Энтрепренерүүдийн гаргадаг топ 10 алдаа

Энтрепренерүүдийн гаргадаг топ 10 алдаа


Гай Кавасаки-г сошиал ертөнцөд танихгүй энтрепренер, бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. Тэрээр 1983-1987 онуудад Apple-н Macintosh багт маркетингийн мэргэжилтэн, эвангелистаар Стив Жобстай хамт ажиллаж байсан нэгэн. Дараагаар нь тэрээр Apple-аас гарч технологийн компани удирдаж, өөрөө ч бас байгуулсан түүхтэй. 1995 онд Кавасаки Apple-д эргэн ирж ахлах эвангелистаар 3 жил хэртэй ажиллаж байгаад Цахиурын хөндийн Garage Technology Ventures хөрөнгө оруулалтын санг хамтран үүсгэн байгуулалцжээ. Үүний дараа тэрээр Truemors гэх стартап компанийг мөн эхлүүлж NowPublic-т амжилттай худалдсан юм. Эдгээр жилүүдийн дунд зохиолч, илтгэгчийн замналаа чамгүй амжилттай эхлүүлж Startup 2.0, The art of Social media гэх номуудыг бичиж хэвлүүлсэн. Ийнхүү 2014 оноос эхлэн тэрээр Canva-н ахлах эвангелистаар ажиллаж байна. Canva-н талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж уншаарай. Кавасаки маркетингийн салбарт эвангелист гэдэг үгийг алдаршуулж, IT эвангелизм, эвангелист маркетинг гэх ойлголтыг гаргаж ирсэн хүн. Магадгүй миний мэдэх хамгийн мундаг эвангелист байх.

Саяхан болж өнгөрсөн Startup Grind Global 2016 арга хэмжээн дээр 61 настай Кавасаки “Энтрепренер хүний топ 10 алдаа” хэмээх сэдвээр яриа хийсэн юм. Кавасаки олон ч энтрепренерүүдтэй ажиллаж, өөрөөр ч гэсэн олон компани байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн топ 10 алдааг олж илрүүлсэн аж. Залуу энтрепренерүүдийг эдгээр 10 алдааг гаргахаас нь урьдчилан сэргийлэх үүднээс хэрхэн шийдвэрлэхийг хүртэл хэлж өгчээ. Ийнхүү тус илтгэлд тавигдсан топ 10 алдааг та бүхэнд хүлээн авна уу.

АЛДАА #1: Том тооны 1%. Кавасаки цахиурын хөндийн нэг жишээг дурдав. 300 сая америкчуудын 4-ны нэг нь нохой тэжээдэг гэхээр 75 сая хүн. Нохой бүр өдөрт хоёр лааз хоол иднэ гэхээр өдөрт 150 сая лааз хоол хэрэглэнэ. Тэгвэл энэ 150 сая ширхэг нохойн хоолны зах зээлийн 1%-г эзэлнэ гэхээр 1.5 сая ширхэг. Иймэрхүү зүйлийг тэр бараг өдөр бүр л сонсдог аж. Хятад 6 тэрбум хүн амтай бид зөвхөн 1% зах зээлийг л эзэлж чадвал ямар гайхалтай хэрэг вэ. Гэвч энэ нь тун хэцүү тул алдаа болж байгаа юм. Мөн ухаалаг хөрөнгө оруулагч бол иймэрхүү зүйл сонсохыг огт хүсэхгүй аж.

Шийдэл: Хамгийн багаас эхэлж тооц. Дээрх жишээг үргэлжлүүлэн авч үзье. Мэдээж та шинэлэг байдлаар хийнэ гэж үзвэл онлайнаар борлуулна. Нэг сайт үүсгэн  байгуулаад, SEO, CRM, Google Adwords зэрэг аргуудыг тултал нь ашиглаад сарын 100,000 давтагдаагүй хандалттай боллоо гэж бодъё. Үүний 1% болох 1000 хүн сардаа 20,000 лааз худалдаж авна гэе. Энэ бол таны суурь тооцоолол, таны яг хаана байгааг хэлж өгч буй үзүүлэлт. Эхлээд 20,000 дараа нь 1.5 сая. Бодит тооцоолол тул үүнийг үргэлж анхаарах хэрэгтэй.

АЛДАА #2: Хэтэрхий хурдан хэмжих. Хөрөнгө оруулагчид танд итгэл хүлээлгэсэн тул хөрөнгө оруулж, мөнгө өгсөн. Тэдний мөнгийг хав дарж хадгалах эсвэл дээр нь сууж байгаарай гэж тэд өгөөгүй. Таныг бизнестээ хөрөнгө оруулж хэрэгтэй зүйлдээ зарцуулахыг л тэд хүсэж байгаа. Мөн дээрх жишээг авч үзье. Хамгийн таагүй зүйл бол үйлчилгээгээ муу сэтгэгдэлтэйгээр эхлэх. Иймээс сааталгүй хүргэлт хийхийн тулд 30 байрлалд агуулах байгуулах. Сайт ямар ч алдаа мадаггүй ажиллаж, хэрэглэгчийн сэтгэгдлийг сонсох үйлчилгээ бий болгох гээд маш олон дэд бүтэц шаардагдана. Ингээд та өдөрт 150 сая хоол борлуулах цогц онлайн үйлчилгээгээ нээсэн ч энэ бүхэн яг таны хүссэнээр болж өрнөхгүй. Та энэ бүх дэд бүтцийг хэтэрхий эрт байгуулчихсан гэсэн үг. Ер нь бол компаниуд бүтэлгүйтдэг нэг томоохон шалтгаан нь энэ. Би хувьдаа өмнө нь хурдтай хэмжээгүйгээс ээ болоод бүтэлгүйтсэн компанийг мэдэхгүй. Үүнийг бид цахиурын хөндийд “өндөр чанарын алдаа” хэмээн нэрлэдэг.

