Vogue ба Анна Винтур

Vogue ба Анна Винтур


Vogue бол хатуу ширүүн загварын ертөнц дэх нэгэн том бат бэх цайз хэрэм юм. Өдгөө дэлхийн 23 оронд сар бүр хэвлэгддэг уг сэтгүүл нь 1892 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ажээ. Загварын ертөнцөд дуртай, адаглаад л маргааш юу өмсөх вэ? гэж боддог хэн бүхний мэддэг уг сэтгүүлийн амжилтын нууц нь яахын аргагүй уг цайзын хатан хаан болох Анна Винтуртай шууд холбоотой.

Богино үс, том хар нүдний шил, өөртөө итгэлтэй харц, хурц шүүмжлэл. Түүнийг илэрхийлэх бүхэн загварын ертөнцтэй нягт холбоотой. Түүний очсон загварын шоунууд олны анхаарлыг илүүтэй татаж, “Vogue”-ийн нийтлэл бүхэн нь загварын ертөнцөд шуугиан тарьдаг. Алдартай одуудаас авхуулаад загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид, жирийн хүмүүс хүртэл түүний зөвлөгөө, загварын чиг хандлагыг анхааралдаа авч үздэг. Нэг үгээр хэлбэл тэрээр уг зах зээлийн “бэлгэ тэмдэг” юм. Мөн түүнийг загварын ертөнцийн мөсөн хатан ч гэдэг.

Анна Винтур Английн Лондон хотод 1949 оны 11 сарын 3 нд төржээ. Эцэг нь сонины газрын эрхлэгч байсан бөгөөд маш зарчимч гэр бүлд өсч торнисон аж. Тэрээр Vogue-ийн эрхлэгчээр 1988 оноос хойш ажилласан бөгөөд Vogue-г дэлхийн хэмжээний алдартай сэтгүүл болоход маш их хувь нэмрээ оруулсан нэгэн юм.

Анна Винтур Vogue-с өмнө London-д Harper’s & Queen загварын хэлтэст ажиллаж уг зах зээл дэх анхны гараагаа эхэлсэн ажээ. 1976 онд тэрээр New York хот руу нүүн Harper’s Bazaar сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж дараагаар нь Penthouse-ийн удирдлаган дор байх Viva загварын сэтгүүлд ерөнхий менежер, эрхлэгчийн албыг хашиж байжээ. Улмаар 1981 оноос New York сэтгүүлийн газар орж ажиллаж эхэлсэн байна.

Маш олон сэтгүүлийн газар ажиллаж, туршлага хуримтлуулсан ч тэрээр бүр анхнаасаа л өөрийнхөө юу хүсч байгааг яг таг мэддэг байсан бөгөөд түүнийхээ төлөө цуцалтгүй тэмцэж, сэтгүүл бүр дээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг тусгадаг байлаа. Винтур 1986 онд Лондонд байрлах Британы Vogue-д ерөнхий редактороор ажиллаж эхэлсэн юм. Чухамхүү энэ үеээс тэрээр Vogue-н эрхлэгчээр ажиллахыг хүсч эхэлсэн байна. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан салбар нь түүний хүссэн ажлын байр биш байлаа. New York дахь Vogue-ийн төв оффист 1988 оноос одоогийн албан тушаалаа хаших боломж гарсан нь Анна Винтур хийгээд Vogue-ийн хувьд амьдралын нэгэн шинэ хуудсын эхлэл болсон юм. Анна Винтур Vogue-тэй нэгдсэн энэ үеээс уг сэтгүүлийн борлуулалт огцом нэмэгдэж эхэлсэн ажээ. Тэрээр хамгийн анх Vogue-ийн нүүрэнд загвар өмсөгчид биш харин алдартай одуудын зургийг байрлуулах санааг гаргасан бөгөөд үүнийгээ ч хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн 1988 онд Израйлын нэгэн загвар өмсөгчид 50$-ийн жинсен өмдтэй 10,000$-ийн үнэт эдлэл хослуулан өмсгөж сэтгүүлийхээ нүүрийг чимсэн нь тухайн үедээ ихээхэн дуулиан шуугиан тарьж байжээ.

Шаргуу хүчин чармайлт, басхүү багагүй дуулиан шуугиан, алдар нэр бүхий түүний амьдрал нь үргэлж юу хүссэнээ мэддэг энэ хатуу эмэгтэйн хүссэнээр байгаагүй нь ойлгомжтой. Карьерийн хувьд бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болж чадсан ч түүний хувийн амьдрал нь тийм ч дардан байсангүй. 1999 онд нөхөр Девид Шаффераасаа салсан бөгөөд хосууд 2 хүүхэдтэй байжээ. 64 настай ч загварын ертөнцийн мөсөн хатагтай нэрээ алдаагүй байгаа тэрээр өдгөө өөрийн найз залуу хөрөнгө оруулагч Шелби Брайнтай New York хотод амьдарч байна.

Би Vogue-г гэрэлтсэн, хурц тод, халуухан байлгахыг хүсч байна. Надад хэмжээлшгүй их эд баялаг, эцэс төгсгөлгүй зав чөлөөтэй амьдрал огтхон ч сонин биш. Би уншигчдаа эрч хүчээр дүүрэн, өөрийн гэсэн эрх мэдэл, мөнгө, хэмжээлшгүй их хүсэл мөрөөдөл, сонирхолоор дүүрэн бие даасан эмэгтэйчүүд байлгахыг хүсч байна.

Анна Винтур

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.