Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет #2

Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет #2


Өмнө нь бид та бүхэнд Google-н Loon төслийг танилцуулж байсан бол энэ удаа FB-н Internet.org төслийг танилцуулж байна. Mark Zuckerberg-н ирэх 10 жилийн төлөвлөгөөний хамгийн эхэнд багтсан ажил юм.

FB-н буюу Mark Zuckerberg-н санаачилсан Internet.org бол технологийн томчууд, сайн дурынхны нэгдсэн ашгийн бус байгууллага. Тэдний зорилго бол интернетэд холбогдоогүй дэлхийн хүн амын 2/3-г интернетэд холбох. Эдгээр талууд бүгд өөрсдийн нөөц бололцоо, туршлагаа нэгтгэн үр ашигтай боломжийг тэдгээр хүмүүст бий болгох юм. Уг нэгдэлд Ericsson, Mediatek, Opera, Samsung, FB, Nokia, Qualcomm зэрэг байгууллагууд орно. Internet.org төсөл нь дотроо хэд хэдэн дэд төсөлтэй бөгөөд түүний нэг нь FreeBasics юм. Энэ байгууллага буурай хөгжилтэй орнуудын иргэдэд тухайн улсын оператортай нь хамтран энгийн үнэгүй интернетийн үйлчилгээг санал болгодог аж. Жишээлбэл тухайн улсын иргэн FreeBasics aппаар дамжуулан хэд хэдэн сайт, апп уруу хандаж болно.(BBC news, FB, Messenger, Wikipedia г.м) Мэдээж хэрэг дата хэрэглэнэ гэхдээ мөнгө төлөхгүй. Энд хамгийн гол учир нь байгаа юм. Тухайн хэрэглэгч дөнгөж интернет ашиглаж сурч байгаа учир эхний ээлжид дээрх хэдэн сайт хангалттай юм. Аажмаар хэрэглэгчийн туршлага илүү сайжирсан үед хэрэглэгч илүү ихийг хүсэхийн хэрээр төлбөртэй дата авах юм. Энгийнээр хэлбэл шинэ хэрэглэгч бий болгож байна гэж ойлгож болно. Үнэгүй ашиглуулж буй датаны төлбөрийг FB тухайн улсын операторт төлөхгүй. Энд чухам ямар бизнес загвар яваад байна аа? 1-рт Internet.org бол ашгийн бус байгууллага иймээс тэд оронд нь маркетингийн болон техникийн туслалцаа санал болгох юм. 2-рт операторт ашигтай, шинэ хэрэглэгчдийг олж авч байна. 1 гаруй жилийн хугацаанд энэ байгууллага 31 оронд амжилттай хэрэгжиж 1 тэрбум гаруй хүнд нээлттэй болоод байгаа аж. Өнгөрсөн хугацааны тоо мэдээг нэгтгэн үзвэл шинэ хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь 30 хоногийн дотор төлбөрт багц уруу шилжсэн байна. 31 орны тоонд Гана, Кени, Танзани, Бангладеш, Сенегал, Болив, Пакистан, Монгол гэх мэт Африк, Латин Америк болон Азийн орнууд багтжээ.

sketch_internet.org

Internet.org төслийн хүрээнд хийж буй дараагийн төсөл бол стратосфер давхаргад нисэх дрон. Бидний уламжлалт холболтын загварыг эргэн санавал радио сигнал цацах цамхаг, газрын зөвшөөрөл, тоног төхөөрөмж, шилэн кабел, эрчих хүч гээд зардал ихтэй. Тэгвэл FB компани өөрсдийн Connectivity Lab-д энэхүү уламжлалт парадигмийг өөрчлөх эхлэлийг тавьжээ. Тэд саяхан өндөрт, урт хугацааны туршид нисэх боломжтой Aquila онгоцоо хийж дуусгаад туршилтын нислэгээ хүлээж байгаа аж.

aquila-drone-facebook

Дрон нь нарны эрчим хүчээр ажиллах бөгөөд 50 км радиусын газрыг 90 хоногийн турш интернетээр хангах чадалтай. Жижиг хэмжээний станцаас сигнал хүлээн авч түүнийгээ Wi-fi эсвэл LTE сүлжээ болгон цацсанаар газар дээрх хүмүүс өөрийн ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмжөөрөө интернетэд холбогдох аж. Дрон өдрийн цагаар эрчим хүч сайн хуримтлуулахын тулд 27 км өндөрт, шөнийн цагаар 18 км өндөрт нисэх юм. FB-н холболтын инженерүүд дронуудыг хооронд нь лазер технологиор холбох аж. Энэ нь одоо бидний ашиглаж байгаа технологиос 10 дахин хурдан хэмээн мэдэгдсэн байна. Ямарч л гэсэн тэд 14 сарын дотор нисэх онгоц шиг том, машинаас хөнгөн дронийг бүтээж чаджээ. Харамсалтай нь жижгэрүүлсэн хувилбар нь хамгийн ихдээ 14 хоног л ниссэн байна.

Доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүйг олж үзээрэй:

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.