Өөрөөсөө харамлаж бусдад хандивлагчын түүх: Ингвар Кампрад #1

Өөрөөсөө харамлаж бусдад хандивлагчын түүх: Ингвар Кампрад #1


Тавилгын үйлдвэрлэл, худалдааны магнат Шведийн тэрбумтан өдгөө 88 насыг зооглоод буй Ингвар Кампрадын амжилт, алдаа оноогоор дүүрэн амьдралын түүхийг та бүхэндээ хүргэе. Мэдээж түүний амьдралтай үүсгэн байгуулсан ИКЕА компани нь салшгүй холбоотой юм. Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс интерьер дизайны төгс шийдэлтэй бүтээгдэхүүнийг боломжийн үнээр авдаг байгаасай хэмээн хүсдэг байсан түүний хүсэл эрмэлзэл нь хэрхэн биеллээ олсон бол оо?

#1. ИНГВАР КАМПРАДЫН ТҮҮХ

Ingvar-Kamprad

Ingvar Kamprad

1926 оны 3  сарын 30-ны өдөр Шведийн өмнөд хэсэгт орших Agunnaryd тосгоны Elmtaryd хэмээх жижигхэн фермд Ингвар Кампрад төржээ. Бага байхаасаа л бизнес сэтгэлгээтэй байсан түүнийг бизнесийн арга барилаа өвөөгөөсөө өвлөн авсан хэмээн ярьдаг. Өвөөгийнх нь эзэмшиж байсан пүүс дампуурч, зээлээ төлж чадахгүй болсны улмаас өвөө нь амиа хорлосон байна. Харин эмээ нь түүнийг аливаа зүйлд тууштай хандаж, хөдөлмөрч байх зан чанарт сургасан байна. Тэрээр их сургуульд огт сурч байгаагүй хэдий ч түүний бизнесийн стратегийг дэлхий нийтээрээ судалж, түүнээс суралцаж байна. Ингварын анхны наймаа нь нийслэл Стокгольмоос чүдэнз их хэмжээгээр худалдан аваад тосгондоо авчирч зарахаас эхэлжээ. Улмаар 16 нас ч хүрээгүй байхдаа Ингвар загас, мод, бал харандаа зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн зардаг жижиг бизнестэй болсон байв. Түүний анхны хэрэглэгч болон ажилчид нь ч гэр бүлийнхэн нь байв. Гэрийнхэн нь хэн нэгэнд илгээмж илгээх бол боож баглана, утасны дуудлагад хариулж, санал гомдол хүлээн авдаг байв. Энэ нь яваандаа гэр бүлийн компани болсон тул тэрээр компанидаа ч гэр бүл шиг хандах болов. Анхны эхнэр Керстин Уонглинг Ингварыг ажилдаа хэт их анхаарал хандуулж, өөрт нь цаг гаргадаггүй хэмээн түүнээс салсан байна. Тэд ууг нь харилцаагаа сайжруулах гэж хүүхэд өргөж авсан ч энэ нь тус болоогүй аж. Өргөж авсан охин Анникатайгаа маш удаан холбоогүй байсан ч олон жилийн дараа харьцаагаа сэргээсэн юм. Хоёр дахь эхнэр Маргарета Стеннертэй 1963 онд гэрлэж 3 хүүхэдтэй болжээ. Харамсалтай нь хоёр дахь эхнэр нь 2011 онд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Ингвар Кампрад өөрийгөө төдийлөн цэвэр ариун хүн байгаагүй хэмээн хэлдэг бөгөөд Польшид байх хугацаандаа архинд донтож мөн бага залуу насандаа нэг бус удаа нацист бүлэглэлд гишүүнээр элсэж байснаа хэлсэн юм. Хожим нь энэ тухай тэрбээр “Фашист бүлэглэлд элсэж байсан минь миний амьдралын хамгийн том алдаа байсан” хэмээн хэлсэн байдаг.

#2. ИКЕА МЭНДЭЛЛЭЭ

ikea317 настай байхад нь сайн суралцсан хэмээн эцэг нь түүнийг мөнгөөр шагнасан нь өнөөдрийн ИКЕА-г үүсгэн байгуулах үндэс нь болж байв. ИКЕА хэмээх нэрийн хувьд Ингварын нэрний эхний үсгүүд I, K-ээс гадна өсөж төрсөн газар болох Elmtaryd, Agunnaryd-ын эхний үсгүүдийн нийлмэл юм. 17 насандаа үүсгэн байгуулсан Ингвар Кампрадын ИКЕА нь анхандаа түрийвч, зургийн жааз, ширээний бүтээлэг, бугуйн цаг, гоёл чимэглэл болон тухайн үедээ хамгийн эрэлттэй байсан үзэг зэрэг хамгийн хямд үнэтэй байж болох бүтээгдэхүүн бүрийг зардаг байв.

