Та яагаад Telegram ашиглах ёстой вэ

Та яагаад Telegram ашиглах ёстой вэ


Манай сайт нэгэн онцгой мессежинг аппийг танд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Яагаад мессежинг апп чухал болоод байна вэ гэвэл энэ бол харилцаа холбооны ирээдүй, шинэ платформ. Чатан дотор мөнгө шилжүүлэх, такси дуудах, ажлаа явуулах, файл солилцох, мэдээ дамжуулах, пицца захиалах, онлайн худалдаа хийх, харилцах гээд бүх зүйл өрнөх боллоо. Бид энэ удаа 2013 онд анх гарч ирсэн Telegram чатыг онцолж байна. Зах зээл дээр өөр өөрийн гэсэн онцлогтой янз бүрийн чат апп бий. Telegram-г тэр бүх апп-с онцолж буй зүйл бол супер хурд болон хамгаалалт.

МАШ ЭНГИЙН, СУПЕР ХУРДАН, НУУЦЛАЛ ӨНДӨР, ҮНЭГҮЙ. tweet

Хэнд зориулсан бэ? Хурдтай найдвартай харилцааг хүссэн хүн бүр Telegram-г ашиглаж болно. Хувь хүн, бизнес эрхлэгч, бага хэмжээний баг эсвэл олон хүнтэй бүлгэм гээд ямар ч зориулалтаар ашиглаж болно.

Хүчин чадал: Telegram ашиглан та doc, ppt, zip, mp3, mp4 гээд дурын төрлийн, ямар ч хэмжээтэй файлыг хэн нэгэнд явуулж болно. Хамгийн ихдээ тус бүр 1.5GB файл илгээнэ. Мөн та дээд тал нь 1000 гишүүнтэй групп эсвэл хязгааргүй гишүүнтэй суваг үүсгэх боломжтой. Олон гишүүнтэй группыг үр ашигтай зохион байгуулахын тулд reply, mention, hasgtag зэргийг дэмждэгээс гадна чатнаасаа хайлт хийнэ.

telegram_view

Зураг №1. Мобайл болон Веб хувилбар

Уян хатан чанар: Telegram-г дурын төхөөрөмжөөс нэгэн зэрэг ашиглаж болно. Бүхий л үйлдлийн системийн хувилбар нь бий. Түргэн sync хийдэг тул ухаалаг утас, лаптоп, суурин компьютерын хооронд маш хурдтай шилжинэ. Ухаалаг утсан дээрээ чатлаж байгаад гэртээ орж ирлээ гэж бодъё. Зөөврийн компьютер дээрээ ажлаа хийх явцдаа desktop аппийг нь гаргаад ашиглачихна. Эсвэл утсаа хаа нэгтээ мартсан байж болох юм. Тэгвэл desktop хувилбар тус асуудлыг бүрэн шийднэ.

Whatsapp-аас юугаараа ондоо вэ? Telegram үл харагдах-sync хийх клоуд суурьтай. Үр дүнд нь дээр хэлсэнчлэн олон төхөөрөмжөөс зэрэг ашиглагдана. Cache менежмент гэх технологийн тусламжтай чатан дахь хуучирсан файл, өгөгдлүүд таны утаснаас автоматаар устана. Гэхдээ санаа зовох хэрэггүй тус файлууд ухаалаг утсан дээр чинь байхгүй хэдий ч үүлэн орчинд хадгалагдана. Иймээс та хүссэн үедээ эргэн татан авч болох юм. Telegram-г ашиглахад ямар ч суурь хураамж, төлбөр байхгүй. Мөн ямар ч зар сурталчилгаагүй, цаашид ч тийм байна гэж байгаа. Whatsapp-н хувьд гэвэл удахгүй зар сурталчилгаа үзүүлэх сурагтай байсан. Дээр бичсэнчлэн үүлэн болон cache management хоёрын тусламжтай Telegram таны утсан дээр бараг л zero багтаамж эзэлнэ.

Нууцлал: Одоогоор мессежинг аппууд дундаа нууцлалын төвшнөөр дээгүүрт жагсдаг.Нууц чат гэсэн нэмэлт сонголттой. Тус чатны өгөгдлийг хэзээ устгахыг тохируулж өгч болно. Ингэснээр таны харилцсан тэмдэглэл, түүх ор мөргүй устана. Серверт хүртэл ямар ч ул мөр үлдээхгүй. Мөн 4 оронтой нууц код өгч апп-аа түгжиж болно. Бусад хүн таны утсыг оролдсон ч гэсэн чатыг тань хэзээ ч үзэж чадахгүй гэсэн үг.

