Замын зохицуулагч гэрэл хэдий болтол хэрэгтэй вэ?

Замын зохицуулагч гэрэл хэдий болтол хэрэгтэй вэ?


2018 онд Tesla Motors-н автомашинууд АНУ-д зам харгалзахгүй бүрэн автомат жолоодлоготой болох гэж байна. Одоогоор уг машинууд өөрийгөө зогсоолд байрлуулах, зарим нэг хурдны замаар жолоодох боломжтой байгаа билээ. Тэгвэл та жолоочгүй, өөрийгөө жолоодон явагч машинд бүхий л аяны турш итгэн, түүнд өөрийгөө даатган тайван гэгч нь явж чадах уу? Саяхан Google-н автомат жолоодлоготой Lexus SUV автобус мөргөснийг та бүхэн санаж байгаа байх. Мэдээж тус машин бол ердөө л нэг туршилтын загвар. Цаашид сайжрах нь дамжиггүй биз.

Бүрэн автомат машин ямар давуу талтайг та бодож үзсэн үү? Машин барихдаа 5 мэдрэхүйгээ зэрэг ашиглан ядардаг байсан бол одоо та зүгээр л амраад эсвэл юм уншаад явж болно. Хараагүй хүмүүс машинтай болж хүссэн газартаа төвөггүй хүрнэ. Зам тээврийн осол багасна. Хэрвээ бүх машин цахилгаан бол за тэгээд гайхалтай гэхээс өөр юу гэлтэй. (утаа ялгаруулахгүй) Эдгээр ухаалаг машинууд гэрлэн дохио дээр хэрхэн зохицуулагдах вэ? Уламжлалт ёсоор ногоон гэрэл астал хүлээх хэрэгтэй гэж үү? Эсвэл улаан гэрлээр зогсох ёстой юу? Ер нь тэдэнд гэрлэн дохио хэрэгтэй юм болов уу?

MIT-н Sensable City Lab-н эрдэмтэд ирээдүйн замын хөдөлгөөн зохицуулагчийг хөгжүүлж буй нэгэн гайхалтай төсөл дээр ажиллаж байгаа аж. Ямар учиртай төсөл вэ гэж үү? Энэ бол ямар ч гэрэлгүй замын сүлжээний систем. Тус алгоритм нь зам дээр явж буй бүхий л ухаалаг машинтай холбогдоно гэсэн үг. Ойр орчмын дэд бүтэц, барилга байгууламжийн тусламжтайгаар систем машины урсгал хаана ямар байдаг тодорхойлно. Улмаар уулзвар дөхөөд ирэхэд машинуудыг бүлэг болгон хувааж хэн нь хурдан, хэн нь удаан явахыг зохицуулах юм. Ингээд уулзвар дээр хэн ч зогсохгүй, хүлээхгүй. Таны араас хэн нэгэн ядаргаатай этгээд сигналдахгүй гэсэн үг л дээ. Нөгөөтээгүүр нэгж машин бүрийн хүлээх цаг багасаж, утааны ялгарал буурах аж.

Зарчим нь их энгийн “Удаан явна гэхдээ зогсолтгүй“.   tweet

MIT-н лабораторийн тооцоолсноор гэрэлгүй шинэ систем уламжлалт системийг бодвол 2 дахин үр ашигтай аж. Тэдний мэдэгдэж байгаагаар тус технологийг одоо ч ашиглаж болох бололтой. Заавал бүрэн автомат жолоодлоготой машин бус харин интернет холболттой сүүлийн үеийн машин л байвал болно. Гэхдээ энэ бүхэн тийм ч хол сонсогдохгүй байгааг та гадарлаж байгаа байх. Хэдэн тоо дурдъя. Мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг Gartner компанийн судалгааны үр дүнгээс үзвэл 2020 он гэхэд дэлхийн даяар 250 сая wireless холболттой машин замын хөдөлгөөнд оролцохоор байна. 5 машины нэг нь гэсэн үг. Мөн тэдний үзэж байгаагаар интернет холболттой машин чамин тансаг хэрэглээ байсан бол харин одоо илүү дундаж давхарга уруу чиглэсэн болж байгаа юм байна.

Ухаалаг машинууд бол зүйлсийн интернетийн томоохон төлөөлөл. 2015 онд интернетэд холбогдсон төхөөрөмжийн хэрэглээ 4,9 тэрбум байсан бол 2020 он гэхэд 25 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Та ирээдүйд бэлэн үү?

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.