Мөрөөдөгчөөс бүтээгч болох нь

Мөрөөдөгчөөс бүтээгч болох нь


Хүн бүхэн мөрөөдөлтэй. Тэрхүү мөрөөдлийнхөө төлөө бүхнээ зориулж чадсан нь амжилтад хүрч түүнээсээ сэтгэл ханамжийг мэдэрдэг. Харин үлдсэн хэсэг нь мөрөөдлөө бодит болгохын тулд тууштай тэмцэлгүй зөвхөн бодож суусныхаа төлөө өөртөө энэ зөвхөн мөрөөдөл л юм даа хэмээн санаа алдсаар үлддэг. Гэвч таны мөрөөдөл том ч бай, жижиг ч бай нь хамаагүй зөвхөн системтэйгээр зөв зохион байгуулахад л хангалттай гэдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Тиймээс та бүхэндээ системтэйгээр мөрөөдлөө бодит болгох 5 алхмыг хүргэе.

#1. Өөрийн мөрөөдлөө цаасан дээр буулгаж, түүний эцсийн хугацааг тодорхойл

Юун түрүүнд таны мөрөөдөл хэмжигдэхээр, бодит байх ёстой. Тиймээс та мөрөөдлөө биелүүлэхийн тулд түүнийг цаасан дээр буулгаж биежүүлэх хэрэгтэй. Өглөө бүр сэрээд тэрхүү жагсаалтаа харж өдөр тутам хийж буй ажилтайгаа холбосноор таны мөрөөдөл алхам алхмаар бодит болох эхлэх тавигдана. Харин та тодорхой үр дүнг харахын тулд тухай үе бүрдээ тодорхой эцсийн хугацааг зоож өгөх хэрэгтэй. Ингэснээр та биелж буй мөрөөдлөөсөө урам зоригийг авч улам ихээр хийж эхлэх болно.

#2. Хүсэл, хэрэгцээ хоёрын тэнцвэр буюу хүсэж буй хэрэгцээгээ болго

Ихэнхи мөрөөдөл хүсэл дээр тулгуурласан байдаг. Үүнийгээ та зайлшгүй хэрэгцээ рүү гээ шилжүүлэх хэрэгтэй. Оргилуун хүсэл тань танд үүнийг хийх хүсэл тэмүүллийг өгөх бол хэрэгцээ нь танд үүнийг зайлшгүй хийх шаардлагыг бий болгож өгөх юм. Цөлд цангаж явах үед та усыг хамгийн ихээр хүсэж, танд зайлшгүй шаардлагатай зүйл болон хувирдагтай ижил таны мөрөөдөл яг ийм байх ёстой. Маш ихээр хүсэж, маш ихээр хэрэгцээтэй байгаа зүйл рүү гээ л хүн улайран тэмцэж чаддаг юм.

#3. Өөрийгөө бүтээгч хүмүүсээр хүрээлүүл

Ямар ч зүйлд хүрээлэн буй орчин чухал үүрэгтэй. Муу хүмүүс таныг тойрон хүрээлсэн байхад та зөвхөн муу зүйлсийг тухай л бодно, харин сайн хүмүүсээр хүрээлүүлбэл сайн сайхан зүйлийг хийхийг эрмэлзэнэ. Учир нь хүрээлэн буй орчин таныг өөртөө уусгаж байдаг. Бүтээлч хүмүүс эргэн тойронд тань байснаар та тэдний арга туршлагаас суралцаж, урам зориг авч байх болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг сайхан Монгол ардын үг байдаг.

#4. Хийх ёсгүй зүйлээ хийх хэрэггүй.

Ихэнхи амжилтад хүрсэн хүмүүс маш их цагийг зөвхөн мөрөөдлөө бодит болгоход л зарцуулсан байдаг. Та ч мөн үүнтэй адил бүхнээ зориулахын тулд мөрөөдлийг тань бүтээхэд саад болох хэрэггүй жижиг ажлуудыг хойш тавьж сурах хэрэгтэй. Мөрөөдөл тань биелэхэд ямар нэгэн золиос хэрэгтэй бол тэрхүү золиос нь эдгээр хийх шаардлагагүй ажлууд байх болно.

#5. Бүх зүйлс цаг хугацаа, зардал шаарддаг.

Ихэнхи хүмүүс мөрөөдөөд л хэвтээд байдаг. Дэмий мөрөөдөөд сууж байхдаа та цаг хугацаагаа алдаж, ирээдүйд гарах зардлаа нэмэгдүүлж буйгаа тооцдоггүй. Ямар ч зүйлд алдагдсан боломжийн өртөг гэж байдаг шүү дээ. Энэ бол А хувилбарыг сонгоход Б-ээс олох байсан ашгаа алдахыг хэлдэг. Тиймээс Б хувилбарыг хамгийн бага байлгахын тулд таны Б хувилбар мөрөөдөж хэвтэх байх, харин А хувилбар тань мөрөөдлөө бодит болгох үйл хэрэг байх хэрэгтэй.

Эцэст нь эдгээр маш энгийн таван алхмыг дагахад л таны мөрөөдөл биеллээ олон хэрэгжиж эхлэх бөгөөд үлдсэн хэсэг нь зөвхөн цаг хугацааны л асуудал болох болно. Та хоосон мөрөөдөгч байхыг хүсэж байна уу? эсвэл хосгүй гайхамшгийг бүтээгч байхыг хүсэж байна уу? Яг одоо эхэл.


1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Ууганбаяр

    Ийм сайхан үнэтэй , ойлгомжтой мэдээлэл хүргэдэг танай сайтын хамт олонд маш их баярлаж байна. Энэ эрчээрэй яваарай залуусаа.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.