Tesla нийтэд зориулсан Model 3 загвараа танилцууллаа

Tesla нийтэд зориулсан Model 3 загвараа танилцууллаа


Өнөөдөр 12:30 минутад Tesla Motors компани автомашины салбарт хувьсал хийх цоо шинэ загварын машинаа танилцууллаа. Тус компанийн CEO Элон Маск нийтэд зориулсан боломжийн хямд үнэ бүхий Model 3 загварын цоо шинэ цахилгаан машинаа өөрийн биеэр танилцуулсан юм. Суут сэтгэгч хүлэмжийн хийн асуудал, дэлхийн дулаарлын талаар ярьж эхэлснээр танилцуулга эхлэх нь тэр. Тэрээр “Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл эх дэлхийн ирээдүйд маш чухал” хэмээн онцоллоо.

model3event

Мастер төлөвлөгөө танилцуулж буй Элон Маск

Үүний дараагаар тэрээр Тесла Моторс компанийн мастер төлөвлөгөөний талаар ярьсан юм. Тус мастер төлөвлөгөө нь 4 үе шатнаас бүрдэх аж. Эхний үе бол Roadster-н хөгжүүлэлтийн үе бөгөөд маш өндөр үнэтэй цөөн тооны машин үйлдвэрлэх. Тус үе шатанд Тесла Моторс өөрсдийгөө тунхаглан зарлаж зах зээл дээр гарч ирсэн. Хоёр дахь үе бол Model S буюу седан загварын өндөр үнэтэй машиныг дундаж хэмжээгээр үйлдвэрлэх. Мэдээж хэрэг энэ үе шат нь дэлхий нийтэд цахилгаан машины хэлбэр загвар, хүчин чадал, боломжийг бүрэн харуулах байв. Гурав дахь үе шат бол SUV төрлийн Model X загварыг үйлдвэрлэх. Мөн л дээрх седан загвартай ижил хэмжээ үнээр үйлдвэрлэн гаргасан. Ийнхүү өнөөдөр тус төлөвлөгөөний дөрөв дэх үе шат ил болж байна. 2 болон 3 дугаар шатны машинаас хавьгүй жижиг хэмжээтэй, боломжийн үнэтэй, массд зориулсан, их хэмжээгээр үйлдвэрлэх Model 3 загвар бэлэн болжээ. Тус арга хэмжээний үеэр Маск S болон X загварын машиныг худалдан авсан хэрэглэгчдэд талархсанаа илэрхийлсэн юм. Учир нь тус загваруудаас олсон орлогын тусламжтайгаар Model 3 загвар бэлэн болсон байна.

model3

Model 3 загвар

Model 3 загварын үзүүлэлтүүдээс дурдвал нэг удаагийн цэнэглэлтээр 346 км замыг туулна, 100 км/ц хурдыг 6 хүрэхгүй секундэд авна, автомат жолоодлогын горимтой, 5 том хүн суух боломжтой, супер цэнэглэлтийн горимтой аж. Цахилгаан машин $35,000 үнээр худалдаалагдана. Маскын хэлснээр Теслагийн автомашинуудын хамгийн гол үзүүлэлт бол аюулгүй байдал. Тиймээс ч шинэ загвар хагас автомат горимтой хэрэглэгчдэд хүрч байгаа аж.

model3_1

Model 3

Мөн Тесла компани АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцуудын тоогоо 2017 оны эцэс гэхэд 2 дахин нэмнэ гэдгээ мэдэгдсэн.(7200, 15000 хүргэнэ) Ингэснээр та аяллын бүрэн эрх чөлөөг мэдрэх болно. Хүссэн газраа төвөггүй хүрнэ. Tesla-н Fremont дахь үйлдвэр бүхэн баригдаж дууссан тохиолдолд жилдээ 500,000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай болох аж. Мөн энэ өдөр Gigafactory үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг Элон мэдэгдлээ.

model3_2

Model 3

Уг арга хэмжээнээс болохоос нэг цагийн өмнө онлайн захиалгыг Тесла компани өөрсдийн веб хуудсаараа авч эхэлсэн юм. 24 цагийн дотор 115,000 хүн $1000 төлж урьдчилсан захиалга өгчээ. Юу гэсэн үг вэ гэвэл хүмүүс авах гэж байгаа машинаа хараагүй байж захиалга өгсөн гэсэн үг. Теслад итгэх худалдан авагчдын итгэл ийм л төвшинд хүрсэн байна. Байгаль орчинд ээлтэй, өнгө үзэмж үзүүлэлт сайтай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнд хүмүүс ямар их ач холбогдол өгч байгааг та бүхэн эндээс харж байгаа байх. Таны захиалсан машин 2017 оны сүүлээр таны гарт хүрнэ. Хүн бүр цахилгаан машин унах боломжтой боллоо.

Доорх бичлэгээс танилцуулгын хэсгийг үзнэ үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.