Шийдэл: Юу агнасан түүнийгээ л ид. Та заавал энэ их дэд бүтцийг эхлээд байгуулах шаардлагагүй. Хүмүүсийн хүсэж байсан гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосны дараа хэрэглэгчид өөрсдөө таныг дэмжих болно. Ямар нэг үр дүнд хүрч, амжилт үзүүлснийхээ дараа л хэмжилт хийн өргөжих хэрэгтэй. Бага багаар цааш тэмүүл.

АЛДАА #3: Хамтын ажиллагаанд төвлөрөх. Бид томоохон компани, инкубатортай хамтран ажилладаг. Microsoft, Amazon, HP-тэй хамтран ажилладаг гэхээр гоё сонсогдож болох юм. Гэхдээ хамтын ажиллагаа гэдэг бол новшийн ажил. Хамтран ажилласнаар таны Excel файлд өөрчлөлт орж орлого тань өсөж зардал буурч болох юм. Үүнд бол би итгэж байна. Гэхдээ ихэнх хамтын ажиллагаа PR-н шинжтэй байдаг.

Шийдэл: Борлуулалт дээр төвлөр. Борлуулалт бүхнийг зохицуулна. Тиймээс борлуулалт бас дахин борлуулалт. Танд мөнгө орж ирнэ, орлоготой болно, мөнгөний урсгал тасралтгүй явагдана. Улмаар та уг тоглоомыг үргэлжлүүлсээр л байна. Борлуулалттай буюу орлоготой байна гэдэг нь хөрөнгө оруулагч чамайг тайван байлгана гэсэн үг. Орлого орж ирэх тусам аль аль тал жаргалтай болох болно. Борлуулалт бүгдийг зохицуулна. Тиймээс борлуулалт дээр төвлөр.

АЛДАА #4: Найраан дээрээ төвлөрөх. Энтрепренерүүд тэр тусмаа эхний компаниа байгуулж байгаа энтрепренерүүд илтгэл дээрээ хэтэрхий анхаардаг. Тэдний түгээвэл ашигладаг программ гэвэл PowerPoint, харин дараагаар нь Excel орох байх. Мэдээж хэрэг төлөвлөгөө, урьдчилсан тооцоо зэргийг гаргах хэрэгтэй. Гэхдээ би эдгээр программыг тийм ч чухал гэж бодохгүй байна. Таны даалгавар бол мөнгө босгох, харин зорилго тань хэрэглэгч бий болгох.

Шийдэл: Миний анзаарснаар бол тэд найраан дээрээ хэтэрхий их анхаарч байна. Үүний оронд загвар бүтээгдэхүүн, туршилтын сайт, программ дээр илүү анхаарах нь хамгаас чухал. Олон газар очиж санаагаа танилцуулахын оронд загвар бүтээгдэхүүнээ хийчих. Хүмүүс зураг 1000 үг илэрхийлнэ гэцгээдэг бол загвар бүтээгдэхүүн 1000 найраатай тэнцэнэ. Загвар бүтээгдэхүүн бол бүх зүйл.

АЛДАА #5: Найраа хийхдээ хүмүүс хэтэрхий олон слайд үзүүлж байна. Үүнээс гадна бас нэг алдаа дутагдал бий. Тэр нь тэд яг юу хийдгээ бус харин өөрсдийгөө ярьсаар байгаад хамаг цагаа үрчихнэ. Манай өвөө дайны дараа тэгж бизнес хийгээд манайх дажгүй хөрөнгөтэй болсон. Аав дараагаар нь тэр бизнесийг үргэлжлүүлж улам амжилтад хүрсэн. Манайх боломжийн айл байсан тул би Харвардад болон Йелийн их сургуулийг дүүргэсэн. Би Goldman Sachs, JP Morgan-д ажиллаж байсан туршлагатай гээд ярина. Эцсийн эцэст энэ хэнд хэрэгтэй юм бэ? Үүний оронд маш богинохноор яг юу хийдгээ л хэлчих хэрэгтэй. Би тэнд өсөж хүмүүжиж, тэр сургуулийг дүүргэсэн. Технологи ч юм уу ямар нэг зүйлд дуртай учраас ийм юм хийсээр одоо таны өмнө зогсож байна ч гэдэг юм уу.

Шийдэл:  Миний гаргасан PowerPoint-н 10-20-30 дүрэм гэж бий л дээ. 10 слайдад бүх мэдээллээ багтаах. Тэгээд уг 10 слайдаа 20 минутад амжиж ярих. Яагаад 20 гэж үү? Уулзалт дунджаар цаг хэртэй үргэлжилдэг. Одоо үед бид бүгд л Windows үйлдлийн систем ашиглаж байгаа тул лаптопоо проектортой холбогдоход 40 минутыг зарцуулах байх хэхэ. Харин үлдсэн 20 минутыг илтгэлдээ. 30 гэдэг бол харин үсгийн хэмжээ. Хөгшин хүмүүст найраа хийж байгаа бол 30, 40-50 насныханд бол 25, харин 16 настнуудад бол 8-10 гэсэн хэмжээ болох байх.

Үргэлжлэл бий……….

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.