M-Pesa халаасан дахь банк…

M-Pesa халаасан дахь банк…


Шинэ техник технологи, шинэлэг бизнес ихэнх тохиолдолд хөгжингүй орноос эхэлж, хөгжиж буй оронд дуусдаг билээ. Гэвч хөгжиж буй орнуудын нэг Кенийн иргэд халаасандаа өөр өөрсдийн банктай явж байна гэвэл та итгэх үү?

M-Pesa (M- мобайл, Pesa- мөнгө) үйлчилгээ нь банкны дансгүй хэрэглэгчдэд, утаснаасаа текст мессеж илгээх замаар хоорондоо гүйлгээ хийх боломжийг олгодог юм. 1997 оноос хойш Кенид үйл ажиллагаа явуулж ирсэн Safaricom болон харилцаа холбооны томоохон компани болох Vodafone компаниуд хамтарч энэхүү үйлчилгээг хамгийн анх Кенид 2007 онд албан ёсоор нэвтрүүлсэн байна.

Нэгэн судалгаагаар одоогийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас нь улсын иргэдийн 80%-д бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх гэж 20-оод жил, интернет болон компьютер нь 30-аад жил, төмөр зам нь 130-аад жилийг зарцуулсан гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү үйлчилгээг одоогийн байдлаар Кени улсын насанд хүрсэн иргэдийн 74%-д аль хэдийн өдөр тутамдаа хэрэглэж байгаа аж.

vodafone_m-pesa_HB-4

Энэхүү үйлчилгээг хэрэглэхийн тулд албан ёсны 100,000 орчим төлөөлөгчийн газарт (дэлгүүр, мухлаг, шатахуун түгээх газар) очин бүртгүүлэн, утсандаа мөнгө байршуулна. Ингээд төлбөр төлөх шаардлага гарсан тохиолдолд илгээгчийн утас руу мессэж илгээн, мөнгө шилжүүлж, мөнгө хүлээн авагч хамгийн ойрын салбар руу очин мөнгөө авна. Мөнгө хүлээн авагчийн хувьд заавал бүртгэлтэй хэрэглэгч байх шаардлагагүй аж. Харин бүртгэлгүй хэрэглэгч рүү мөнгө шилжүүлэх тариф нь харьцангуй өндөр байдаг.

M-Pesa үйлчилгээ нь анх Кени улсад нэвтэрснээсээ хойш одоогийн байдлаар Танзани (2008), Афганистан (2008), Өмнөд Африк (2010), Энэтхэг (2011), Мозамбик (2013), Египет (2013), Лесото (2013), Румын (2014) зэрэг улсуудад аль хэдийн нэвтэрчхээд байгаа аж. Тус үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч болох Susie Lonie– аас M-Pesa- н төлөөлөгчийн дэлгүүр мухлаг нь Европын өндөр хөгжилтэй оронд нэвтрэх үү? дараагийн зах зээл аль зах зээл бэ гэж үргэлж асуудаг байна. Гэвч тэрээр үгүй гэж хариулдаг ба шалтгаан нь эдгээр улсуудад интернет хэрэглээ маш сайн хөгжсөн, түүнчлэн ерөнхий зарчим нь ижил бүтээгдэхүүнүүд аль хэдийн нэвтэрчихсэн иймээс зах зээл байхгүй гэж тайлбарладаг байна.

Зарим судлаачид Румын улсад тус үйлчилгээг нэвтрүүлсэн нь Европ болон хөгжингүй орнуудад нэвтрэх гэж оролдож буй эхний алхам гэж тайлбарлаж байгаа юм. Магадгүй л юм. Бүр цаашилбал бид цаасан мөнгөний оронд цахим мөнгө ашигладаг болж ч болох юм. Гагцхүү маш том асуудал басхүү маш том боломж нь санхүүгийн салбарыг хэдэн зуун жил давамгайлсан банкны салбар зүгээр суугаад өнгөрөөхгүй нь тодорхой.

 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.