Кино биеллээ олсон нь

Кино биеллээ олсон нь


ИРЭЭДҮЙ УРУУ БУЦСАН НЬ

Томчууд багачууд та бидний үзэх дуртай сэтгэлд хоногшсон нэгэн өвөрмөц уран бүтээл бол яахын араггүй  “Back to the Future” буюу Universal Pictures-ийн уран бүтээл болох “Ирээдүй уруу буцсан нь” уран сайхны кино юм. Уг кино нь 3 ангит бөгөөд анхны анги нь 1985 онд хийгдэн дэлхийн сая сая гаруй үзэгчдийг байлдан дагуулж чадсан зөгнөлт төрлийн уран бүтээл юм. Энэхүү киноны 2-р ангид гол дүрийн залуу болох Марти МакФлай болон цаг хугацааны машин бүтээгч эрдэмтэн, Доктор Эммэт буюу Док нар бидний одоо амьдарч буй 2015 онд  МакФлай-н хүүг аврахаар ирж буй талаар гардаг.

Энэхүү бүтээлээс 2015 оныг ямар байх талаар зөгнөн бүтээсэн олон гайхамшигт технологийн шийдлүүдийг үзэх боломжтой. Харин эдгээр зөгнөлүүд биеллээ олсон болов уу? Мөн энэ онд багтан биеллээ олж чадах болов уу? Хамтдаа 2015 оноор аялцгаая.

БИЕЛЛЭЭ ОЛСОН БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИУД

#1. Google glass

МакФлайн гэр бүлийн оройн хоолон дээр хүүхдүүд нь том нүдний шил зүүсэн байдаг. Түүнд нь утасны дуудлага ирдгийг хүн бүхэн санаж байгаа байх. Энэ юуг зөгнөв? Анх 2012 онд зарлагдсанаасаа хойш маш удаан хугацаанд хөгжүүлэлт хийгдэж байгаа бүтээгдэхүүн. Ухаалаг нүдний шил юу хийж чаддаг вэ? Google glass –ийн тусламжтай дуудлага хийх, зураг авахуулах, видео бичих, мессеж хүлээн авах, мэдээлэл хайх, дамжуулах, орчуулга хийх гэх зэрэг маш өргөн боломжтой. Киноны уг анги дээр мөн л ийм үйлдлүүдийг хийх боломжтой нүдний шил гардаг юм. Одоогоор худалдаанд гараагүй байгаа боловч хөгжүүлэгчдэд 1500$-оор зарагдаж байгаа аж. 43 гр жинтэй хүчирхэг зэвсэг хэзээ олон нийтийн хэрэглээнд нэвтрэх талаар тодорхой мэдээлэл алга байна. Гайхамшгийг доорх бичлэгээс үзнэ үү.

#2. Tablet компьютер болон биометрик технологи

Киноны энэ анги дээр Док Мартитай уулзахдаа гартаа таблет барьсан харагддаг. Таблет компьютерын үүсэл хөгжил 1963 оноос эхлэн маш хурдацтай хөгжиж ирсэн. Хамгийн боловсронгуй бүрэн утгаараа таблет шинжийг агуулсан бүтээгдэхүүн бол яах аргагүй 2010 онд зарлагдан гарч ирсэн Apple компанийн Ipad. Таблетууд маш хүчирхэг, хурдтай болсоор суурин компьютерын хэрэглээг багасгаж байгаа билээ. Тэд маш хөнгөн, авсаархан, хэрэглэхэд хялбар мөн бүхий л зүйлийг хийж байна. Киноны эсрэг дүр болох Biff Tannen өвгөн хоёр дугаар анги дээр таксиныхаа төлбөрийг хуруугаа уншуулан төлдөг. Уг кинонд  гардаг хурууны хээ мэдрэгчтэй мөнгө шилжүүлэн тооцоолох төхөөрөмж бол одоогийн Apple Pay л гэсэн үг. Мөн ирээдүйд ирсэн Jennifer-г цагдаа нар гэрт нь оруулахдаа хурууны хээг нь хаалганд уншуулдаг. Энэ мөн л биеллээ олжээ. Хурууны хээ уншигчтай маш их төхөөрөмж бий болж Iphone, хаалга, сейф гэх мэт. Жишээлбэл миний HP Pavillion dv6 нөүтбүүк хурууны хээ уншдаг сенсортой. Компьютероо асаагаад хурууны хээгээ уншуулсны дараа онгойх жишээний.

#3. Видео хурал болон хавтгай телевиз

1989 онд гарсан уг анги дээр Марти гэрээсээ ажлынхаа хүмүүстэй шууд видео хурал хийдгийг хэн бүхэн санаж байгаа байх. Энэ мөн л биеллээ олжээ. Өнөөдөр бид дэлхийн хаана байгаагаас үл хамааран интернет ашиглан хоорондоо видео дуудлага хийж байна. Skype, Google Hangout бол бидний мэдэх хамгийн ойрын жишээ билээ. Бидний ашигладаг зурагт хүртэл ухаалаг болж, кинонд гардаг шиг нимгэн,хавтгай болсон байна. Зурагтаа ашиглан интернет орж, Facebook, Youtube, Skype ашиглаж байх жишээний.

#4. Нисдэг тавцан буюу Hover board

Өнөөдөр хүн болгон кино дээрх шиг hover board-г унаж явахгүй байгаа хэдий ч энэ технологи аль хэдийн биеллээ олжээ. Америкийн ArxPax компани энэхүү технологийг хөгжүүлэн 2015 оны 10 сарын 21-нд албан ёсоор худалдаанд гаргахаар ажиллаж байгаа аж. Gred Henderson-ны үүсгэн байгуулсан старт-ап компани энэ төслийг бодит биелэл болгохын тулд Kickstarter.com сайт дээр төслөө тавин олон нийтээс санхүүжилт татжээ. Тэд 250,000$ татахаар төлөвлөсөн ч 510,000$-г амжилттай босгож чаджээ. Одоогийн байдлаар Hendo hoverboard 10,000$ үнээр зарагдах төлөвтэй байна. Үүсгэн байгуулагчийн хэлж буйгаар энэ бол дөнгөж  эхлэл аж. Тэд үүнийг маш боловсронгуй болгох бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа бололтой. Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

#5. Өөрөө үддэгддэг Nike пүүз

Nike өөрөө үдэгддэг уг пүүзийг киноноос санаа аван Nike Air Mag нэртэйгээр 2011 онд зах зээлд танилцуулж цөөн тоогоор 1,500 хос пүүз худалдаанд гаргасан байдаг ба уг бүтээгдэхүүнээс олсон орлогыг гол дүрийн залуутай хамтран Паркинсоны өвчтэй хүмүүст хандивласан юм.

 

 

 

 

 

Уг киног дахин нэг үзэхийг Та бүхэнд зөвлөе. Бид зөвхөн онцгой 5 технологи, бүтээгдэхүүнийг л та бүхэнд танилцууллаа. Өөр олон бүтээлч шинэ бизнес санааг та уг киноноос олж харах боломжтой!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.