Кейс 2: Талст компани

Кейс 2: Талст компани


Залуу энтрепренерүүдийнхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагын кейс байгууллагын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд гарсан асуудлыг шийдвэрлэх тухай байх болно.

“Талст-Т” компани

Улсын томоохон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүний чанар болон борлуулалт хариуцсан маркетингийн менежер Тунгалаг энэ чиглэлээр 10 гаруй жил ажилласан нэгэн юм. Тунгалаг хуримтлуулсан мэдлэг туршлага дээрээ үндэслэн өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүний компани байгуулахаар шийдсэн ба өөрийн хуримтлуулсан хөрөнгө дээрээ нэмж АНУ-д амьдардаг өөрийн найзаасаа дэмжлэг аван нэлээд томоохон компани байгуулах санхүүгийн бололцоо бүрдэв. Тэрээр эхлээд Монгол улс дахь гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл болон өрсөлдөгч компаниудаа судлахад гол анхаарлаа хандуулав. Судалгаагаа нэлээд удаан явуулсны үндсэн дээр өөрийн бүтээгдэхүүнийг хүлээн авах зах зээл нээлттэй байгааг илрүүлсний дээр өрсөлдөгчидөөсөө нийтлэг нэг зүйлийг ажиглав. Өрсөлдөгч компаниуд нь Монголын хүн амын ихэнхи нь хэрэглэж болохуйц гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд мөн чанарын хувьд харьцангуй муу байлаа. Энэ бүхнийг судалсны үндсэн дээр Тунгалаг “Талст-Т” нэртэй компаниа байгуулав. Уг компани нийгмийн зөвхөн дээд давхаргын баян эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Эрхэмсэг хатагтайн хэрэглээ” гэсэн уриатайгаар бүтээгдэхүүнийхээ рекламыг явуулж эхэлсэн байна. “Талст-Т” компанийн бүтээгдэхүүний чанар, өнгө, үзэмж бусад компанийг бодвол ихээхэн онцгойрч байсан төдийгүй үнийн хувьд 10 буюу түүнээс ч олон дахин өндөр байлаа. Орлого эхний жил төлөвлөж байснаас илүү байсан боловч дараагийн жилээс орлого багасаж уг гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг цөөн тооны үйлчлүүлэгчидтэй үлдсэн байв. Байдал ингэж эргэж байгаад компанийн удирдлага анхаарлаа хандуулж бүтээгдэхүүнийхээ чанар, сав, баглаа боодлыг дахин шинэчилсэн боловч хэрэглэгчдийн уг бүтээгдэхүүнийг худалдан авах хандлага төдийлөн дээшилсэнгүй харин ч үр дүнгүй зардал ихээхэн гарч байлаа.

Асуулт:

1. “Талст-Т” компанийн орлого буурах шалтгаан юу байв?

2. Үйл ажиллагаа нь уруудахад нөлөөлсөн макро орчны хүчин зүйл?

3. Үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнгээ өгөх вэ?

