Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет

Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет


Өнөөдрийн бидний амьдралд интернет нь ус агаар мэт чухал хэрэгцээ болжээ. Интернетийн тусламжтайгаар бид чатлах, видео дуудлага хийх, кино үзэх, дуу сонсох, ном унших, мэдээ мэдээлэл авах, шалгалт өгөх, бараа захиалах гээд юм бүхнийг хийж байна. Түүнгүйгээр өнөөдрийг болон ирээдүйг төсөөлөхөд үнэхээр бэрх санагдаж байна шүү. Энэ технологи гарч ирснээр засгийн газар, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл, бизнес гээд бүхий л салбарыг орвонгоор нь эргүүлсэн. Магадгүй интернет нь хүн төрөлхтний түүхэнд гарсан технологийн хамгийн агуу дэвшил байх. Гэвч энэ технологийн дэвшлийг хүн бүр ижил тэгш хүртэж хараахан чадаагүй байгаа юм. Дэлхийн хүн амын 2/3-н интернетэд өдийг хүртэл холбогдоогүй байна. Ердөө 3 хүн тутмын 1 нь онлайн байх боломжтой байгаа. Яагаад тэр вэ? Учир нь төхөөрөмжүүд хэтэрхий үнэтэй, үйлчилгээний төлбөрүүд өндөр, эрчим хүч хязгаарлагдмал, сүлжээ ороогүй, хүмүүс интернет өөрт нь ямар их боломжийг бий болгохыг ухаараагүй, контентууд төрөлх бус хэл дээр гээд онлайн бус байх олон шалтгаан бий. Интернетэд холбогдсон 10 хүн тутмын 1 хүний амьдрал бусдаасаа илт дээшилдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Хэрвээ бид интернетэд холбогдоогүй байгаа тэдгээр 4 тэрбум гаруй хүнийг чадах чинээгээрээ онлайн болгож чадвал олон сая хүний амьдралыг сайжруулж чадах юм. Хамгийн том асуудал бол хэрхэн тэднийг интернетэд холбох вэ?

Биднийг энд хар чулуу ярин мэтгэлцээд сууж байх хойгуур зарим нэг улсууд шийдлийг нь аль хэдийнээ олчихжээ. Тэд бол технологийн томчууд болох хайлтын системийн акул Google болон олон нийтийн сүлжээний акул Facebook нар юм. Энэ хоёр өөрсдийн гэсэн төслийг эхлүүлээд нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө. Энэ том зах зээл, боломжийг олж харсан дараагийн эрхэм бол Tesla Motors, SpaceX компанийг үндэслэгч, ирээдүйг бүтээгч Элон Маск. Тэрээр саяхан Bloomberg-т ярилцлага өгч байхдаа дэлхийг бүхлээр нь интернетэд холбох 4000 ширхэг хиймэл дагуулын талаар цухас дурдсан юм. Google-н LOON төсөл 2011 онд эхэлсэн, харин FB-н Internet.org (Free Basics болж нэр нь өөрчлөгдсөн) төсөл жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн.(Саяхан манай улсад Mobicom, Skytelтай хамтран амжилттай нэвтэрсэн.) Элон Маскийн хувьд бодитой зүйлийг хийж эхлээгүй байгаа бөгөөд бидэнд түүний ярилцлагаас өөр зүйл ил болоогүй байгаа юм. Маск 4000 ширхэг гэх мэт нарийн тоонуудыг хэлж байхыг бодоход судалгаа хийж үзсэн нь гарцаагүй. Эдгээр гайхалтай мундаг технологийн энтрепренерүүдийг хэн бүхэн мэдэх билээ. Тэгтэл хэний ч мэдэхгүй Florida дахь нэгэн энтрепренер тэдний энэ ажлыг хий хоосон зардал болгон хувиргах вий дээ.

Ингээд манай сайт та бүхэнд эдгээр шинжлэх ухааны уран зөгнөлт мэт төслүүдийг хэсэгчлэн танилцуулж байна.

