг вэ?


Аман маркетинг (Word-of-Mouth Marketing) нь зар сурталчилгааны хамгийн анхны хүчтэй хэлбэрүүдийн нэг хэмээн тооцогддог. Ихэнх бизнес эрхлэгч үүнийг ашигладаг ч хэрхэн ажилладгийг мэддэггүй.
Зарим хүмүүс аман маркетингийг зүгээр л “яг л цаг агаар шиг” болчихдог зүйл гэж боддог. Тиймээс тэд үүнийг байгаагаар нь орхидог. Харин та өөрийн бизнест аман маркетингийг үр бүтээмжтэйгээр хөгжүүлэхийг хүсвэл бусад зар сурталчилгаатай адил илүү зохион байгуулалттай, бодолтой хөдлөх хэрэгтэй. Эцэст нь хэрэв та энэ аргыг сонговол өөрийн бизнесийг Ам дамжсан яриагаар дамжуулан бараг 100 хувь бусдад хүргэж чадна. Ам дамжсан маркетингийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь системтэйгээр хүмүүстэй уулзах болон харилцаа холбоогоо сайжруулах нарийн төлөвлөгөө боловсруулахад оршино. Ингээд танд болон танай борлуулалтын ажилтанд өөрийн аман маркетингийг бий болгох 11 аргийг хүргэе.

1. Ганцаараа битгий бай. 

Гадуур гар хүмүүстэй уулз. Долоо хоног бүр холбоо тогтоохыг хүссэн, эсвэл харилцаагаа зузаатгахыг хүссэн хүмүүстэйгээ уулзалт төлөвлө.

2. Хэрхэн хүсэлт тавих тухай мэддэг байх. 

Өөрийн хүссэн зүйлээ бусдаас асуух, хүсэлт тавих чадварыг хөгжүүлэх хэд хэдэн арга байдаг. Эдгээр аргуудаас хамгийн энгийн нь асуулт асуух юм. Мөн өөрт чинь туслах болон өөрөө тусалж чадах хүмүүсээ ч гэсэн тодорхойлоорой.

3. Дараагийн 3 сард хамгийн багадаа 3 өөр бизнес эсвэл байгууллагатай холбоо тогтоо. 

Эдгээр нь худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхим, олон нийтийн үйлчилгээний байгууллага эсвэл худалдааны нийгэмлэг байж болно. Тодорхой нэг байгууллагад элсэхэд тухайн газар олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байх нь чухал. Мөн нэг төрлийн үйл ажиллагаанд нэгээс илүү газар орохгүй байх хэрэгтэй. Үгүй бол таны шударга байдал алдагдаж, хэт олон хүнд амлалт өгөх шаардлага гарна.

4. Заавал харилцаатай байх хүмүүстээ итгэл төрүүлэхийн тулд урамшуулах арга ол. 

Жишээ нь хөгжмийн дэлгүүрийн эзэн өөрийн бизнесийн харилцагчидруугаа тоглолтын билет явуулах.

5. Уулзалтад явахдаа холбоо тогтоох хэрэгслүүдээ байнга авч явж бай. 

Жишээ нь өөрийн нэрийн хуудас мөн бусад хүмүүсийн нэрийн хуудас хийх сав гэх мэт

6. Өөрийн бусадтай харилцах чадвараа нэмэгдүүлэхэд цаг зарцуул. 

Ном болон нийтлэл, ярилцлага унш, хуурцаг сонс бас харилцааны талаар сайн мэддэг хүмүүстэй ярилц. Бусадтай зөв боловсон харилцах чадвар нь олдмол буюу хүмүүсийн хичээл зүтгэлээр олж авдаг чадвар юм.

7. Бизнесийн уулзалтад явахдаа зочин шиг биш зохион байгуулагч шиг идэвхтэй бай. 

Хэрвээ та уулзалт цуглаанд шинэ харилцаа тогтоож, эргэн тойрондоо өөрийгөө таниулахын оронд ажилчид эсвэл таньдаг хүмүүстэйгээ очиж цуг өнгөрөөж байгаа бол та цагаа дэмий үрж байна. Уулзалт, цуглаан нь таныг бусдаас ялгарахад тусалдаг. Таны хамгийн гол үүрэг бол бусадтай танилцаж, холбоо тогтоох юм.

8. Өөрийн байгууллага бизнесийн талаар 60н секундэд ярьж сур. 

Өөрийн бизнесийг бусдын толгойд шууд төсөөлөгдөхөөр, товч тодорхой тайлбарлахын тулд амархан тогтоогдох танилцуулга, бусдын анхаарлыг татах хэллэгийг бодоорой. Жишээ нь аялал жуулчлалын агент өөрийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахдаа дараах үгийг ашигладаг – “Нийт ослын 90% нь гэрт тань болдог. Тиймээс бүгдээрээ аялцгаая!”

9. Хэн нэгэнтэй нэрийн хуудас солилцохдоо агшин зуур нэрийн хуудсыг эргүүлэн харж, тухайн хүн эсвэл бизнесийнхэн тухай товч тэмдэглэл хөтлөөрэй. 

Ингэснээр тань харилцаа тогтоох, дараа нь санахад илүү амар байх болно. Энэ үйлдэл нь харилцагчдад эерэг сэтгэгдэл төрүүлэх бөгөөд харилцаандаа илүү нухацтай хандахад тусалдаг. Анхны сэтгэгдлийг өндөр тусгаж, хамтрагч болоход туслах маш энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

10. Бага ярьж илүү их сонс. 

Сайн хамтрагч байхын тулд хүнд 2 чих 1 ам байгаа гэдгийг байнга санаж яваарай.

11. Бизнесийн уулзалтаас бусад үед хүмүүстэй холбоотой бай. 

Үйл ажиллагаанд урих, сонирхол татах мэдээлэл хүргэх, захиа бичих зэрэг байнга холбогдож байх хэрэгтэй.

Та өөрийн хүрээнээс илүү өргөн харилцаанд холбогдсон байдаг. Дээрх аргуудыг хэрэгжүүлснээр таны хүрээнээс давсан харилцаа дундаас ашиг тусыг авах болно. Бусадтай харилцаа холбоогоо хөгжүүлж өөрийн боломж бололцоог нэмэгдүүлснээр та аман маркетингийг хэр үр дүнтэй болохыг харах болно.

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.