Таны санхүүгийн амьдралыг өөрчлөх 3 чухал шийдвэр

Таны санхүүгийн амьдралыг өөрчлөх 3 чухал шийдвэр


Энэ орчлон дээр эд мөнгөөр баялаг хирнээ аз жаргалгүй, өөрийн амьдралдаа сэтгэл ханамжгүй амьдардаг хүнээс долоон дор зүйл гэж байхгүй биз ээ! Хэдийгээр энэ үзэгдэл олон байдаггүй мэт санагдавч харамсалтай нь би өдөр бүр ийм хүмүүстэй таарсаар л байна. Энэ бол хэн нэгэн маш ихийг хүсэх болон өөрийн байгаадаа талархаж чадахгүй байх хоёрын зөрүүнээс үүсэж байгаа сэтгэлийн гутрал юм.

Чи өөрт аль хэдийн байгаа зүйлдээ талархаж баярлахгүйгээр хэзээ ч жинхэнэ аз жаргалыг мэдрэхгүй. Тэгвэл бид энэ балансыг хэрхэн тэнцүүлж амьдрах вэ? Хэрвээ энэ балансаа зохицуулж чадахгүй бол юу болох вэ?

Би бараг дөчин жилийн турш Америкийн ерөнхийлөгчөөс эхлээд шинэхэн бизнес эрхлэгч хүртэл олон хүний хувийн зөвлөх, хөтөч, дасгалжуулагч хийж байсан туршлагатай.

Энэ хугацаандаа би хүний амьдралыг тодорхойлдог гурван чухал шийдвэр байдгийг олсон юм. Хэрвээ энэ шийдвэрүүдийг та өөрийн ухамсаргүйгээр шийдэж зөнд нь орхивол биеийн хувьд дорой, сэтгэл санааны хувьд уцаартай, санхүүгийн хувьд стресстэй нэгэн болж хувирдаг. Харин үүнийг ухамсартайгаар өөрөө сонгож чадвал таны одоогийн амьдрал тэс өөр байх болно. Одоо ингээд 3н чухал шийдвэрээ танилцуулъя.

Шийдвэр 1: Юун дээр төвлөрөхөө болгоомжтой сонго

Мөч бүрд таны анхаарлыг мянган мянган зүйлс татаж байдаг. Та яг одоо тохиолдож байгаа зүйлс дээр эсвэл ирээдүйд бий болгох мөрөөдөл дээр эсвэл болж өнгөрсөн дээр төвлөрч болно. Анхаарал хаана төвлөрнө, энерги түүнийг дагадаг. Та юун дээр төвлөрнө тэр л таны бүхий л амьдралыг тодорхойлно.

Та алин дээр нь илүү төвлөрдөг вэ? Өөрийн байгаадаа юу эсвэл өөрийн байхгүй зүйлдээ юу?

Мэдээж танд энэ хоёр асуулт зоосны хоёр тал мэт хамтдаа юм шиг санагдаж байгаа байх. Гэхдээ та ихэнх цагаа алийг нь бодоход зарцуулдаг зуршилтай вэ гэдгээ олж тогтоох нь хамгийн чухал. Өөрийн байхгүйдээ төвлөрч, өөрөөсөө илүү баян чинээлэг амьдарч байгаа хүмүүст атаархахын оронд та мөнгөөр авч чадахгүй таны эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, боломж оюун ухаандаа талархаж сурах хэрэгтэй.

Өөрийн байгаадаа талархах зуршлыг өөртөө бий болгож чадсанаар та сэтгэл санааны болоод санхүүгийн хувьд шинэ төвшинд очих болно. Гэхдээ хамгийн чухал асуулт бол та үнэн сэтгэлээсээ өөрийн оюун ухаан, бие, сэтгэл зүрх, сүнслэг биендээ талархаж түүнийг мэдэрч чаддаг уу? Учир нь энэ бол хүн жинхэнэ аз жаргалаа олж сэтгэл зүрхний баялгаа бүтээх ганц зам юм.

Шийдвэр 2: Яаж хүлээж авах хандлагаа тодорхойл

Яг үнэндээ бол амьдралдаа хэр сэтгэл хангалуун байх нь танд тохиолдож байгаа зүйлс, таны санхүүгийн төвшин эсвэл танд юу байх байхгүй вэ гэдэгтэй хамааралгүй, харин таны эдгээр зүйлсэд яаж хандаж, яаж хүлээж авахаас хамаатай.

Амьдралд тань хэцүү зүйлс (машины осол, эрүүл мэнд муудах, ажлаас халагдах гэх мэт) тохиолдоход, та үүнийг төгсгөл гэж хүлээж авдаг уу эсвэл шинэ эхлэл гэж хүлээж авдаг уу?