GOOGLE-н PROJECT LOON

Хүн бүхэнд интернет хүргэх агаарын бөмбөлөг. Эдгээр бөмбөлгүүд нь агаарын стратосфер давхаргад буюу 20км өндөрт нисэх юм. Энэ давхаргад өөр өөрийн гэсэн хурд чиглэлтэй агаарын урсгалууд бий. Бөмбөлөг программ хангамж, алгоритмын тусламжтайгаар байрлалаа тодорхойлж өөрийн нисэх чиглэлээ сонгон агаарын урсгалаа солих аж. Бөмбөлөг агаарын тээврийн нисэх онгоц, бороо, аянга гээд байгалийн ширүүн үзэгдлээс хол байхын тулд 20км өндөрт байрлах юм. 10-60 км давхаргад хэт ягаан туяанаас айлтгүй ч температур -80°C хүртэл унах боломжтой.

stratosphere

balloonБөмбөлөг 100 өдрийн турш тасралтгүй агаарт нисэх ёстой тул сайн хийгдсэн байх хэрэгтэй. Бөмбөлгийг полиэтилен гэх материалаар хийсэн бөгөөд бүрэн хийлсэн үед 15м өргөнтэй, 20м өндөртэй болно. Цаг нь болоход бөмбөлөг хийгээ гадагшлуулж тогтсон газраа газардана. Туршилтын явцад бөмбөлөг хэтэрхий хурдан унаж байсан тул дээр нь шүхэр байрлуулсан байна. Харин доод хэсэгт нарны хавтантай төхөөрөмж байрлана. Хавтан бөмбөлгийг эрчим хүчээр хангахаас гадна баттерейг цэнэглэх боломжтой. Ингэснээр шөнийн хэрэглээг давхар хангана. Жижиг хайрцаган төхөөрөмж нь lithium ion баттерей, удирдлагын хавтан, радио антен, устөрөгчийн хий шахагчаас бүрдэнэ. Салхиар хөдөлж, нарны илчээр ажиллах бүрэн өөрийгөө хангах бөмбөлөг гэж ойлгож болно.

loon

Бөмбөлөг бүр 40км-н диаметр бүхий газарт LTE технологийн тусламжтай холбогдон интернет түгээнэ. Нэг бөмбөлөг яваад өгөхөд нөгөө бөмбөлөг нь түүний оронд солигдон ирэх юм. 2013 оны 6 сард анхны туршилтаа Шинэ Зеландад 30 бөмбөлөг хөөргөн эхэлжээ. Тэр цагаас хойш Калифорни, Бразил зэрэг газар туршилтаа үргэлжлүүлэн, бөмбөлөгний загварыг олон удаа сольж үзсэн байна. Одоогоор туршилтаа үргэлжлүүлэн хийсээр л байгаа бөгөөд эхний ээлжид бөгж хэлбэртэй бөмбөлөгний цувааг хийхээр төлөвлөж байгаа аж. Mike Cassidy-аар удирдуулсан Google-н энэ төсөл дээр өөрийгөө жолооддог машин, нисдэг дрон гэх төслүүдийг хариуцдаг X Labs ажиллаж байгаа бөгөөд бүгд Astro Teller-н удирдлага, хяналт доор явагддаг байна.

loon

Шинэ Зеландад нисгэж буй туршилтын бөмбөлөг

Өнгөрсөн 8 сард Google компани бүтцийн өөрчлөлт хийн Alphabet гэх толгой компанитай болсон билээ. Сарын өмнө Alphabet компани Loon төслийг Индонезийн гурван том үүрэн холбооны компани болох Indosat, Telkomsel болон XL Axiata нартай гэрээ байгуулан 2016 оноос эхлэн туршилтын байдлаар хэрэгжүүлж эхлэхээр болсноо мэдэгдсэн байна.

Дараагийн удаа бид FacebookInternet.org төслийн хүрээнд хийгдэж буй бас нэгэн гайхалтай төслийг танилцуулах болно.

Доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүйг үзээрэй .

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.