Бүргэд ба нугас

Бүргэд ба нугас


Нэгэн хоромд бид бүгд л энэ хорвоод мэндэлдэг шиг биднийг үхэхэд ч нэг л хором хангалттай. Энэ 2 хоромын хооронд хэрхэн амьдарснаар л хүмүүн бидний амьдрал хэмжигддэг.

Та дээрх өгүүлбэртэй санал нийлж байна уу? Тэгвэл дээрх 2 хоромын хооронд бид хэрхэн амьдрах хэрэгтэй юм бэ?
Хүмүүсийг хамгийн энгийнээр эрэгтэй ба эмэгтэй гэж ангилж болно. Цаашлаад тарган, туранхай, царайлаг, царай муутай, даруухан, өөртөө итгэлтэй, боловсролтой, боловсролгүй гээд бие биенийгээ ангилах бидний хэмжүүрүүд хязгааргүй.

Тэгвэл энд бүргэд ба нугас гэсэн ангиллыг авч үзье.

Хүмүүс бүгд адилхан бүтээгдсэн байдаг хэдий ч цөөхөн маань л мөрөөдлөөрөө амьдарч чаддаг. Харин үлдсэн хэсэг нь тэрхүү мөрөөдлөөрөө амьдрах нэгнийг гайхан биширсээр, “хэзээ нэг өдөр” гэсэн горьдлогын дор үлдсэн насаа өнгөрүүлдэг. Та магадгүй аль хэдийн бүргэд бол тэрхүү мөрөөдлөө бодит болгосон цөөн хэсэг харин уг гайхамшгийн үзэгчид нь нугас гэдгийг ойлгосон байх. Арай дэлгэрэнгүй тайлбарлаад үзье л дээ.

Бүргэд бол өдрөөр ангуучилдаг махчин шувуудын гол төлөөлөгч нь юм. Олзоо харсан л бол хамгийн хурдтай, хамгийн хүчтэйгээрээ нисч зорьсон ангаа өөрийн болгодог жигүүртэн. Бүргэд нэг газраа эргэлдээд л өчигдөр идсэн хоолоо санагалзан, хэн хоол авчрах бол гэж бодон гомдолдоггүй. Үүний оронд хамгийн өндөрт, хамгийн хурднаараа нисч, уулсын цаадах алсыг харан, тавьсан зорилгоо биелүүлдэг. Тэрээр хамгийн сайхан газар үүрээ засч, ямар ч жигүүртний хүрч чадахгүй алс руу нисч чаддаг.

Бүргэдийг элэн халин дээгүүр нисч байх зуур түүнийг нуурын уснаас харан ганганахаас өөр зүйл хийж чаддаггүй амьтан бол нугас юм. Нугасны хийж чадах хамгийн сайн зүйл бол гомдоллох. Тэрээр дээшээ нисэх нь байтугай нуурын уснаасаа ч холддоггүй ба хичнээн өлсөж, ан хийх шаардлагатай байсан ч зөвхөн ганганаж чадах нь л харамсалтай. Нугасны төрлийн хүмүүс алсыг харах, зорилгоо биелүүлэх тухай хамгийн ихээр ганганаж, гунганалдах боловч хийх нь тун цөөн. Энэ л тэднийг уг ангилалд удаан байлгаж байгаа шалтгаан.

Нэгэн бизнесмен хажуугийн томоохон хотод очиж хуралд суух болжээ. Тэрээр уулзалт болох газрын ойролцоо байрлах 5 одтой зочид буудалд урьдчилан захиалга өгөөд хурлын өмнөх өдөр нь уг хотод иржээ. Захиалга өгсөн зочид буудалдаа очин өрөөндөө орох гэтэл буудлын ресепшинээс “буудал дүүрэн хүнтэй байгаа ба таны захиалгыг оруулаагүй байна, тиймээс яах ч арга алга” гэсэн хариултыг авчээ. 7 хоногийн өмнө захиалга өгсөн, тэгээд ч маргаашийн хуралд орохын тулд эртхэн амрах хэрэгтэй байгаа тухайгаа хэлтэл “нэгэнт буудал дүүрэн байгаа учраас яах ч арга байхгүй” хэмээх бухимдангуй хариултыг дахин авлаа. Энэ үеэр үүдэнд болоод байгаа асуудлыг сонссон буудлын менежер ирэн “уучлаарай, таны захиалгыг бүртгэж аваагүй нь бидний буруу. Гэхдээ бид танд ойролцоох яг ижил зэрэглэлийн буудалд өрөө захиалж өгье. Зөрүү мөнгийг нь манай буудал хариуцнаа. Та биднийг захиалга өгч байх хойгуур манай ресторанаар үйлчлүүлнэ үү” хэмээн эелдэг бөгөөд өөртөө итгэлтэйгээр хэлжээ. Менежер ердөө 1 хан минутын дотор асуудлыг их хялбархан бөгөөд амжилттайгаар шийдвэрлэж чадлаа.

Одоо та бүргэд болон нугасын ялгааг сайн ойлгож авсан байхаа гэж найдъя. Тэгэхээр бүү гомдолло оронд нь чамд таалагдахгүй байгаа тэр зүйлийг өөрийнхөө таашаалд нийцтэл засаж янзал, өөрчил. Битгий зурагт үзэн буйдан дээр тухлан өдрийг өнгөрүүлж сайхан амьдрал ярьж, зорилго тавин түүнийгээ биелүүлэх тухай зогсоо зайгүй чалч. Үүнийхээ оронд зүгээр л хий. Өдөр бүрийг таны амжилттай өдөр болгон өөрчил. Нэг л өдөр амжилтанд хүрэх тэр өдөр чинь өнөөдөр ч байж болно гэдгийг ойлго. Эцэст нь уулсын дээгүүр элэн халин нисэх бүргэд шиг алсыг харан хүрэхийг хүссэн оргилдоо хүр.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.