Ангилалууд

25 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Bayasgalan

    1). Талст-Т компанийн орлого буурах шалтгаан юу байв?
    Талст-Т компаний үндсэн өрсөлдөөний стратеги бол Focused Differentiation стратеги юм. Тиймээс онцгой хэргэлэгчдэд, тэдний эрэлтэд тохирсон бүтээгдэхүүнийг хангах юм. Гэвч Талст-Т компани ямар нөхцөл доор энэхүү стратегийг ашиглаж болох талаар сайн судалгаа хийгээгүйгээс ашиг орлого буурах гол нөхцөл бүрэлдсэн байх боломжтой.
    1. Үндсэн зах зээл хэдий хэмжээний том бэ гэдгийг сайн судлаагүй. Жишээ нь: Монголд хичнээн тооны худалдан авагчид бидний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой вэ, тэдний сарын болоод жилийн дундаж орлого хэд байдаг вэ гэх мэт.
    2. Бусад өрсөлдөгч компаниуд гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл дээрх сонирхол хэр зэрэг вэ? Хэрвээ сонирхол ихтэй байх юм бол зах зээл дээр өрсөлдөгчид илүү олширох боломжтой.
    3. Үнэнч хэрэглэгчдийн тоо хэмжээ хэд байна, мөн хэрхэн бусад хэргэлэгчидтэйгээ сайн харилцаа тогтоох вэ гэдэг тал дээр сайн төлөвлөж тооцоогүй.
    2). Үйл ажиллагаа нь уруудахад нөлөөлсөн макро орчны хүчин зүйл? Зах зээлийн микро орчин тойрны судалгаагаар өрсөлдөх чадвар буурсаны үндсэн шалтгааныг судалж болох юм. Үүнд:
    1. Хэргэлэгчдийн үнэ хаялцах чадвар: Монголын зах зээл дээр маш олон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг дотоод болон гадаадын өрсөлдөгчид бий, тиймээс хэргэлэгчид нэг компаниас нөгөө компанруу шилжих өртөг бага, мөн хэргэлэгчдийн худалдан авалтын чадвараас хамааран хямд үнэтэй өөр бусад брендийн бүтээгдэхүүн хэргэлэх хүсэл нэмэгдэнэ. Тиймээс Талст-Т компани өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг цөөн тооны хэргэлэгчдэд нийлүүлснээр, олох цэвэр ашгийн хэмжээ буурсан байх боломжтой.
    2. Зах зээл дээрх өрсөлдөгчид: Монголын зах зээл дээр олон тооны компани, хувь хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсэх тусам өрсөлдөгчид компаниуд хэргэлэгчидээ нэмэгдүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг багасгадаг( Үнийн стратеги). Ийм тохиолдолд худалдан авагчид хямд үнэтэй бүтээгдэхүүн бараа сонгох чиглэлрүү тэмүүлж эхэлдэг. Тиймээс зах зээлийн өрсөлдөгчид хэт олон байх нь Талст-Т компаний ашиг буурах нэг шалтгаан байх боломжтой.
    3. Шинэ өрсөлдөгчид: Гоо сайхны зах зээл дээр шинээр орж ирэх сонирхолтой компаниудын нийлүүлэгчдийн цар хүрээ том байх, худалдан авагчид тухайн шинээр орж ирж буй компанууддах эрэлт их байх нь Талст-Т компаний ашиг орлого буурах шалтгааны нэг байж болох. Мөн гадна дотны компануудын нөөц( бренд, хөрөнгө, соёл г.м) болон чадвар сайн байгаа тохиолдолд, шинэ зах зээлрүү орох саад тотгорыг маш хөнгөх гэтлэх боломжтой.
    4. Орлох бүтээгдэхүүн: Зах зээл дээр хэдий хэмжээний орлох бүтээгдэхүүн байна, худалдан авагчдын нэг компанаас нөгөө компанруу шилжих өртөг төдий чинээ байга байна. Мөн орлох бүтээгэхдэхүүний шинж чанар, үнээс хамаарч шууд болон шууд бусаар Талст-Т компанид нөлөөлөх боломжтой.
    Мэдээлэл бага тул нийлүүлэгчдийн талаар судлан авч үзэх боломжгүй юм.
    3). Үйлчлүүлэгчдийн тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнгээ өгөх вэ? Талст-Т компани ганц бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмж, баглаа боодол дээр анхаарсанаас биш худалдан авагчдын эрэлт, төлөв байдлыг сайн судлаагүйн улмаас, хэргэлэгчдийн тоогоо алдсан байх боломжтой. Тиймээс хэд хэдэн маркетингийн үйл ажиллагаа явуулж болно;
    1. Худалдан авагчдын судалгаа хийх: Монголын зах зээл дээр хичнээн тооны хэргэлэгчид Талст-Т компаний бүтээгдэхүүнийг худалдан авч байна, мөн далд худалдан авагчид хэд байна, тэдний дуртай бүтээгдэхүүн, эрэлтийг сайн тооцох хэрэгтэй.
    2. Зар сурталчилгаа: Янз бүрийн сурталчилгааны арга хэргэсэлүүдийг ашиглаж худалдан авагчдын сонирхолыг татах, тоо хэмжээг нь нэмэгдүүлж болно. Жишээ нь: Медиаг ашиглаж зар сурталчилгаа явуулах, бусад компаний бүтээгдэхүүн дээр өөрсдийн шошго логог тавиж сурталчилах, брендийн үнэ цэнээ нэмэгдүүлэх алхамууд хийх гэх мэт.
    3. Туршилтын маркетинг(Experience marketing) : Худалдан авагчид 5 мэдрэхүйгээр дамжин аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдэрдэг. Талст-Т компани туршилтын маркетинг ашиглаж хэргэлэгчдийн 5 мэдрэхүйг өдөөх боломж бий. Жишээ нь: DIY үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хэрхэн хийдэг талаар үйлдвэрийн танилцуулга явуулах, хэргэлэгчид өөрсдийн биеээр үйлдвэртээ танилцахаас гадна, мөн өөрсдөө жижиг хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүн хийж, түүнийг өөртөө авч үлдэх гэх мэт. Энэхүү арга нь аливаа компани үйлдвэрүүд хэргэлэгчидтэйгээ шууд харилцах, харилцан үйлдэл хийх боломжуудыг нээж өгдөгөөрөө давуу талтай.

  2. 2
    CEOM

    1. Тухайн байгууллага зорилтод хэрэглэгдийнхээ зан төлөвийг бага судалсны улмаас гол уналтын шалтгаан байсан гэж ажиглагдаж байна. Тансаг өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэгч бүсгүйчүүд нь ихэнхдээ өөрийн гэсэн тогтмол брэндийг итгэж сонгосон байдаг. Нөгөө талаар өрсөлдөгчдийг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээр хязгаарлаж судалсан нь мөн том алдаа болсон. Учир нь дэлхийн алдартай брэндүүд Монголын зах зээлд аль хэдийн байр суурь эзэлсэн.

    2, Макро түвшний хувьд дэлхийн алдартай брэндүүдийн Монголд дахь өрсөлдөөн нэмэгдсэн.

    3, Байнгын хэрэглэчддээ тогтоон барих тэдэнд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлэх, мөн тэдгээр хэрэглэгдийн сувгийг ашиглан хэрэглэгчдийг нэмэх. Мөн Зорилтод хэрэглэгчдийн судалгаа явуулах, тэдний зан төлөвийг онцлог, гоо сайхны бүтээгдэхүүн тавьдаг шаардлага, үнэлэмжийг тодорхойлох, өөрийн бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд бүтээгдэхүүнтэй харицуулсан хэлбэрээр хэрэглэгчдийн эерэг ба сөрөг хандлагыг тодорхойлох, Судалгаанд үндэслэн сөрөг болон сэтгэл ханамжгүй шалтгааныг арилгах түүнд чиглэсэн үйл ажиллагаа явууллах.

