Бизнесийн ертөнц дахь хамгийн гайхалтай шийдвэр гаргалтууд

Бизнесийн ертөнц дахь хамгийн гайхалтай шийдвэр гаргалтууд


Алхам тутамдаа сонголт, шийдвэр гаргалттай тулгарч байдаг энэхүү ертөнцөд хамгийн оновчтой шийдвэрийг гаргах нь тийм ч амар хэрэг биш билээ. Бидний өдөр тутамдаа гаргадаг шийдвэр гаргалтуудын хажууд бүхэл бүтэн зах зээл, улс гүрнийг хамарсан томоохон корпорациудын хувьд шийдвэр гаргалт нь өргөн хүрээг хамарсан тооцоолол, зөн совин хоёрын төгс хослолыг шаардсан тун эрсдэлтэй алхам юм. “Бүх цаг үеийн хамгийн гайхалтай шийдвэр гаргалтууд” гэх номонд орчин үеийн бизнесийн шийдвэр гаргалтын хамгийн шилдэг 18 шийдвэр гаргалтыг дурдсан байдаг. Ингээд эхний 5 байрыг сонирхоцгооё:

5. Samsung

Samsung-н ерөнхийлөгч Lee Kun Hee нь өөрийн компанийн чадварлаг ажилчдаа амжилттай компаниудын соёлыг суралцаж, хэлийг нь сурч, харилцаа холбоо тогтоох зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт илгээсэн байна. Тэрээр 1993 онд компани нь  олон улсад хэрхэн ажиллаж буй талаар мэдэхийн тулд улсуудаар зочилж, салбаруудтайгаа танилцсан ба харсан зүйлсдээ үнэхээр сэтгэл хангалуун бус байжээ. Өмнөд Калифорни дахь электрон барааны дэлгүүрт ороод Sony, Panasonic-н телевизүүд өндөр хэмжээний борлуулалттай байхад өөрсдийнх нь телевиз буланд тоосонд дарагдан хэвтэж байхыг харсан байна. 1993 оны 6 сард Германы Франкфурт хотод компанийн ажилчдынхаа өмнө “1993 оны Франкфуртын тунхаглал” гэж хожмоо нэрлэгдсэн илтгэлээ танилцуулж компаниа GE шиг дэлхийн хэмжээнд танигдсан компани болгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

4. Boeing 

1945-1968 оны хооронд Boeing компанийн ерөнхий захирал хийж байсан Bill Allen 1952 онд компанийн ирээдүйг шийдсэн нэгэн эрсдэлтэй алхам хийсэн юм. Дэлхийн 2-р дайны дараа үйлдвэрлэгчид нь иргэдэд зориулсан бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Харин Boeing нь цэргийн зориулалттай онгоцыг ихээр үйлдвэрлэдэг хэвээр л байв. Bill шинэ, иргэдэд зориулсан Boeing 707 онгоцыг үйлдвэрлэхийг ТУЗ(төлөөлөн удирдах зөвлөл)-даа ятган зөвшөөрүүлж, тэр үеийн жилийн орлогоосоо ч их 16 сая долларыг туршилтын онгоц үйлдвэрлэлд төсөвлүүлж чадсан байна. Энэхүү загвар нь иргэдэд зориулсан онгоцны гол төлөөлөл болсон ба дараа дараагийн загварын гол суурь болж өгч чадсан юм.

3. Intel

Intel-н чипийг олон нийтэд таниулж чадсан эрхэм нь Dennis Сarter юм. Техникийн зөвлөгч байсан тэрээр компанийн борлуулалт тун бага байгаа учир шалтгааныг илрүүлсэн байна. 286 гэж нэрлэгдсэн 16 битийн микропроцессороос илүү сайн 32 битийн 386 микропроцессорын борлуулалт нь санаснаас нь хамаагүй бага байв. Тэрээр хэрэглэгчид бүтээгдэхүүний ялгааг сайн мэдэхгүй байгааг анзаараад Intel inside компанит ажлыг явуулж эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх шинэ сувгийг нээсэн байна. Энэхүү ажлынхаа үр дүнд нь тэрээр маркетингийн хэлтсийн ахлах болсон байна.

2. Apple

Apple-н Steve Jobs-г эргүүлэн авчрах шийдвэр нь компанийг төсөөлөө ч үгүй амжилтанд хүргэж чадсан юм. Өдөр ирэх тусам хоцрогдсоор байсан үйлдлийн систем, буурсаар байсан ашгийн үзүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд ерөнхий захирал Gil Amelio нь ТУЗ-г ятган NEXT-г худалдан авч чадсан байна. Ингээд NEXT-н үүсгэн байгуулагч Steve Jobs нь Apple-д буцан орж өдгөө бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдийг бий болгосон юм.

1. Ford

Henry Ford-н ажилчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр нь машины зах зээл цаашлаад масс үйлдвэрлэлд томоохон түлхэц болж өгсөн байна. Model T загварын өндөр өсөлтийн хажуугаар ажилчдын халаа сэлгээ маш өндөр байсан ба энэ нь үйлдвэрлэлийн бүтээмжид муугаар нөлөөлж байв. Ford 1914 оны 1 сарын 5-нд ажилчдын дүрэмд 3 чухал өөрчлөлт хийснээ мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэлд цалинг 2 дахин нэмэгдүүлнэ гэх хамгийн гол өөрчлөлтөөс гадна ажлын цагийг 9-с 8 цаг болгож, өдрийн 2 ээлжээ 3 ээлж болгосон байна. Жилийн дотор ажилчдын халаа сэлгээ 370%-с 16% болтлоо буурч, бүтээмж 40%-с 70% хүртлээ өсөж, model T загвараа  800$-с 350$ хүртэл буулгаж чадсан юм.

Бүх зүйлээ эрсдэлд оруулан байж гаргасан эдгээр шийдвэрүүд нь бидний өдөр тутмын амьдралыг маш ихээр өөрчилж чадсан билээ.

НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ LIKE&SHARE ХИЙГЭЭРЭЙ!!!

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.