Сергей Брин: Google Founder

Сергей Брин: Google Founder


Цахим ертөнцөд өөрийн хаант улсыг бий болгосон Google компаний үүсгэн байгуулагчдын нэг 2013 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 21-р байранд бичигдсэн Сергей “Михайлович” Бриний түүхийг танд хүргэж байна. Сергей Брин нь 1973 оны 8 дугаар сарын 21-нд төрсөн бөгөөд түүний түүх бол цагаачлагчын амжилтанд хүрсэн тухай хамгийн агуу сонгодог жишээ юм.

Тэрээр 6 нас хүртлээ хатуу чанд ЗХУ-д өсөж  1979 онд гэр бүлийн хамт еврейн хавчлага дарамтаас зугтан Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилжээ. Түүний аав ЗХУ-ын эдийн засгийн математикч байсан бөгөөд тухайн үеийн семитекийн эсрэг бодлого аавынх нь одон орон судлаач болох мөрөөдлийг нь үгүй хийсэн байна. Ирээдүйд энэ байдал хүүхдүүдийнх нь ч хөгжих боломжийг хаана хэмээн тэрээр үзэж Америкийн Нэгдсэн Улс руу цагаачлах эрсдэлтэй шийдвэрийг гаргажээ. Москвад болсон шинжлэх ухааны нэгэн шоу нэвтрүүлэгт оролцсоны дараа тэрээр ЗХУ улсад бус Барууны орон түүнд болон түүний үр хүүхдүүдэд хангалттай боломжийг олгоно хэмээн бүрэн дүүрэн итгэсэн байна.

“Том асуудлыг шийдэх нь жижиг асуудлыг шийдэхээс хялбар байдаг.” tweet

Америкт ирсэний дараа тэрээр Мерилендын Аделфи дэхь Paint Branch Montessori сургуульд элсэн орсон боловч удалгүй сургуулиасаа гарч гэрээр сурах болсон байна. Түүний аав Мерилендын Их сургуулийн математикийн тэнхимд профессор болсон бөгөөд түүнийг математикт сургаж, төрөлх Орос хэлнийхээ ур чадварыг хадгалж үлдэхэд тусалсан байна. Тэрээр Мерилендийн Грийнбелт дэхь Eleanor Roosevelt-ын ахлах сургуулийг төгсөж 1990 оны есдүгээр сард Мерилендийн Их Сургуульд элсэн орж 1993 онд Шинжлэх Ухааны Бакалавр зэрэгтэй болжээ.

Үүний дараа тэрээр Стенфордын Их сургуульд элсэн орсон бөгөөд энд ирээдүйн хамтрагч болох Ларри Пейжтэй анх танилцжээ. Сергей Брин энэ талаар “Бид хоёр мэтгэлцээнд үргэлж эсрэг тал болж өрсөлддөг байсан. Тэр яг л над шиг зэвүү хүргэм байдаг байсан.” хэмээн дурссан байна. Сергей Брин болон Ларри Пейж нар удалгүй дотно найзууд болж хоорондоо үргэлж мэдээллээ хуваалцан янз бүрийн онолын талаар ярилцдаг болов. Тэд удалгүй эдгээр ярианаас нэгийг  буюу хайлтын шинэ системийг нэвтрүүлэх санааг шүүрэн авч дэлхийн хамгийн үр ашигтай төслийн нэг болгосон нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон Google юм.

“Бид Google-ийг таны тархины 3 дахь хэсэг байлгахыг хүсэж байна.” tweet

Өмнө нь хэн ч Google-ийг дурсаж эхлээгүй байхад тэр 2 өөрсдийн дотуур байранд Стенфордын системийг ашиглан өөрийн жижиг хайлтын системээ хийжээ. Гэвч энэ нь удалгүй Стенфордын дотоод сүлжээг гацаах болж тэр хоёрт улам их урам зоригийг өгсөн байна. Хамгийн гайхалтай нь дэлхийн хамгийн ашигтай онлайн компаний нэг болсон Google үүсгэн байгуулагдахдаа ямар ч мөнгө олох талаар төлөвлөөгүй байна. Бриний хувьд энэхүү хайлтын системийг эхэндээ Стенфордод суралцаж буй оюутнуудад өөрт хэрэгтэй мэдээллийг богино хугацаанд авахад зориулж хийж байв.

Хайлтын систем хийгдээд удаагүй байх үед анхны хөрөнгө оруулагчид Сергей Брин, Ларри Пейж нарт компаниа 1 сая доллараар зарах санал ирүүлсэн юм. Тэр 2 өөрсдийн гэр бүл, найз нөхөд бусад хөрөнгө оруулагчдаас нийт 1 сая долларын хөрөнгийг босгож урт хугацааны төлөвлөгөөг гарган 1997 оны сүүлээр хайлтын системээ албан ёсоор нээж 21 дүгээр зууныг хүртэл 1 ч долларын ашиг олоогүй байна. Харин 2000 гарснаас хойш энэ байдал өөрчлөгдөн Google маш их амжилтыг дагуулж тэрбум тэрбум долларыг Сергей Бринд авчирчээ. Учир нь Google аль хэдийнээ дэлхийн хүн болгоны мэдээллийн эх үүсвэр болсон байв. Сергей Брин, Ларри Пейж нар Google-ийн төв байрыг Калифорни мужийн Цахиуртын хөндийд барьсан бөгөөд 2004 онд хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр арилжаалжээ. Үүний дараагаар Google компани 2006 онд дэлхийн хамгийн том видео сайт болох Youtube-ын 1,6 тэрбум долларын хувьцааг худалдан авсан байна.

“Бидэнд хүмүүс итгээгүй бол бид өдийд байхгүй байх байсан.” tweet

Энэ их амжилтыг олохоос өмнө хэн ч коллежид сурж байх богино хугацаанд ямар ч төлөвлөгөөгүйгээр эхэлсэн төсөл их хэмжээний ашиг авчирч болох талаар төсөөлөөгүй байх.

Хэрэв Сергей Бриний түүхээс ямар нэгэн зүйлийг сурах хэрэгтэй бол энэхүү хугацааны турш тууштай байж, хөдөлмөрлөж чадсан нь хамгийн том сургамж юм. Яарч богино хугацааанд төлөвлөгөө, шийдвэрийг гаргалгүй урт хугацааны төлөвлөлтийн  ухаалаг сонголтийг хийж, тууштай байж чадсан нь сайтын хамгийн чухал болон үнэ цэнэтэй хөрөнгийг өсгөсөн байна.

Сергей Бриний хувьд Google-ийг эхлүүлж байх үедээ Стенфордын Их Сургуулиасаа түр гарсан бөгөөд 2008 онд эргэн Докторын зэргээр сурч эхэлсэн байна. Тэрээр 1998 онд Google-ийн техникийн шилдэг шагнал, 2004 онд Инженерийн салбарт академийн дээд шагналыг тус тус хүртсэн юм.

Мөн 2013 онд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 21-р байранд, Америкийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтанд 14-р байранд 24,4 тэрбумын цэвэр хөрөнгөтэйгээр жагссан байна. Харин 2014 оны 9-р сард түүний хөрөнгө 29,9 тэрбум болон өссөн байна.

Ангилалууд

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    laikhan

    hi, mash olon medeelel iig tawijee, bayrlalaa, site tai buren taniltshaad neleen tsag oroh n de, amjilt husey

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.