  3. 3
    Usukhuu

    Асуултнаас хэрэглэгчээс биш өөрсдөөс нь үр ашиггүй зардал нэмэгдсээр байсан гэснээр орлого аль талаасаа буурч байгааг ойлгож болно биз дээ.
    Үүнд: 1.Маркетингийн бодлогогүй байсан буюу анхнаасаа нэвтрэлт, өсөлт, тогтворжилт, уналтын үе шатуудын ямар ч үед нь ямар нэг арга хэмжээ авахаа төвөлөөгүй, уналтанд орвол яах вэ, илүү амжилттай байвал яах вэ гэсэн зах зээлд баримтлах чиг хандлагын талаар бодлогогүй байснаас алдсан. Бүтээгдэхүүний хувьд өөрөө “шинэхэн, бас Монгол брэнд, эмэгтэйчүүдийг хөөсрүүлсэн уриа” зэрэг нь л зах зээлд амжилттай нэвтрүүлж чадсан. Зах зээл бол үргэлж байсаар л байдаг. Харин зах зээлд удаан хугацааны турш явуулсан судалгаа бол асуудлыг шийдэх гарцыг хайж асуудлыг олж харсан болохоос бүтээгдэхүүнээ асуудлыг шийдвэрлүүлэхээр зах зээл рүү нэвтрүүлээгүй нь харагдаж байна. Мөн урт хугацаанд хийсэн судалгаа нь үнэ цэнэгүйдсэн байх талтай.
    2.Үйлдвэрлэлийн бодлого алдагдсан. Орлогын түвшин өндөртэй хэрэглэгчийн сегментрүү чиглэсэн үнэтэй чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьсноороо алдсан. Гоо сайхны тосонд зориулсан зуурмагын нөөцөөс олон төрлийн бүтээгдэхүүн хийж сегмент,зориулалтаар нь төрөлжүүлсэн тос гаргаж зардлыг хэмнэх, удирдах боломжтой байсан ч тосны зуурмаг ганцхан бүтээгдэхүүнд зориулагдаж хийгдсэн, нөгөө талаасаа их зуурмаг байх тусам нэг бүтээгдэхүүний өртөг багасах байсан. Харин цөөн хэрэглэгчдэд зориулж бага багаар зуурмаг хийснээр зардал хяналтаа алдахад хүрсэн.
    3.Түүхий эдийн асуудлыг шийдвэрлээгүй. Гол нэрийн түүхий эд нь Монгол орных байсан ч бүтээгдэхүүний тусгай түүхий эд нь өөрөө импортынх байсан. Үнэр, өнгө, саа зэргийг ихээр авах, эсвэл бага багаар авах нь ямар ч талаараа мөнгөний түгжээ үүсгэсэн. Тиймээс орлуулагч бодисыг шийдвэрлээгүй, технологи болон үйлдвэрлэлийн асуудалд түүхий эдийн нөөцийн удирдлага маш хэцүү байснаас алдагдалд орсон. Ингэснээрээ үйлдвэрлэлийн тасалдал үүсгэж эхэлсэн.
    4.Дизайны асуудал. Ямар ч тохиолдолд хуучин сав баглаа боодлоос үлдэгдэл гардаг, үлддэг учраас сав баглаа боодол, дизайн нь үр ашиггүй зардлыг шууд өсгөсөн. Өнгө дизайнаа өөрчилсөн цөөн тооны хийлгэсэн сав баглаа боодол захиалсан, эсвэл ихээр захиалсан аль алинд нь ч мөнгөө түгжиж ашиггүй зардлаа өсгөсөн.
    5.Зах зээлд тогтворжоогүй бүтээгдэхүүнд буюу 1 бүтээгдэхүүнд 2 дахин ТАНИУЛАХ ЗАРДАЛ гарсан гэдэг нь өөрөө зардлыг шууд өсгөсөн. Нэгэнт л таниулж чадаагүй байсан бүтээгдэхүүнээ дахин таниулахдаа бүр өөрчилж өнгө төрх, шинж чанарыг нь сайжруулсан гэж таниулах нь угаасаа л ойлгомжгүй болсон байна.
    6.Улс төр,Хууль эрхзүйн асуудал. Угаасаа зоригтой алхам хийсэн Тунгалаг ЖДҮ, дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого тууштай байж чаддаггүй хууль эрхзүйгээс болж импортын бүтээгдэхүүнд ялагдсан. Импортын бүтээгдэхүүн нь өөрөө чанартай байж чаддаг. Импортын бүтээгдэхүүн нь Тунгалаг шиг 10 хүнд биш 1000 хүнд зориулан хийгддэг учраас үйлдвэрлэлийн зардал, түүхий эдийн зардал ер нь бүх төрлийн зардлыг нэгжид маш бага ногдуулж чаддагаараа юу ч хийгээгүй байхдаа зах зээлд өргөн, гүн нэвтэрч эрэлт ихтэй байж чаддаг. Тунгалагт мундаг байсан. Учир нь тэр мах эсвэл талх зараагүй ГОО САЙХНЫ ТОС зарсан. Тэр нэг жил тэсч, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадсан.

