Илтгэх урлагийн алтан дүрэм

Илтгэх урлагийн алтан дүрэм


Сандлаас босоод бусдын өмнө ярих болохоор хамаг бие хөшөөд, айдаст автан тархинд юм орохоо больж, ухаанаа төвлөрүүлж чадахгүй, юу хэлэх гэж байснаа ч санахаа больчихдог уу? Ажил хэргийн яриа ч бай, клубынхаа гишүүдтэй яриа өрнүүлсэн ч бай эсвэл олон хүмүүсийн өмнө үг хэлэхдээ өөртөө итгэлтэй, үнэмшилтэй ярьдаг болохыг хүсэж байна уу? Тэгвэл танд хэрэгтэй мэдээлэл яг энд байна. Та бүхэндээ илтгэх урлагийн мэргэжилтэн, судлаач, зохиолч Дейл Карнеги-н илтгэх урлагийн нууцаас хуваалцаж байна.

№1 Эхлэхийн тулд амжилтад хүрэх маш хүчтэй, шаргуу хүсэл эрмэлзэлтэй байх.

Хэр их хүснэ, төдий чинээ хурдан амжилтад хүрнэ гэсэн үг. Хэрэв таны эрмэлзэл үлбэгэр, яая даа байз гэсэн маягтай байвал таны амжилт ч бас тийм л байх болно. Хэрэв та муур хөөж яваа нохойн адил зорилгодоо шаргуу тэмүүлэх аваас энэ хорвоод танд саад болох юу ч үгүй. Иймээс тийм эрмэлзэлтэй болохын тулд өөрийгөө хөгжөөн доргиож сурах хэрэгтэй. Түүний ашиг тусыг нь бодоод үз дээ. Та өөртөө асар их итгэлтэйгээр бусдын өмнө ярьж, тэдний бахархсан харцыг харж байна гээд өөрийгөө төсөөлөөд үзээ ч. Өөрийн эрхгүй огшиж байгаа биз дээ. Энэ л мэдрэмжийг байнга мэдэрч байх нь л хамгийн чухал юм.

№2 Хэлэхээр завдаж байгаа үгээ сайтар тунгаан бод

Хэрэв хүн хэлэх үгээ бодож боловсруулаагүй, төлөвлөөгүй байвал сонсогчдын өмнө өөртөө итгэлтэй байж чаддаггүй. Ийм хүн өөр нэг хараагүй хүнийг хөтөлж яваа сохор хүн л гэсэн үг. Тедди Рузвелт өөрийн илтгэх урлагийн нууцаас хуваалцахдаа “Чамд ярих юм байна, үүнийгээ чи сайн мэдэж байна гэж итгэх хүртлээ битгий үг хэлж бай” хэмээн зөвлөжээ. Мөн сэтгэл түгшихийг нуух бяцхан аргууд ч байдаг. Жишээ нь; Үг хэлж байхдаа цугласан олонд ямар нэг зүйл үзүүлж харуулах, аль нэг үгийг самбар дээр бичих, газрын зураг дээр заах, ширээ хөдөлгөх, цонх онгойлгох, ном цаасаа шилжүүлэн тавих гээд л тодорхой зорилготой биеэр хийж байгаа ямар ч үйлдэл хэнэггүй, ичиж зовохгүй байгааг чинь мэдрэхэд тус болно.

№3 Өөртөө итгэлтэй, зоригтой бай

Бүх л үеийн турш, газар сайгүй хүмүүс ямагт эр зоригийг шагшин гайхсаар ирсэн билээ. Иймээс таны цээжинд зүрх тань яаж ч булгилж байлаа гэсэн хэрэв та юу ярихаа мэдэж байвал шууд л суудлаасаа босоод гүнзгий амьсгаа ав. Ер нь үг хэлэхээсээ хагас минутын өмнө хэдэн удаа гүнзгий амьсгаа ав. Хүчилтөрөгч ийнхүү ихсэх нь таны урмыг сэргээж, зоригтой болгоно. Бие нуруугаа тэгшлэн цэх зогсоод, сонсогчдынхоо яг нүд уруу нь ширтэж байгаад, бүгдээрээ танд өртэй юм шиг л итгэлтэйгээр ярьж эхэл. Тэд танд өртэй, тэгээд таниас төлбөрийн хугацаагаа хойшлуулахын тулд энд цуглараад байна гэж ургуулаад бодоорой. Энэ нь сэтгэлийн их дэм өгнө. Чичигнэн татваганаж, пиджакныхаа товчийг тайлж, товчлох, эрхи эргүүлэх ч юм уу эсвэл сандчин гараа сарвагануулах хэрэггүй. Та хэрэв сандарсан хөдөлгөөн хийхгүй байж чадахгүй бол гараа ардаа нуугаад, гар хөлийнхөө хурууг хөдөлгөөд үз. Гэхдээ хэн ч үүнийг харахгүй байхаар шүү. Тедди Рузвелт өөрийн намтартаа бичин үлдээхдээ “Эхлээд бараг хүн болгон л тулалдаанд орохдоо айж байдаг, гэхдээ биеэ барьж, юунаас ч айгаагүй юм шиг байх хэрэгтэй. Хэрэв хангалттай удаан хугацаанд ийм маягаар биеэ авч явбал сэтгэн мэдрэх энэ зохицол нь бодит байдал болж, хүн үнэхээр аймшиггүй зоригтой болчихдог” гэжээ.

№4 Дадлага! Дадлага! Дадлага!

Энэ бол хамгийн чухал нь. Үг хэлж байхдаа өөртөө итгэлтэй байж чадах эхний бөгөөд эцсийн эндэгдэлгүй арга бол олон удаа үг хэлэх явдал юм. Та хүрэлцэхүйц хангалттай туршлагатай болоод ирмэгц айдас тань зуны нарны гэрэлд шөнийн будан замхардаг шиг л замхран алга болно. Бүх хүний зөвшөөрч болохуйц сэлж сурах арга бол ус уруу үсрэн орох гэдэг шүү дээ. Тиймээс яг одоо унших судлахаа зогсоогоод өөрийн биеэр туршаад үз. Нэг сэдвийг, болж өгвөл өөрийн нэлээн сайн мэддэг сэдвийг шилж аваад, гурван минутын хэлэх үгээ бэлдээрэй. Хэд хэдэн удаа энэ үгээ ганцаархнаа давтан сургуулилаарай. Дараа нь боломж байвал тэдний өмнө уншина гэж тооцоолж байсан бүлэг хүн ч юм уу найз нарынхаа өмнө бүхий л хүч чадлаа шавхан үгээ хэлээд үзээрэй.

Та бүхэн илтгэх урлагийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Дейл Карнегийн “Олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж, хүмүүст нөлөөлөх вэ” номыг уншаарай.

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.