PayPal мафын Макс Левчин

PayPal мафын Макс Левчин


Өнөөдөр бид та бүхэнд нэгэн сонирхолтой хүнийг танилцуулах гэж байна. Тэрээр алдарт PayPal мафын бүлгэмийн гишүүдийн нэг бөгөөд гайхалтай амжилтын эзэн болсон энтрепренер залуу юм. Түүний амжилтын гараа 1998 оноос эхлэх бөгөөд 23 настайдаа PayPal-н технологи хариуцсан захирал болсноор эхлэнэ. PayPal компани 2002 онд IPO хийн нээлттэй компани болсон хэдий ч жилийн дараа eBay түүнийг өөрийн болгон авсан байна. Уг явдлын дараа Макс Левчин PayPal-г орхин сошиал сүлжээний сайтуудад медиа түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг Slide-г байгуулав. 2010 онд Slide компанийг хайлтын системийн аварга компани Google $182 сая доллараар өөртөө нэгтгэсэн байна. Мөн тэрээр үнэлгээ өгөн, сэтгэгдлээ хуваалцдаг хамгийн алдартай үйлчилгээ болох Yelp-г бий болгоход оролцож байв.

Харин одоо тэрээр 2012 онд хамтран үүсгэн байгуулсан Affirm компанийнхаа CEO-г хийж байгаа билээ. Affirm бол онлайн төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг стартап юм. Санхүүгийн технологийн салбарт шинэ агаар огаар оруулж ирж буй тус компани өнгөрсөн 5 сард $275 сая босгосон явдал нь Affirm-г хэр их потенциалтайг илтгэж байна. Магадгүй түүний хүрсэн юм бүхэн алт болдог биз.

Саяхан тэрээр ProductHunt сайтын LIVE Chat буланд оролцон өөрийн нэг өдөр, дуртай ном, дурсамжтай мөч, сонирхолтой түүх зэргээ хуваалцсан байна. Ингээд бид дараах хэдэн асуулт хариултыг онцолж байна.


Бүхий л кареерын тань туршид хамгийн онцгой мөч хэзээ байсан бэ?

Онцлох агшин зөндөө бий. PayPal-н IPO хийсэн өдөр их чухал өдөр байсан компанийн хувьд ч тэр , санхүүгийн хувьд ч тэр, мөн бидний нөлөөллийг батлан харуулсан. Бид их хэмжээний алдагдалд ороод байсан компаниа аварч чадсан. Affirm-г байгуулсан маань бас гайхалтай явдал байсан. Өнгөрсөн энэ бүх хугацаанд маш их мундаг, агуу хүмүүстэй танилцаж, найзууд болсон. Энэ л хамгийн том онцлох зүйл байх даа.


Таны нэг өдөр ямар дарааллаар өнгөрдөг вэ?

Өглөө 5:30 гээд босно. Тэгээд яаралтай э-мэйл зэрэгт хариу бичээд цаг орчим ажлаа хийнэ. Дараагаар нь дугуй унаж тухайн өдрийнхөө эрч хүчийг олж авна. 8-аас 9 цагийн хооронд ажилдаа явна . Ажил маань маш их уулзалт хийсээр байгаад дуусдаг юм шиг санагддаг, гэхдээ тэд бүгд ямар нэг талаараа ашигтай байдаг юм. Өдрийн хагасыг гэртээ өнгөрүүлэхийг боддог. 6 гэхэд харьчихвал хүүхдүүдтэйгээ хамт хооллож, тэдэнд унтахаас нь өмнө үлгэр уншиж өгнө. Эцэст буцаад л э-мэйл шалгах, бичиж тэмдэглэх зүйлсээ хийнэ. Аль болох 12-оос өмнө унтаж амрахыг боддог. Тэр маань ч бараг биелдэг.


Элон Масктай хамт ажиллах ямар вэ?

Элонтай хамт ажиллах тун сонирхолтой! Тэрээр маргаангүй гайхалтай, хүнд бэрх асуудлуудыг шийдэх дуусашгүй их шугаман бус шийдлийн нөөцтэй хүн. Тэр өөрийнхөө бүтэлгүйтэх чадваргүйд бат бэх итгэнэ. Нөгөөтээгүүр энэ нь урам зориг өгөх боловч бас уур бухимдлыг бий болгоно.


CAPTCHA-г зохиосон хүн үнэхээр та юу?