  4. 4
    Батхүлэг

    liakhan-ы сэтгэгдлийг тооцохгүй бол миний бичвэр 10 дахь нь болох юм байна, анхаарч үзээрэй 🙂

  5. 5
    Батхүлэг

    1.Кейсийн өгөгдөлд зах зээлийн судалгааг удаан хугацаанд хийсэн гэж байна. Үүнээс судалгаа хангалттай түвшинд хийгдсэн бөгөөд үнэн зөв байх магадлал өндөртэй гэж ойлгож болно. Тиймээс зах зээлээ зөв сонгосон хэдий ч борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээнд хангалттай хэмжээний анхаарал тавьж чадаагүйгээс зах зээлээ алдсан болов уу. Уг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг цөөн тооны үйлчлүүлэгчидтэй үлдсэн гэдгээс дүгнэвэл бүтээгдэхүүний чанар импортоор орж ирж буй бусад өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй ижил түвшинд байсныг нотолж байна. Өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн хооронд чанарын ялгаа төдийлөн байдаггүй, брэндийн нэр хүнд нь хэрэглэгчийн нэр төрийн баталгаа болж сэтгэл ханамжид нөлөөлдөг. Зах зээлээ алдах болсон шалтгаан нь хэрэглэгчиддээ зориулсан үнэнч хэрэглээг урамшуулах үйл ажиллагааг хангалттай зохион байгуулаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

    2. Эмэгтэй хэрэглэгчдийн онцлог нь амнаас ам дамжсан цуурхалд (WOM) өртөхдөө амархан байдаг. Тиймээс сүүлийн үед шинээр нээлтээ хийж байгаа дэлхийн брэндүүд, гадны брэндэд шүтэх үзлээс үүдэлтэй соёлын сөрөг нөлөөнд автан ТАЛСТ-Т компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн сонирхол буурсан байх магадлалтай. Гоо сайхны бүтээгдэхүүний онцлог нь эмэгтэйчүүдийн хувьд бараг анхдагч хэрэглээтэй адил учир эдийн засгийн хямралаас үүдэн худалдан авалт буурах хандлага харьцангуй багатай гэж үзэж байна.

    3. Үнэнч хэрэглээг урамшуулах (loyalty) хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийн эргэх холбоог сайжруулах нь зүйтэй. Эмэгтэй хэрэглэгчид гоо сайхны бүтээгдэхүүнээ үргэлж солиод байдаггүй, гадаад үзэмжиндээ туршилт хийх дургүй байдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Бүтээгдэхүүний талаар цуурхал (WOM)-ыг үргэлж хянаж, компанид ашигтай талаас нь удирдахыг оролдож байх нь үр дүнтэй. Мөн эдийн засгийн хямралын үед өндөр орлоготой хүмүүст ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН төлөө ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ учиртай гэсэн ухуулга сурталчилгааг тогтмол явуулж, дээд зиндааныхны хэрэгцээнд тохирсон цорын ганц үндэсний брэнд гэсэн имидж бүрдүүлэх нь зүйтэй болов уу. Хэрвээ зорилтот зах зээлээ өөрчлөн дундаж давхаргыханд зориулан үнэ багатай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бүтээгдэхүүний нэр хүнд унах эрсдэлтэй.

    • 6
      Mr.Red

      Сайн байна уу. Батхүлэг та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  6. 7
    Oyunnomin.U

