Updated: Google-н хиймэл оюун ухаан ‘Го даам’-н их мастерын эсрэг

Updated: Google-н хиймэл оюун ухаан ‘Го даам’-н их мастерын эсрэг


Лондон хотод төвтэй хиймэл оюун ухаан хөгжүүлдэг DeepMind стартап бол Google компанийн супео тархи л гэсэн үг. Тус компанийг анх нейросудлаач Demis Hassabis, Shane Legg, Mustafa Suleyman нар 2011 онд байгуулж байжээ. DeepMind бол сэтгэдэг систем бүтээхээр ажиллаж байгаа стартап юм. 2014 онд 75 гаруй ажилтантай болсон DeepMind-г Google компани Facebook гэх зэрэг бусад томоохон технологийн компаниудаас өрсөн 500 сая гаруй ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр эдгээр ухаалаг залуучууд, 2012 оноос Google-н технологи, машин сургалт, хэл шинжлэлийн лабораторийг хариуцах болсон домогт футурист Ray Kurzweil-н багт нэгдсэн байна.

DeepMind-н бүтээсэн AlphaGo бол хиймэл оюун ухаант ‘Го Даам’ тоглодог компьютерын систем. Өөрөөр хэлбэл бусад ижил төрлийн системийн эсрэг 99,8%-тай тоглодог төдийгүй мэргэжлийн тамирчныг хүртэл анх удаа хожсон цор ганц суралцагч систем. Суралцагч гэсний учир нь AlphaGo тоглолт бүрээсээ суралцаж өөрийгөө хөгжүүлэн, шинэ стратеги боловсруулдаг аж. Го даам нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд AI судлаачдын хувьд хүндхэн сорилт байжээ. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн бололтой.

2015 оны 10 сард AlphaGo Европын гурван удаагийн аварга Хятад гаралтай Франц тамирчин Fan Huiг 5-0 харьцаагаар хожсон байна. 1980 оныг хүртэл компьютерууд хүнийг хожих боломжгүй байлаа. Гэвч 1997 онд домогт шатарчин, дэлхийн аварга Гарри Каспаров-г IBM компанийн DeepBlue компьютер ялснаар шинэ үе эхэлсэн юм. Шатар, Го даам бол хоёр өөр төвшний хөлөгт тоглоом. Компьютерын хувьд Го даамыг ялах боломж тухайн үед байсангүй. Учир нь Го даам 361, шатар 64 нүдтэй. Боломжит нүүдэл нь шатрын нүүдэл бүрд дунджаар 37-г бодвол хамаагүй их буюу нүүдэл бүрд 150-250 байдаг аж. Гэхдээ мэргэжлийн тамирчинг ялсан болохыг дээр дурдсаныг та мартаагүй байх.

Го даам бол хоёр тоглогчид зориулсан стратегийн хөлөгт тоглоом юм. Го даам нь энгийн дүрэмтэй боловч тоглогчоос стратегийн ур чадвар ихээхэн шаарддаг тоглоом юм. Го даамыг тоглохдоо хоёр тоглогч хөлөг дээрхи шугамын огтлолцсон хоосон зай дээр хар ба цагаан чулууг ээлжлэн тавьж тоглоно. Тоглоомын гол зорилго нь хөлгийн ихэнхи хэсгийг эзлэх ба үүний тулд өрсөлдөгч талд чулуугаа олзлуулахгүй байх хэрэгтэй.

