Бизнесээ эхлүүлэхэд тань хэрэгтэй 5 зөвлөмж

Бизнесээ эхлүүлэхэд тань хэрэгтэй 5 зөвлөмж


Өөрийн гэсэн шинэ бизнесээ эхлүүлэхийг хүсэж байна уу? Гэхдээ яаж, хэзээ, хэрхэн, юуг хийх вэ? гэх мэт маш олон хариултыг нь олоход төвөгтэй асуултуудаас болоод мөрөөдлийнхөө бизнесийг эхлүүлэх тэр мөчөө хойшлуулсаар сууна уу?

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид танд тэр мөрөөдлөө эхлүүлэхэд тань туслах маш үнэ цэнэтэй 5 зөвлөгөөг бэлтгэлээ. Ингээд тухлан сууж таалан соёрхоно уу.

1. Зөв хандлагатай бай 

Амжилт үргэлж эерэг зөв хандлагыг дагаж ирдэг гэдгийг хэзээ ч бүү март. Хэрэв та маргааш өөрийн бизнесээ эхлүүлээд нөгөөдөр нь амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол уучлаарай! тийм зүйл хэзээ ч болохгүй. Асар их тэсвэр тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлын эцэст та амжилтанд хүрэх болно. Харин энэ бүхнийг даван туулахад тань эерэг хандлага л танд туслах болно.

Хандлага бол бүх зүйл #Attitude is everything

2. Жинхэнэ энтрепренер бай 

Жинхэнэ энтрепренер байхын тулд хуурамч энтрепренерүүд хэн бэ? гэдгийг тодорхойлох нь зөв биз ээ. Ялгаа нь маш энгийн. Хэрэв та өөрийн бизнесийнхээ эцсийн зорилгыг мөнгө гэж тодорхойлсон бөгөөд ямар ч шинэ санаа, бүтээлч байдал, сэтгэл ханамжгүй байх юм бол…. тийм ээ та зөв бодож байна энэ бол хуурамч энтрепренерүүд юм.

Тэгвэл жинхэнэ энтрепренерүүдийн шинж чанар юу юм бол?

шинэ боломжийг үргэлж эрж хайж байдаг /тийм ээ тэд амьдрал боломжоор дүүрэн гэдэгт итгэдэг бөгөөд тэр боломжуудыг хэрхэн ангуучлахаа маш сайн мэддэг/

өөр байхаас огтхон ч айж эмээдэггүй /энэ нь таныг толгойнхоо талыг халзлуулаад тэр чигээрээ яв ягаан хувцастай бас гэрийн таавчигтайгаа гудамжаар алх гэсэн үг мэдээж биш шүү! харин бусдын өмнө нь оролдож үзэж байгаагүй тийм шинэ санаануудыг зоригтойгоор эхлүүлэн бизнесээ огт өөр байлгаж, онцгой менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулахдаа битгий ай! гэсэн үг юм/

хэрэглэгчдийн хүсэл сонирхол хаашаа чиглэж байгааг үргэлж анхаарч судалдаг бөгөөд “яагаад” гэсэн асуултыг 24/7-р асууж явдаг нэгэн бол жинхэнэ энтрепренер юм

төлөвлөгөө гаргадаг бас хэрэгжүүлдэг

шинэ санаа, шинэ хандлага, шинэ хүмүүст үргэлж нээлттэй хандаж чаддаг

3. Дараах шинэ бизнес эхлүүлэх маш энгийн хэдхэн алхмуудыг мэддэг бай

АЛХАМ.1 Хэрэгцээг олж хараад хэрхэн хангах вэ? гэдэг санааг бодож ол
АЛХАМ.2 Бизнесийн маш сайн төлөвлөгөө бич
АЛХАМ.3 Өөрийн санааг хэрэгжүүлэх бүхий л боломжит арга замуудыг судалж, олж ав
АЛХАМ.4 Өөрийн бизнесээ эхлүүл
АЛХАМ.5 Юу нь болоод юу нь болохгүй байгааг эхний ээлжид маш сайн ажиглаж мэд
АЛХАМ.6 Хамгийн эцэст нь! таны олох мөнгө, үрэхээс тань их байх ёстойг үргэлж санаж яв

4. Алдаа гаргах зүрхтэй бай

#Заримдаа та ялдаг, харин зарим тохиолдолд та суралцдаг.

Энэ үгийг хэвлэж аваад үргэлж харж байхыг зөвлөж байна. Бид яагаад ч юм алдааг маш муу зүйл гэж боддог. Гэхдээ амжилтад хүрэх шат бүр тань алдаагаар дүүрсэн байдаг гэдгийг хэзээ ч бүү март! Тиймээс алдааг тайван бөгөөд эерэгээр хүлээн авч сураарай. Дараагийн удаа алдахгүйн тулд танд зааж буй үнэ төлбөргүй хичээл гээд л ойлгочих. Угаасаа л тийм юм чинь!

5. Ур чадвар болон авьяас чадвараа зөв бизнестээ зарцуул

  • Та юу хийх дуртай вэ?
  • Юу хийвэл танд мөнгө өгөхгүй байсан ч дуртай нь аргагүй хийх вэ?
  • Амьдралынхаа эцсийн мөчид цаг хугацаагаа юу хийж зарцуулсандаа огтхон ч харамсахгүй байж чадах вэ? 

Та дээрх маш энгийн 3 асуултад шууд хариулж чадах уу? Хэрэв үгүй бол бүү санаа зовоорой! харин заавал хариултыг нь өөрөөсөө олоорой. Тэгээд хэзээ ч харамсахгүй байж чадах, тэр л хүсч мөрөөдөж буй бизнесээ огтхон ч хойшлуулалгүйгээр эхлүүлэхийг танд зөвлье.

Та бизнестээ амжилт олж чадна. Яагаад гээч? учир нь энэ салбарт хэн ч танаас илүү их хүсэл мөрөөдөлтэйгээр ажиллаж чадахгүй.

#PS: Амжилтынхаа агуу замналд гарахдаа дээрх 5 зөвлөгөөг үүргэвчиндээ заавал хийгээрэй. Танд амжилт хүсье. 

 

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.