    Доорх олон комментуудаас аль болох санаа давхцаагүй хариултаа бичье.
    1. “Талст-Т”компаний орлого буурсан шалтгаан:
    – Манай Монгол улсын хувьд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь өөрөө “олигополь” зах зээл. Гоо сайхны бүтээгдэхүүнээр өрсөлдөх томоохон компаниуд гэвэл Монос, Халгай (дурьдаагүй үлдсэн) зэрэг байгаа. Мөн төдийлөн хөгжиж чадаагүй дөнгөж эхлэл тавигдаж байгаа салбар. Магадгүй энэ шалтгаанаар “Талст-Т” компаний бизнес санаачлагчид өндөр үнэтэй бүтээгдэхүүн илүү чанартай, бас нийгмийн элит давхаргыг илэрхийлнэ гэсэн хүлээлттэйгээр мөн Говь, Гоёо зэрэг Монгол брендийг сүүлийн үед хэрэглэгчид илүү сонирхож үндэсний брендээ дэмжиж эхэлж байгаатай адилаар Монгол гоо сайхны брендийг сонголтоо болгох гэсэн хүсэлтэй олон олон бүсгүйчүүд уг компаний бүтээгдэхүүнийг сонгоно гэсэн хүлээлттэй байсан байж болох юм.
    – Үйл ажиллгааны эхний жил орлого төлөвлөгөөнөөс давсан шалтгаан нь хэрэглэгчид бүтээгдэхүүнийг сонирхох, сонжих зорилготой сэтгэл хөдлөлд автсан мөн дээрх миний таамаглалын дагуух шалтгаануудаар худалдан авсан байж болно.
    Харин орлого бууралт нь :
    – Эхний худалдан авалтаар худалдаж авсан үйлчлүүлэгчид ердийн гоо сайхны бүтээгдэхүүнээс 10 дахин өндөр үнээр авсан үнэндээ нийцсэн сэтгэл ханамжийг авч чадсан эсэхээс л хамаарна.
    – Сэтгэл ханамж. 10 дахин их гээд байгаа үнэ нь өндөр үнэтэй гадаадын гоо сайхны бараатай харьцуулахад чанарын хувьд ижил байх эсэх нь бас эргэлзээтэй. Дөнгөж үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа компани олон жилийн туршлага, технологи олон улсыг дамнасан маркетинг, нэр хүнд зэрэгтэй гадаадын алдартай гоо сайхны компаниудтай харьцуулашгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс үнэ адил бол ямар ч эмэгтэй гадаадын брендийг сонгоно. Мөн “Талст-Т” компаний зорилтот хэрэглэгчид нь монгол гэхээс илүү гадны барааг илүүд үздэг, аль хэдийнээ хэрэглэж тогтсон гоо сайхны бүтээгдэхүүнтэй болчихсон байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн цаашлаад энэхүү салбарын нэг онцлог нь эмэгтэйчүүдийн сонголт “Үнэт эдлэл юм уу хувцас сонгохтой адил хормын дотор сонголтоо өөрчлөх боломжгүй бүтээгдэхүүн юм”. Энд тухайн худалдан авагч эмэгтэйд тохирох эсэхээс энэ барааны эрэлт бас хамаарна. Энэ шалтгаанаар өмнөх сонголтоо өөрчилж шинэ Монгол бүтээгдэхүүнийг туршиж үзэх өндөр орлоготой бүсгүйчүүд цөөхөн байхыг анзаараагүй байна. Иймээс хэрэглэгчидээ алдаж орлого буурна.
    2. Үйл ажиллагааг уруудахад хүргэсэн макро хүчин зүйлс:
    – Гадны өрсөлдөгч компаниуд. Томоохон их дэлгүүрүүдийн үүдээр ороход л “угтах” олон брендүүдээс авахуулаад албан ёсны салбар болсон Dior, L’Occitane зэрэг брендүүд бизнесийн цар хүрээгээ улам тэлсээр байгаа.
    – Цаг хугацааг одоогоор тооцоолбол эдийн засгийн хүндхэн байдал нөлөөлөх нь дамжиггүй.
    3. Үйлчлүүлэгчидийн тоог нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнгээ өгөх вэ:
    – Зорилтот хэрэглэгчидээ өөрчлөх. Нийгмийн дийлэнх хэсгийг дундаж болон дунджаас доогуур иргэд эзэлж байгаа. Дунджаас доогуур орлоготой иргэд гоо сайхны “бренд” бүтээгдэхүүнд зардал гаргах сонирхол хүсэл байгаад ч худалдан авах илүү орлого байхгүй. Харин дундаж орлоготой иргэд нь хамгийн тохиромжтой бүлэг гэж үзэж байна.
    – өмнө өндөр үнээр худалдахаар төлөвлөж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ компанид ямар ч алдагдалгүйгээр зардлаа нөхсөн үнээр борлуулж дараагийн үйлдвэрлэлийнхээ санхүүгийн эх үүсвэрийг олсны дараагаар зардлаа багасгаж дундаж орлоготой эмэгтэйчүүдэд зориулсан үнэтэйгээр борлуулах
    – Үйлдвэрлэлдээ зөвхөн Монгол эмэгтэйчүүдийн арьс, байгалийн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн гэсэн онцлогийг шингээж, үүнийгээ давуу тал болгон сурталчилах.

    • 8
      Mr.Red

      Сайн байна уу. Oyunnomin.U та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  7. 9
    Shagai

    Шалтгаан нь: Үндэсний компани гадны бренд компанитай өрсөлдөх чадвар эрс мууд байгаа болно.
    Ер нь бол дээд давхаргын гэж нэрлээд байгаа бүсгүйчүүд үндэсний бүтээгдэхүүн мянга сайн байлаа ч үндэснийхээ компанид итгэх итгэл муугаас болж нэг сонгосон бол дахиж сонгох боломж бага байна.
    Тийм болхоор үндэснийхээ бүтээгдэхүүнийг гадны томоохон бренд бүтээгдэхүүнтэй харьцуулсан судалсан үр дүн гаргасан талаар реклам зар сурталчилгаа хийвэл илүү үр дүнд хүрэх боломжтой.

    • 10
      Mr.Red

      Сайн байна уу. Shagai та 1 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  8. 11
    Mr.John

    За би энийг ижил төстэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага дээр үндэслээд хариултыг оруулья. Манай ах гоё зүүлт чимэглэл оруулж ирдэг юм. 5н жилийн өмнөөс энэ бизнесийг оруулсан. Яг энд болж буй мөчүүдийг давж гарч байна.
    1. “Талст-Т” компанийн орлого буурах шалтгаан юу байв?
    Анх бол оруулж ирэхэд хүмүүс ихээр сонирхож худалдан авалт өндөр байсан. Мөн худалдан авагч нар нь нэгэндээ бэлэглэх гэх мэтээр борлуулалтыг өсгөсөөр байсан. Анх эхэлж буй учир маш их санаа уралдуулан маркетинг, сүлжээ бизнес хүртэл өргөжсөн болно. Тэгвэл яагаад борлуулалт буурсан гэвэл:
    a. Гоёлын зүүлт эд нар нь удаан элэгдэлтэй бараа бүтээгдэхүүн юм.
    b. Бараа бүтээгдэхүүнийн үнэ өндөр байсан учир цөөхөн хүмүүсийн хэрэглээ болсон байсан.
    c. Өрсдөлдөгчид олон болж байсан.
    d. Мөн тухайн үед хэрэглэгчдээ бүртгэж, тэд нартай зориулсан үйлчилгээг мартсан байсан гэсэн гол хэдэн шалтгаан байна.