Энэ удаа DeepMind-н залуус AlphaGo-г Өмнөд Солонгос улсад авчраад байгаа билээ. AlphaGo нь дээд төвшний буюу ‘9-dan‘ зэрэгтэй, Го Даам-н домог, дэлхийн №2 тамирчин Lee Se-dol-тай 5 өдрийн турш тоглохоор болоод байна. Өмнө нь тоглоод хожсон Fan Hui ‘2-dan‘ зэрэгтэй байсан бол энэ удаад жинхэнэ мастертай тулалдана. Тулааныг DeepMind өөрийн Youtube сувгаараа 2016.03.09-ны 12 цагт шууд дамжуулна. Энэ бол ердөө эхний тулаан бөгөөд 10, 12, 13, 15 өдрүүдэд тус тус нэг тулаан явагдах юм. Бид youtube сувгийг доор эмбед хийсэн тул та бүхэн сайтаас шууд хүлээн авч үзээрэй. Энэ бол түүхийн цоо шинэ хуудсыг нээж буй явдал тул та бүхэн хамт байж, гэрч болон үлдээрэй.

ЭХНИЙ ТОГЛОЛТ: Сөүл хотод 3,5 цаг үргэлжилсэн ширүүн тулааны эцэст AlphaGo машин 33 настай Lee Se-Dol-г ялж анх удаа дэлхийн аварга, мэргэжлийн тамирчинг хожсон түүхэн амжилтыг үзүүлэв. Юу ч гэсэн биднийг дахиад 4 цуврал тоглолт хүлээж байгаа билээ. Эхний удаа хэрвээ компьютер ялсан бол түүнийг хожно гэдэг бараг л боломжгүй гэсэн яриаг тус тоглоомын мэргэжилтнүүд өгчээ. Тус тулааны шагналын сан 1 сая ам.доллар аж.

ALPHAGO

ХЭН ЮУ ХЭЛЭВ:

Эхний тулаан эхлэхийн өмнөхөн DeepMind-г үндэслэгч Demis Hassabis Lee Se-dol-тай гар барьж буй нь

Эхний тулаан эхлэхийн өмнөхөн DeepMind-г үндэслэгч Demis Hassabis Lee Se-dol-тай гар барьж буй нь

ХОЁР ДАХЬ ТОГЛОЛТ: AlphaGo-н ялалтаар өндөрлөж харьцаа 2-0 боллоо.

ГУРАВ ДАХЬ ТОГЛОЛТ: Уг тоглолтод AlphGo ялснаар нийт дүнгээр ялагч болох нь тодорхой болж байна. Гэсэн ч үлдсэн хоёр тоглолт явагдана. Мэргэжлийн хүрээндээ оргилд нь орших Lee Se-dol ийнхүү компьютерт ялагдаж, хиймэл оюун ухаан цоо шинэ түвшинд гарч ирж байна. Хиймэл оюун ухааны хувьд 2500 жилийн тэртээ үүссэн стратегийн хөлөгт тоглоом, олон жилийн турш хүнд даваа байсан ч үүнээс хойш биш боллоо. Ер нь бол машинуудад хожиж чадахгүй тоглоом гэж үлдсэнгүй гээд хэлчхэд болно. Нэг талаараа машинууд өөрсдийгөө сургаж, хөгжүүлж байгаа нь гайхалтай ч нөгөө талаар бодохоос ч аймшигтай. Хүн төрөлхтнийг үй олноор нь устгах, алан хядагч машинуудтай кинонууд шууд толгойд орж байна. Терминатор киноны талаар яриад ч дэмий биз. Та бүхэн бараг бүгдийг нь мэдэж байгаа. Технологийн салбарын томоохон төлөөллүүд болох Элон Маск, Сэм Алтман, Билл Гейтс, доктор Стивен Хокинг нар AI-н хор хөнөөлийн эсрэг нэгдэж дуу хоолойгоо хүчтэй өргөх болсон билээ. Мөн тэд AI-г буруу хөгжүүлэхгүйн тулд энэ салбарын мундаг мэргэжилтнүүдээс бүрдсэн, өөрсдийн ашгийн бус судалгааны байгууллагg OpenAI-г ч байгуулаад амжсан юм. Гэхдээ зөв замаар ашиглаж чадвал эдгээр хиймэл оюун ухаан дэлхийд тулгамдаад буй томоохон асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд туслах юм.             

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.