Бидний гол санаа бол хямд үнээр хэрэглэгчдэд үйлчлэх юм. tweet

#3. ЗӨВХӨН ТАВИЛГАД АНХААРЧ ЭХЛЭВ

Залуу бизнесмен Шведийн бизнес орчинд нэгэн том орон зай байгааг олж харсан байна. Тавилга хэтэрхий үнэтэй байсан тул ихэнх хүмүүсийн хувьд тансаг хэрэглээ мэт байв. Үүнийг анзаарсан Ингвар 1947  оноос ирээдүйн бренд болсон мебель эдлэлийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Тэрээр анхандаа тавилгыг хямдаар нийлүүлэх боломжтой жижиг үйлдвэрүүдтэй тохиролцож худалдан авдаг байв. Анхны дэлгүүртээ борлуулж байсан тавиургүй сандлыг Ингвар РУТ хэмээн нэрлэснээс хойш тавилга бүрийг өөрийн гэсэн нэршилтэй болгосон байна. Бусад өрсөлдөгчидтэйгөө таарамжгүй байдлыг бий болгосон учир 1951 онд өөр бусад салбараа орхиж зөвхөн мебелийн үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулах болжээ. Шведэд тавилга нь өндөр үнэтэй байсан тул түүний борлуулж буй тавилгын дэндүү хямд үнэ нь хэн бүгдийн хувьд цочирдом хэрэг байлаа. Ингварын энэхүү алхмыг өрсөлдөгчид нь эсэргүүцэж бойкот зарлав. Мөн тавилга худалдаачдын үндэсний холбоо ИКЕА-тай хамтарч ажилладаг мод бэлтгэгч үйлдвэрүүдийг өөрийн талд урвуулж чаджээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй Польшоос түүхий эдээ худалдан авдаг болов. Гэвч IKEA-н гол өрсөлдөгч нь нийлүүлэгч нар байсан бөгөөд 1955 оноос тэд өөрсдөө тавилгаа давхар хийж эхэлсэн байна.

Өндөр үнээр 60 сандал зарахын оронд үнийг нь буулгаад 600-г зарах нь харьцангуй ашигтай. tweet

#4. САЙН ЧАНАРЫГ ХЯМД ҮНЭЭР

ИКЕА-г хүн бүхэн шинэ, шинэлэг дизайн, загвар хийцийг тодорхойлогч гэдгээр нь мэддэг. 1960-аад оны эхээр Ингвар Кампрад Америкт аялж байх үеэрээ анх “Cash & Carry” системтэй танилцсан байна. Түүнд аварга том дэлгүүрүүд хотын гадна байршиж, худалдан авагч нар нь тэрэг түрээд өөртөө үйлчлээд авсан зүйлсээ машин уруугаа зөөн явах нь маш их таалагдсан байна. Тиймээс 1963 онд Стокхольмд Америк хэв маягийг шингээсэн томоохон дэлгүүрүүдийг хотын гадна барьж эхлэв. Хотын гадна байсан тул харьцангуй хямдаас гадна машины зогсоол ч хангалттай хэмжээтэй байлаа. Ихэнх бүтээгдэхүүнүүд нь хэсэг тус бүрээр задран савлагдах тул тээврийн зардлыг бууруулж замд үүсэх эвдрэлийг багасгаж, чанараа хадгалах сайн талтай байв. ИКЕА-н бүтээгдэхүүн хүмүүсийн амьдрах орчинг сайжруулаад зогсохгүй, хүмүүсийг өөрсдийг нь сайжруулна хэмээн Ингвар Кампрад үздэг байв.

Нэг крон ч гэсэн мөнгө. tweet

#5. ШИНЭ ШИНЭЛЭГ САНАА НЬ ӨРСӨЛДӨӨНД ДАВУУ БАЙДЛЫГ АВЧРАВ

url

1963 онд  тэрээр анхны тавилгын үзэсгэлэнгийн дэлгүүрээ Алмхултад нээж үүгээрээ бусад өрсөлдөгч нартайгаа үнийн дайн хийх эхлэлийг зарлав. IKEA дэлхийн хамгийн анхны агуулах маягийн тавилгын дэлгүүр болсон юм. Энэ шийдэл нь IKEA-ийн хэв маяг болжээ. Үзэсгэлэнгийн дэлгүүрийн нээлт нь ИКЕА-гийн дүр төрхийг хөгжүүлэх чухал мөч байлаа. ИКЕА-н үзэсгэлэнгийн дэлгүүрт байгаа хэрэглэгчид анх удаа тэдний бүтээгдэхүүнийг захиалахаасаа өмнө хүссэнээрээ хүрч, мэдрэх боломжтой болсон байна. Тус үйл явдал “Хэрэглэгчид, үнэ бус худалдан авч буй зүйлдээ сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал” гэсэн Ингварын зорилгын ердөө нэг хэсэг байв. Мөн худалдан авагчдад хүссэн бүх зүйлээ хийх боломжийг нь бүрдүүлж тавилгуудыг өөрийн хүссэнээр өөрчилж, ядраад байвал унтаад үзсэн ч болох нээлттэй орчинг  бий болгосон юм. Энэ бүхэн асуудлыг сайнаар шийдсэн шийдэл болсон байлаа. Учир нь ИКЕА өрсөлдөгчтэйгөө үнийн дайн хийж байсан юм. Хоёр компани хоёулаа үнээ бууруулснаар бүтээгдэхүүний чанар эрсдэлд ороод байв. Үзэсгэлэнгийн дэлгүүрийг нээснээр IKEA өөрсдийн бүтээгдэхүүнээ гурван хэмжүүрээр танилцуулах боломжтой болж, тэрбээр өрсөлдөгчидтэйгөө үнэ, чанар, үйлчилгээ гэсэн гурван салбарт дайтаж бүгдэд нь ялжээ.

IKEA-ын ажилчид хэзээ ч үнэтэй машин унаж, тансаг зочид буудалд байршдаггүй. tweet

Үргэлжлэл бий…………………


+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.