    2. Үйл ажиллагаа нь уруудахад нөлөөлсөн макро орчны хүчин зүйл?
    Мэдээж энэ бол хамгийн чухал зүйл юм. Миний бодлоор General Motors – н жижигрүүлсэн жишээ гэлтэй. Хэтэрхий том амбиц гаргаж, мөнгөтэй хүн болгон авна гэсэн бодлыг тээсэн гэлтэй. Гэтэл эдийн засгийн хямрал, хүмүүсийн сонирхол байнга өөрчлөгдөж байдгыг бодоогүйгээс үүдсэн болно. Одоо борлуулалт бол их буурсан. Худалч хүнд өдөрт нэгийг авбал их юм болсон. Дахиад хэлэхэд хэрэглэгчдээ хандсан үйлчилгээг мартсанаар, хэрэглэгч буцаагаад мартсан гэсэн үг юм. Салбаруудын тоог нэмсэнч борлуулалт төдийлөн сайн өссөнгүй.

    3. Үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнгээ өгөх вэ?
    Мэдээж ямар ч байгууллага борлуулалтаа өсгөхийн бодно. Тиймээс дараах хямралын менеменжүүдийг авч хэрэгжүүлвэл тохиромжтой. Үүнд:
    a. Зорилтот зах зээлийг өөрчлөх
    b. Үнийн өөрчлөлтийг хийх
    c. Борлуулалтын олон суваг бий болгох (Online, Social etc…)
    d. Хөнгөлөлт урамшуулалын бодлого хэрэгжүүлэх. Дан ганц өөрөө биш, бусад байгууллагуудтай хамтрах. Жишээ нь: Хамтрагч байгууллагаас юм авсан бол, манайхаас тэдээр хямдрах энэ тэр гээд.

    • 12
      Mr.Red

      Сайн байна уу. Mr.John та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  9. 13
    shijir

    Энэ удаагийн кэйс нь байгууллагын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд гарсан асуудыг хөндөх болно гэсэн.
    Бүтээгдэхүүний чанар-Сайн.
    Бүтээгдэхүүний үнэ-Өндөр
    Зорилтот зах зээл нь-Дээд давхарга

    1. “Талст-т” компанийн орлого буурах шалтгаан юу байв?
    – ӨНДӨР ҮНЭ
    Шинэ бүтээгдэхүүний эхний жилийн орлого маркетинг сурталчилгааны үндсэн дээр сайн байсан байж болно. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүнийг туршиж хэрэглэж үзсэн. Худалдан авагч нарын тоо цөөн учир дахин авах эргэлт нь багассан.
    -ЧАНАР
    Өндөр үнэтэй бүтээгдэхүүн гадны бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц чанартай байх ёстой. Уг шаардлагыг хангаагүй.

    2. Үйл ажиллагаа нь уруудахад нөлөөлсөн макро орчны хүчин зүйл?
    – ГАДААД ЗАХ ЗЭЭЛ
    Тунгалаг өрсөлдөгчийн судалгаа болон зах зээлээ зөвхөн монголын зах зээл дээр авч үзсэн нь алдаа болсон. Учир нь монголд гадны орны сайн чанартай өндөр зэрэглэлийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн ихээр зарагдаж байгаа. Дээд давхаргын эзэгтэй нар хамгийн шилдэг сайныг л хэрэглэнэ шүү дээ, энэ шалгуурт тэнцэхгүй бол тэд гадны бүтээгдэхүүнийг л сонгоно.

    3. Үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнд хүрэх вэ?
    – ЧАНАР, ГАДААД ЗАХ ЗЭЭЛ
    Нэгэнт чанартай өндөр үнэтэй бүтээгдэхүүн бол гадаад зах зээлрүү тэмүүлэх хэрэгтэй.
    -СТРАТЕГИ
    Бүтээгдэхүүний хэмжээг багасгах замаар үнийг бууруулж хэрэглэгчдэд илүү хүргэх.
    Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах.

    • 14
      Mr.Red

      Сайн байна уу. Shijir та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  10. 16
    Батгариг