Хэрэв хэн нэгэн таныг эсэргүүцэхэд та түүнийг намайг доромжилж байна гэж боддог уу ? эсвэл намайг дасгалжуулж байна бүүр намайг халамжилж байна ч гэж боддог уу?

Танд хэцүү зүйл тохиолдоход та түүнийг бурхан таныг шийтгэж байна уу? Эсвэл таныг сорьж байна уу? Эсвэл яагаад бурхнаас өгсөн бэлэг гэж бодож болохгүй гэж???

Та ямар нүдээр харна таны амьдрал тийм л байна. Өөр өнцгөөс харах тоолонд танд шал өөр мэдрэмж, өөр сэтгэл хөдлөл, ханамж бий болдог.

Би үргэлж семинарынхаа үеэр  хүмүүсээс ингэж  асуудаг “Та нарын таньдаг хүмүүс дотор хар тамхи хэрэглэдэг тэгсэн ч үргэлж стресстэй байдаг хүн байдаг уу?” Ихэнхдээ үзэгчдийн маань 85-90% нь гараа өргөдөг. Энэ боломжтой гэж үү? Хар тамхи хүмүүсийг аз жаргалтай болгоно гэж үү??? Үгүй ээ хэчнээн хар тамхи хэрэглэсэн ч бай тэр хүн алдсан эсвэл өөрт байхгүй зүйл дээрээ төвлөрөөд л байвал хэзээ ч аз жаргалтай болохгүй.

Та юун дээр төвлөрөх, яаж хүлээж авах зуршлаа өөрчилснөөр таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөх болно. Тиймээс үргэлж санаж ав:

ХАНДЛАГА СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ БИЙ БОЛГОДОГ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ АМЬДРАЛЫГ ТОДОРХОЙЛДОГ.

Шийдвэр 3:  Юу хийх вэ?

Чиний ямар үйлдэл хийх ямар ааштай байгаагаас чинь шууд хамааралтай байдаг. Хэрвээ чи ууртай байвал, хөгжилтэй сэргэлэн байгаагаас тэс өөр үйлдэл гарах болно. Тиймээс хэрэв та юу хийхээ тодорхойлъё гэвэл эхлээд юун дээр төвлөрч, юманд хандах хандлагаа өөрчлөх нь чухал.

Хүмүүс өөр өөрөөр уурладаг. Зарим нь хойшоо ухардаг байхад зарим нь уураа хөдөлгөх хүч болгож ашигладаг.

Зарим нь чимээгүй уурладаг байхад зарим нь хүчтэй хэрцгийгээр илэрхийлдэг. Энэ үйлдэл хаанаас гарч ирдэг вэ? Ихэнх хүмүүс өөрийгөө баяртай сэргэлэн байхдаа гаргадаг үйлдлээрээ тодорхойлдог. Харин таны хийх ёстой зүйл бол та ууртай, зовлонтой, хэцүү, ганцаардсан байхдаа ямар үйлдэл гаргадгаа ойлгож түүнийг ухамсартайгаар удирдах явдал юм. Тэр л сэтгэл хөдлөлийг өөрийгөө түлхэх жинхэнэ хүч болгон ашиглах зуршилтай болбол таны амьдрал тэс өөр байх болно.

За ингээд чи одоо өөрийн амьдралаа өөрчлөх чухал гурван шийдвэрийг мэдлээ. Нэмж зөвлөхөд хэрэв чи ямар нэгэн зүйлийг хүсвэл чиний тэр хүсэлд аль хэдийн хүрчихсэн хүнийг сонгож аваад түүний хандлага, хийдэг үйлдлүүдийг нэг судлаад үзээрэй. Тэд аль хэдийн чамаас урд алхаж яваа учраас тэднээс суралцах зүйл маш их байх болно.

САР ЛУУ ХАРВА, ЧИ САРЫГ ОНОХГҮЙ Ч СУМ ЧИНЬ ОДДЫН ДУНД ТУСАХ БОЛНО.

Энэ нийтлэлийг 30 жилийн турш хувь хүний хөгжлийн талаар судалж, зөвлөгөө өгч байгаа зохиолч, зөвлөгч Tony Robbins-ийн шинэ гаргасан  Money Master the Game: 7 Simple Steps to Financial Freedom номоос иш татав.

4 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    Басхүү

    Баярлалаа үнэхээр сайхан мэдээлэл байна танай сайтыг.байнга уншдаг. Үнэхээр залуу хүмүүсд зориулсан сайт шүү

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.