Танд л гэж сонирхуулахад Исламын улс бүлэглэлийн дайчид хоорондоо холбоо тогтоохын тулд Telegram ашигладаг гэхээр хэр нууцлал сайтай нь мэдэгдэж байгаа биз.

durovbrothers

Зүүн гар талаас ах Николай болон дүү Павел Дуров нар

Telegram-н ард ямар хүмүүс байгаа вэ? Энэхүү үйлчилгээг гаргаж ирсэн залуус бол ОХУ-д төрж өссөн ах дүү Павел болон Николай дуров нар. Эдгээр залуусыг та бүхэн Вконтакте-аар нь мэдэх байх. VK буюу Оросын Facebook гээд хэлчхэд болно. ОХУ-н засгийн газар VK-д дарамт шахалт үзүүлсээр залуусын эзэмших хувийг авчээ. Ингээд эх нутагтаа амьдрах боломжгүй болсон залуус Европ уруу гарч шинэ стартап аа эхлүүлсэн нь Telegram юм. Павел санхүүжилт, үйл ажиллагаа зэргийг хариуцдаг бол ах Николай Дуров технологи, техник талыг нь хариуцах аж. Ах Николай Telegram-н гол зэвсэг болох өгөгдөл нууцлан дамжуулах MTProto системийг зохиожээ. Одоогоор эдгээр залуус Берлинд байршин ажиллаж байна.

Ирээдүй: Telegram-н баг чатаар дамжуулж төлбөр тооцоо шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн идэвхтэй хөгжүүлж байгаа нэг зүйл нь BOT-ууд. Юу гэсэн үг вэ гэвэл та хиймэл оюун ухаанд суурилсан BOT-уудтай чатлана. Зураг хайдаг, судалгаа авдаг – зураг №1, мэдлэгийг тань дээшлүүлэх асуулт хариултын гээд янз бүрийн ботууд бий. Жишээлбэл би PollBot-тай харилцаж байгаад санал асуулгынхаа хүснэгтийг бэлдчихнэ. Бэлдсэн хүснэгтээ 2-1000 хүнтэй аль нэг групп уруу оруулсны үндсэн дээр судалгаа авч, үр дүнг нь мэдэх боломжтой.

telegram-forbes

Зураг №2

Хамгийн сүүлд гэхэд л би Forbes-н bot-г суулгалаа Зураг №2. Эхлээд уг бот өөрийгөө Forbes-н туслах Rich байна хэмээн танилцуулаад надад өдөрт 2 удаа эрэлттэй мэдээг хүргэнэ гэв. Who is Pavel Durov? гэх мэт ямар ч зүйл асууж болохыг мөн сануулав. Төд удалгүй уг bot чатад жишээ нийтлэлүүд гаргаж харуулав. Тэдгээр нийтлэлийг чатаас гаралгүй эсвэл гуравдагч апп-н тусламжтай уншиж болно. Мөн би ямар төрлийн мэдээ мэдээлэл түлхүү авахаа сонгож болох тул шууд л Entrepreneur, Technology гэсэн ангиллыг сонголоо. Дараагаар нь жишээ болгоод Who is Pavel Durov? гэж бичлээ. Хариулт нь гайхалтай товч + Forbes-н хамааралтай гурван нийтлэл. Энэ мэтчилэн bot-ууд янз бүрийн боломж бололцоог агуулж байгааг та харж байгаа байх.

Онцлох тоо: 2016 оны 2 дугаар сарын байдлаар идэвхтэй хэрэглэчдийн тоо 100 саяд хүрчээ. Өдөрт дунджаар 350,000 хүн шинээр бүртгүүлдэг байна. Үйл ажиллагаа явуулж эхлээд 2.5 жил болж байгаа чат гэхэд ийм олон хэрэглэгчтэй болсон нь гайхалтай гэмээр үзүүлэлт. Тэр тусмаа нэг ч хөрөнгө оруулалт татаагүй, ямар ч сурталчилгаа явуулаагүй гэхээр бүүр ч этгэмээргүй. Өдөрт дунджаар 15 тэрбум мессеж илгээж байгаа аж.

Та яагаад ашиглах хэрэгтэй вэ? Хэрэгдэхэд маш энгийн хирнээ нууцлал өндөртэй. Хамгийн гол нь хурд бас дахин хурд гэж хэлмээр байна. Мэдээж хэрэг таны утасны багтаамжид нөлөөлөхгүй бас батарей бага зарцуулна гээд давуу тал дэндүү ихтэй юм. Мэдээж гайхалтай нь Bot-ууд. Мартах шахлаа эможи, стикер хангалттай их бий хүсвэл та өөрөө ч нэмж болно шүү.

Хэрвээ та YOUNGREADERTelegram сувагт нэгдэх, шинэ хаяг нээхийг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

TELEGRAM

Бидэнтэй нэгдсэнээр та сайтын мэдээллийг чатандаа хүлээн аваад зогсохгүй бусад энтрепренер залуусын санал болгосон мэдээ мэдээллийг унших боломжтой. Танд ердөө Telegram хаяг байхад л хангалттай.

3 Сэтгэгдлүүд

бичих
    • 2
      Mr.Red

      Сайн байна уу. Нетээс хайхаар гараад ирнэ дээ. TechCrunch, Meduza, BBC-н bot-ууд бол байгаа.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.