    1. Орлого буурсан хамгийн гол шалтгаан бол Худалдан авалт буурах, Яагаад ? Зорилтот зах зээлээрээ чинээлэг эмэгтэйчүүдийг сонгож авсан. Эхний жилийн орлого өндөр байсан нь идэвхижүүлэлт сайн байсантай холбоотойгоор хүмүүс хэрэглэж үзэх сонирхлоор худалдан авсан. Үүний дараа:
    – Чинээлэг эмэгтэйчүүдийн хэрэглэдэг гадны брэнд бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ ойролцоо мөртлөө чанар муу
    – Бүтээгдэхүүний онцлог болох эргэлт удаан буюу хэрэглэгч дахин худалдан авах хүртэл хугацаа урт ба худалдан авагч буюу зорилтот зах зээл нь цөөн хүн ам
    – Зорилтот зах зээл дээрх өрсөлдөгчийн судалгаа хийгдээгүй. Энэ зах зээлд нэвтрэх зөв стратеги баримталж чадаагүй. Өөрөөр хэлвэл өөрийн гэсэн худалдан авагчтай болсон олонд танигдсан (зорилтот зах зээлийн хүрээнд) зах зээлийг бүрдүүлдэг том брэнд бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад бага үнээр ижил чанартай бүтээгдэхүүнээр эзлэх зах зээлээ аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй байсан
    2. – Эдийн засгийн хямралаас шалтгаалан хэрэглээ, худалдан авах чадвар буурсан
    – Илүү хямд үнэтэй шинэ бүтээгдэхүүн бий болсон (технологи шинэчлэгдсэн байж болно)
    – Зорилтот хүн амын хандлага, өөрөөр хэлвэл чинээлэг эмэгтэйчүүдийн хэрэглэдэг брэнд бүтээгдэхүүний оронд өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлагыг бий болгож чадаагүй. Шалтгаан нь манай бүтээгдэхүүний чанар, үнэ зэрэг зүйлс нь чинээлэг эмэгтэйчүүдийн брэнд бүтээгдэхүүнүүдэд хандах хандлагад нөлөө үзүүлж чадаагүй. Тиймээс манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн боловч дийлэнх нь хэрэглэгч болж чадаагүй
    3. Үндсэн 2 чиглэл байна. аль нэгийг нь эсвэл хоёуланг нь хэрэгжүүлж болно.
    1рт Зорилтот зах зээлээ өөрчлөхгүй
    2рт Зорилтот зах зээлээ өөрчлөх
    Хэрвээ 1 бол зах зээлд нэвтрэх стратегиэс эхлэнэ. Дагалдагчийн байрь сууринаас зах зээлээ эхлүүлж аажмаар зах зээлээ нэмэгдүүлэх бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад бүтээгдэхүүний үнийг бууруулж, чанарыг ижил түвшинд байлгаж, идэвхижүүлэлтийн сувгуудыг үр ашигтайгаар удирдан худалдан авагчдад өөрийн бүтээгдэхүүнүүдийг таниулах, тогтмол хэрэглэдэг болгох аажмаар хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Энгийнээр хэлвэл реклам сурталчилгаа сайн хийгээд хүмүүст хэрэглэж үзэх сэдэл төрүүлнэ, хэрэглэж үзэхэд чанартай бас үнэ хямд бол ахиж хэрэглэх сонирхол бий болгох ингэснээр өөрсдийн хэрэглэгчтэй болох…
    Харин 2 бол аль зах зээлд нэвтрэхээсээ хамаараад өөр өөр үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Санал болгох хувилбар бол Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нийт эмэгтэйчүүдэд зориулж бүтээгдэхүүн гаргах,төрөлжүүлэх, багц гаргах, тохирсон хямд үнэтэй, чанартай, тэднийг татах идэвхижүүлэлт сайн хийх,

    • 17
      Mr.Green

      Сайн байна уу. Батгариг та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  11. 18
    Мөнхөө

    1. а.Бусад компаниудаас содон шинэлэг загвартай бас үндэсний шинэ залуу үйлдвэрлэгч гэдгээрээ эхний ээлжинд хэрэглэгчидээ татсан ба энэ нь анх таамаглаж байсан үр дүнгээс давсан үзүүлэлт авчирсан. Гэхдээ хэрэглэгчид бүтээгдэхүүнийг хэрэглэхийн хэрээр бусад, өмнө хэрэглэж байсан бүтээгдэхүүнтэйгээ жишиж эхэлсэн ба гадаадын гоо сайхны алдартай компаниудын бүтээгдэхүүний үнэтэй ойролцоо байснаас ашиг орлогын хэмжээ буурАх хүчин зүйл болсон.
    б. Нийгмийг (хүйс, нас) ангилж бүтээгдэхүүнээ борлуулсан нь бүтээгдэхүүний зах зээлд эргэлдэх хурдыг удаашруулсан.
    в. Гоо сайхны бүтээгдэхүүн бусад бараа бүтээгдэхүүнийг бодвол эмзэг бүтээгдэхүүнд орох ба хэрэглэгчид голчлон бүтээгдэхүүний огноог харж авдаг. Энэ нь бага хэрэглэгчидтэй тус компанид бүтээгдэхүүний илүүдэл үүссэн /гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээ удаантай учраас нэг хугацаанд үйлвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдийн хугацаан дуусах чанарт нь өөрчлөлт орох магадлал өндөртэй/.

    2. а. Улсын эдийн засаг хямарсан.
    б. Хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээсээ илүүтэй эрүүл хүнс, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг илүүтэй үзэх болсон.

    3. а. Монгол улсад залуучууд, өсвөр насныхан их байдаг бөгөөд тэдэнрүү чиглэсэн бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх.
    б. Бүтээгдэхүүнийхээ үнийг уян хатан байлгах
    в. Бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаж үнийг бууруулах
    г. Гадаад зах зээлийг сонирхох

    • 19
      Mr.Red

      Сайн байна уу. Мөнхөө та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  12. 20
    Түвшөө

    Талст-Т компанийн орлого буурах болсон шалтгаан :

    Судалгаа явуулсны үндсэн дээр өрсөлдөгч компаниуд нийгмийн дийлэнхийг хамарсан, чанарын хувьд харьцангуй муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг мэдсэн бөгөөд тодорхой шийдэлд хүрсэний дараа зөвхөн дээд давхаргын эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүнийг маш өндөр үнээр борлуулахыг сонгосон.Энэ нь тэдний алдаа байлаа.Эхний жилийн хувьд борлуулалт сайн байсан нь сайн маркетинг болон хэрэглэгчдийн туршиж,хэрэглэж үзэх хүслийх байсан.Гэхдээ тэдгээр чинээлэг эмэгтэйчүүд цаанаа дэлхийн шилдэг гэсэн брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх бололцоотой ,хэрэглэж ч байгаа.Зорилтот зах зээлээ дээдсүүдээр сонгосон болон өрсөлдөгчийн судалгаагаа зөвхөн Монголын түвшинд хийсэн нь тэдний алдаа байлаа.
    Судалгаан дээр дийлэнх эмэгтэйчүүдийн хэрэглэж буй бүтээгдэхүүний чанар муу байсныг анзааран зорилтот зах зээлээ дээдсүүд бус дундаж орлоготонуудыг сонгох нь зүйтэй байсан болов уу .

