Цай ба амьдралын найрлага

Цай ба амьдралын найрлага


Эмэгтэй хүний амьдралыг аягатай цайтай зүйрлэж болно. Илүү ойлгомжтой болгох үүднээс уншигч авхай таныг дэргэдээ халуун цай тавиасай гэж хүсч байна. Эмэгтэй хүний гэж тодотгосны учир нь энд эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог асуудлын тухай тусгасных юм.

НАЙРЛАГА

Цай сүүтэй, чихэртэй, давстай гээд олон төрлийн өөр өөр хэв маягтай байдагтай адил эмэгтэй хүмүүс ч гэсэн үндэс угсаа, шашин шүтлэг, боловсрол, соёл, гээд нэг нэгнээсээ ялгарч өөр өөрийн аяга мэт ертөнцдөө амьдардаг. Олон янз байдгийн учир нь хүн бүрийн цай амтлах болон амьдралдаа хандах хандлага нь өөр байдгийнх биз ээ. Хятадад анх цай үүсч дэлхийн өнцөг булан бүрээр тархах явцад улс үндэстэн бүр өөрсдийн хэв шинж онцлогоо шингээж түгээсэн ч хамгийн энгийндээ цай нь ус болон ханднаас бүрддэг билээ.

Усыг эмэгтэй хүний хувийн амьдрал буюу хувь хүн гэр бүлтэй зүйрлэж болно. Эмэгтэй хүмүүс айл гэрийн эзэгтэй болж үр хүүхдийнхээ ээж болдог жамтай учир гэр бүлийн амьдрал бол тэдний салшгүй нэг хэсэг юм. Усгүй цай гэж огтоос байхгүйтэй адил таньгүй таны амьдрал гэж үгүй.

Цайны ханд” бол тухайн эмэгтэйн боловсрол, соёл, карьер, ажил, амжилт товчхондоо нийгмийн амьдрал юм. Хүн нийгэмшдэгээрээ бусад амьтдаас ялгардаг гэдэг харин нийгмийн амьдралд оролцохгүйгээр, боловсрохгүйгээр та нийгмийн амьтан болохгүй . Нөгөө талаас ямар ч цайны ханд хийгээгүй бол тэр усыг хэчнээн цай гээд ус чигээрээ л үлдэнэ. Тэгэхээр нийгмийн амьдралд жаахан ч гэсэн оролцдоггүй хүн гэж байхгүй байх нь.

ХАНД НЬ БАГАДСАН ЦАЙ

Амтгүй цай уухаар амнаас уначих гээд байх шиг санагддаг биздээ. Нэг л юм дутагдаад, чухал орцыг нь арай л багадуулчихаад цай уусан ч юм шиг уугаагүй ч юм шиг сэтгэл дундуур үлддэг амьдралаар амьдрах ямар байх бол. “Амтгүй цай“-г хэзээ ч хэнд ч үнэлэгддэггүй гэрийн ажил хийж, хүүхэд өсгөж, ам халааж суудаг хөршүүдээс өөр хамт олонгүй, сэтгэлийг нь догдлуулдаг цор ганц мөч нь ердөө л “нөхөр нь гэртээ ирэх оройн зургаан цаг” гэж хэлдэг, өөр сонголт гэж огтоос байхгүй гэж боддог, бодсон ч юу ч хийж чаддаггүй эмэгтэйчүүдтэй зүйрлэж байгаа юм . Ийм эмэгтэйчүүдээс таны амьдралдаа гаргасан хамгийн том амжилт тань юу вэ гэх асуултад “хүүхэд гаргасан” гэж хариулах нь элбэг гэхдээ хүүхэд төрүүлж өсгөх чинь биологийн хувьд үр удмаа үлдээх үүрэгтэй амьтан ч хийж чадах зүйл юм. Хүн бүр хүүхэд төрүүлж, өсгөх үүрэгтэй гэж хуульчилсан байхад үүнийг амжилт биш Монгол улсын иргэний үүргээ биелүүлэх л гэнэ. Ганц л амьдарна гээд байдаг үхэхийн өмнө эргээд хархад “Монгол улсын иргэний үүрэг”-с өөр хийсэн бүтээсэн зүйлгүй байвал давс нь багадсан цай л уучихсан мэт харамсалтай л байх.

ХАНД НЬ ИХЭДСЭН ЦАЙ

Эсрэгээрээ цайны ханд ихэдвэл яах вэ. Анхааралгүйгээсээ болж цайгаа гашуун болгочихдог шиг амьдрал дээрээ ажилдаа хэт их цаг, хүч зарцуулаад гашууруулаад байгаагаа анзаарахгүй байгаа юм биш биз. Ажил ихтэй байна гээд гэр бүлдээ, өөртөө цаг гаргахгүй үүрийн туяатай уралдаж ажилдаа ирчхээд овоорсон ажлынхаа цаанаас “өдрийн нар” үзэхгүй явсаар орондоо ороод “маргааш хийнэ” гэж төлөвлөсөн ажлаа бодож хөрвөөн хэвтсээр үүр цайлгаад ахин гэлдэрнэ. Ингэж ажилладаг хүмүүст коммунист үе өнгөрсөн гэж хэлмээр байна. “Хэн их хөдөлмөрлөнө түүний ам хөдлөнө” гэх уриатай намдаа үнэнч байхаа харуулах гэж картын бараагаа ч авахгүй гүрийж ажиллан байж өөрийгөө баталдаг цаг нэгэнт тэртээ хол улиран оджээ. Эсрэгээрээ хэн ажлаа өдрийн найман цагтаа хийж чадна тэр хүн цагийн сайн менежменттэй, ажилдаа чадварлаг, амьдралын зөв хэвшилтэй гэж үнэлэгддэг болсон.

Саяхан германы хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэнтэй уулзаж ярилцах боломж гарч хөгжингүй орны хөдөлмөрийн соёлын зах зухаас мэргэжлийн хүнээс нь сонсох завшаан тохиосон юм. Ажлын цагаа хэтрүүлж ажиллах нь тэдний хувьд хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж буй хэрэг бөгөөд хэрэв нэмэлт цагаар ажиллавал “илүү цагийн мөнгө” гэж цалингаасаа хоёр дахин ихийг ажил олгогчоосоо авдаг хуультай байна. Мэдээж цагтаа хийж амжаагүй ажлынх нь төлөө ямар ч энэрэнгүй удирдлага үр ашиггүй мөнгө төлөхийг хүсэхгүй учир ингэж ажилласан хүн нээх өөдөлдөггүй гэсэн үг юм. Амьдрал гэдэг зөвхөн ажил биш өөр сайхан олон зүйл бий.

Хэрвээ уугаад дуусчхаагүй л бол амтгүй байвал дахин хандлаад амттай болгож болно, хэт гашуун болсон байвал ус нэмээд шингэлж болно. Үүнтэй адил та амьдраад дуусчхаагүй л бол танд амьдралдаа дутагдуулсан зүйлээ нөхөх боломж хэзээд байдаг. Гагцхүү энэ таны амьдрал, таны уух цай, та өөртөө зориулж хийсэн учраас та л сэтгэл ханамж авч, дуусахад нь харамсахааргүй үлдэх хэрэгтэй.

3 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.