Бараг л. PayPal автоматчилагдсан хуурамч бүртгэлүүдэд дарагдаад байсан тул үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй болсон. Нэг өдөр би бүхий л чангаараа “Хэн нэгэн зөвхөн хүн биелүүлж чадах харин машин чадахгүй тийм даалгаврыг бодож олж чадах нуу?” хэмээн инженерийн баг уруу хашгарсан юм. Тэгтэл Dave Gausebeck гээд гайхалтай кодер “Үсэг, тэмдэгтийг харааны тусламжтай танин мэдэх” гэж хариулсан даа. Тэгээд бид дараагийн 72 цаг үүнийг бүтээхийн тулд зогсолтгүй код бичсэний үндсэн дээр хуурамч бүртгэлийг үлэмж ихээр буруулж болохыг харсан. Дараахан нь би CMU (Carnegie Mellon University)-хан бас үүн дээр амжилттай ажиллан CAPTCHA хэмээн нэрлэсэн байсныг олж мэдсэн. Тэд тухайн үед CAPTCHA-н талаарх чухал хэд хэдэн ажлаа нийтэд нийтэлсэн байсан. Тухайн үед бид үүнийг олж мэдээгүй л дээ. Иймээс бид хамтдаа нээсэн гэж хэлэхэд болох байх.


Таны дуртай бизнесийн номоо нэрлээч? Мөн залуу энтрепренерүүдэд ямар ном санал болгомоор байна вэ?

Яг бизнесийн гэвэл хэдэн сайн ном бий. Zero to One (Орчуулагдсан), The Hard Things About Hard Things, The Innovator’s Dilemma, Good to Great (Орчуулагдсан) г.м. Ер нь бол бий бага зөвлөгөө уншиж аль болох түүх уншихыг боддог. Миний хамгийн дуртай ном гэвэл Too Big To Fail, Ascent of Money, When Genius Failed гэх мэт. Технологийн мэдлэгээс гадна нэмэлтээр сэтгэл зүйн талын ном уншина Influence, Predictably Irrational гээд.


Таны шийдвэрийн хэдэн хувь нь тоо баримт дээр үндэслэдэг вэ?

97,3%-н тоо баримт дээр үндэслэн.


Та стартап компанид хөрөнгө оруулахаасаа өмнө юуг нь түрүүлж хардаг вэ?

Баг, баг, баг. Зах зээл. Бусад нь хамаагүй ээ.


Өнгөрсөн бүхий л хугацаанд танд тохиолдсон хамгийн хүнд, бахархалтай, санаанд оромгүй мөчүүд юу байсан бэ?

Хүнд үе гэвэл зөндөө байсан болохоор яг хамгийн гээд сонгоход бэрх юм. Бид залуу мөн бүхий л цагаа PayPal-д зориулж байсан тэр үед дотнын найз маань гэнэт нас барсан. Slide-д цомхтгол хийх ёстой болсон үе гээд. Маш их хүнд хэцүү байсан ч үүнийг даван туулахын тулд чи өөрөө өөртөө шударга байх хэрэгтэй. Зорилт тавиад түүнийгээ гүйцэтгэх л хэрэгтэй.

Бахархууштай үе гэвэл PayPal-н IPO хийсэн өдөр.

Санаад оромгүй үе гэвэл стартапын ертөнцөд өдөр бүр л гайхалтай зүйлүүд болж байдаг шүү дээ :-).


Элон та хоёрын санал зөрөлдсөн тухай нэг жишээ хэлж болох уу. Та хоёр асуудлаа яаж шийдсэн бэ?

Ha! PayPal-д байхад Элон Windows NT гээд харин би Linux гээд их маргалддаг байсан. Энэ маргааныг яг таг эцэслээгүй ч нэг өдөр Элон гар барилдах тулаанд намайг дуудан асуудлаа шийдье гэсэн юм. Би тулаанд ялагдсан ч PayPal unix-ээрээ үлдсэн :).


Амжилттай стартап байгуулах нэг зөвлөгөө өгөөч гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хамтрагчаа ол. Та түүнийг гайхшруулж чадах эсвэл тэр таныг гайхшруулж чадах тийм хамтрагчаа.


Масс мэдээллийг хэрхэн ашигладаг вэ? Байнга тогтмол ордог сайт бий юу эсвэл зарим нэг блогын RSS ашиглаж байна уу? Эсвэл Facebook/Twitter дэх холбосоор мэдээлэл авч байна уу?

Twitter+links -ээр түлхүү мэдээлэл авдаг. Цаг гарвал News360 гээд апп ашигладаг.

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Enkhbayar

    Танай мэдээлэл өгөөжтэй залууст хэрэгтэй аятайхан сайт байна шүү.

    Амжилт залуусаа.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.