    Үйл ажиллагаа уруудахад нөлөөлсөн макро орчны хүчин зүйл :

    Талст-Т компаний хувьд зах зээлдээ нэр хүндтэй,үнэтэй,тансаг,брэнд бүтээгдэхүүнийг бий болгохыг зорьсон.
    Макро орчин гэхээр хүн ам ,соёл,технологи,улс төр,байгал орчин гээд зүйл болгон дээрээ нийтлэг шалтгаанууд гаргаж болно.Тэр тусмаа :
    Эдийн засгийн хямрал,хүндрэл хүн амд нийтэд нь нөлөөлдөг бөгөөд баячуудыг тойроод өнгөрдөггүй.Өндөр орлогын цаана асар их эрсдэл,зээл оршин байдаг.Энэ үед хэн бүхэн хэрэглээгээ хязгаарлаж,хэрэгцээгүй зардлуудаа танана.

    Үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал үр дүнтэй бэ?

    Үргэлжлүүлэн маркетинг хйих
    Улсаас дэмжих дэмжлэгт хамрагдах
    Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах
    Үнээ буулган нийтийн хэрэглээ болгох эсвэл зах зээлийн сегмэнт бүрт тохирсон барааг үйлдвэрлэх

    • 21
      Mr.Red

      Сайн байна уу. Түвшөө та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  13. 22
    Нямсүрэн

    1. “Талст-Т” компанийн орлого буурах шалтгаан юу байв?
    Анх хэрэглэгчдийн худалдан авалт өндөр байсан боловч дараагийн жилд буурч байгаа нь
    – Бүтээгдэхүүний чанар муу байсан,
    – зах зээлд илүү чанар бүхий эсвэл ойролцоо чанартай боловч хямдхан бүтээгдэхүүн гарч ирсэн,
    – дээд давхаргыханы тоо эсвэл тэдгээрийн худалдан авах чадвар буурсан байж болох юм.

    2. Үйл ажиллагаа нь уруудахад нөлөөлсөн макро орчны хүчин зүйл?
    Хүн ам зүй: Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдолттой холбоотойгоор хотод амьдрах дээд давхаргыханы тоо буурсан байж болох юм.
    Эдийн засгийн хүчин зүйл: Улс оронд нүүрлээд буй эдийн засагийн хямрал хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулж байна.
    Шинжлэх ухаан, технологийн хүчин зүйл: Өндөр хурдацтай хөгжиж буй техник технологийн нөлөөгөөр гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардал буурч үүнийг гадаадын компаниуд ашиглаж хямд өртөгтэй өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах болсон.

    3. Үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнтэй вэ?
    Үйлдвэрлэлийн чиглэлийг өргөтгөх: Аль болох нийгмийн төрөл бүрийн давхаргыханд чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдийг татах.
    Техник технологоо сайжруулах: Үйлдвэрийн техник технологоо сайжруулж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, бүтээгдэхүүнийг өртгийг бууруулах замаар өрсөлдөөнд давуу байдлыг байдлыг олж авах.
    Зах зээлээ тэлэх: Гадаад зах зээлд, нэвтрэх боломжийг эрэлхийлж хэтийн ирээдүйд бүтээгдэхүүнээ экспортолох талаар судалгаа хийх.

    • 23
      Mr.Red

      Сайн байна уу. Нямсүрэн та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  14. 24
    Tselmeg

    1-рт: а. Монголд энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээс 10 дахин илүү үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх бүсгүйчүүд тооны хувьд хэд дахин бага.
    б. Гоо сайхны бараа харьцангуй удаан эдэлгээтэй бөгөөд дараагын худалдан авалт хүртэл тодорхой хугацаа шаардагдана. / иймээс дараа дараагийн удаад борлуулалт багасна гэсэн үг/
    в. Зөвхөн Дээд давхаргын баян эмэгтэйчүүдэд зориулагдсан нь дундаж давхаргын хэрэглээ өндөртэй бүсгүйчүүдийг орхигдуулан тухайн бүтээгдэхүүнд хандах хэрэглэгчдийн хандлагыг бууруулж байна.
    2-рт:
    а. Дээд давхаргын эмэгтэйчүүдэд зориулагдсан учраас бүтээгдэхүүнээ зөвхөн дотооддоо бус Гадаад зах зээлүүдэд судлан, гадаадын үнэ ба чанараар адил бүтээгдэхүүнүүдтэй харьцуулалт хийн үүнийг дагаад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц түгээлтийн сувгуудыг сайжруулах.
    б. Макро орчинд нөлөөлөгч эдийн засгийн хүчин зүйл болох хэрэглэгчдийн орлого зэргийг судлах

    3-рт: а.Ганц дээд давхаргийн бус Өндөр хэрэглээтэй дундаж давхаргийн бүсгүйчүүдийг татах.
    б.Дээд давхаргийханд учраас зөвхөн монголдоо бус гадаадын компаниудыг судлах

    • 25
      Mr.Red

      Сайн байна уу. Цэлмэг та 3+1 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.