“Өөрийгөө хурцлахуй” номын хэсгээс

“Өөрийгөө хурцлахуй” номын хэсгээс


200-аад жилийн өмнө бичигдсэн одоо ч үнэ цэнээ алдаагүй сонгодог бүтээл болох Жон Тоддын Self Improvement: Chiefly Addressed To The Young (1848) номын хэсгээс хүргэж байна. Залуучуудад хандаж цаг хугацааны үнэ цэнэ, өдөр тутмын амьдрал дахь дадал зуршлын үр ачийг чухалчлан өгүүлж, сонирхолтой жишээгээр баяжуулсан уг номыг УИХ гишүүн Д.ГанхуягӨөрийгөө хурцлахуй” хэмээн орчуулан 2008 онд гаргаж байжээ. Манай сайт номын булангаараа энэхүү номын 4-р бүлгээс та бүхэнд хүргэж байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Цэцэн оюунлаг уураг тархитай болоход хэрэг болох уншлагын арга

1. Ном бол амьдралыг төгс төгөлдөр болгогч хүчтэн

Нийгэмд  байр сууриа олсон урьдын түүхт хүмүүс гагцхүү номыг уйгагүй ихээр уншиж судалдаг байсныхаа ачаар л амжилтад хүрсэн байдаг. Ном унших дадалгүйгээр алдартай хүн болох боломжгүй байж. Бэкон “ном бол сайтар төлөвшсөн хүнийг бий болгодог, яриа хөөрөө бол хүнийг нийцтэй харилцаа сайтай, эв дүйтэй болгодог, бичгийн бүтээл хүний уураг тархийг цэцэн оюунлаг болгодог” гэж хэлжээ.

Бэконы хэлсэн “сайтар төлөвшсөн хүн-төгс, төгөлдөр хүн” бол ном бүтээлийг далайцтайгаар, тууштайгаар уншиж байж төлөвшин бий болно. Хэчнээн авьяас чадвартай ч байлаа гэсэн, шинийг нээгч байлаа гэсэн ном уншихыг тойроод явчхаж чадахгүй. Ховс шидтэй гайхамшигт авьяастан л магадгүй, хаана ч байсан гойд сайн замыг өөртөө гаргаад явчих биз. Харин өмнөх үеийнхэн маань гайхалтай мэдлэгийг бэлтгээд цааш явах замыг бидэнд заагаад өгчихсөн байхад, орчин үеийн бид нар хэрэг болгоод л шинэ, жижиг замыг хайж нээхийг хүсч гүйгээд байхын хэрэг юу билээ дээ.

Шударга бөгөөд зөв шийдвэрийг гаргахын тулд бусад эрин үеийн түүхийг үзэж харан, өнгөрсөн болоод өнөө үеийг харьцуулж чаддаг байх ёстой. Эрч хүчээр булгилсан оюун санаатай байхын тулд хойч үедээ давтагдашгүй мөнхийн санаа сэтгэлгээг үлдээж чадсан гайхамшигт өмнөх үеийнхнийхээ оюун санааг судлан өөрийнхийгөө сэлбэн сэргээж, өөрийгөө хүчирхэгжүүлж байх ёстой. Сэтгэлгээ бодлынхоо хүрээг байнга өргөжүүлж, шинэ бодлыг төрүүлэх оюун санаа, багаар бодоход л сайхан шинэ санаа, сэтгэлгээг байнга л өөртөө шингээж чаддаг ур ухаан бидэнд байх хэрэгтэй.

Хоол унд бидний судсаар гүйх цусан шингэний тэжээл болдгийн адил ном унших нь оюун ухааныг амилуулагч тэжээл мөн билээ. Уншихад шуналтахгүй байгаа хүн бол сайхан идэвхтэй үйл ажиллагаа, ажил хийж чадах боломжгүй хүн болж таарч байна. Ном уншилгүйгээр Бэконы хэлээд байгаа ” төгс төгөлдөр хүн ” болохыг мөрөөдөх нь шим тэжээллэг хоол ундгүйгээр эрүүл саруул, эрч хүчтэй байхсан гэж мөрөөдөхтэй адил.

Хэцүү, ээдрээтэй санаа бодлуудыг ихээр багтаасан номыг болохоор ” энэ хэцүү юм аа” гэж хойш тавьчхаад, үлгэр туульс гэх маягийн хөнгөн сонин ном болон орчин үеийн уран зохиол зэргийг л уншдаг хүмүүс бий. Ялангуяа залуус зугаа цэнгэлийн тулд л ном унших тохиолдол байдаг бөгөөд байнга иймэрхүү номоо унших гэж тэмүүлцгээдэг.

Хүн номыг хэд хэдэн зорилгоор уншдаг. Зарим хүн эрдмийн бэрх хэцүү судалгааны ажлынхаа алжаалыг тайлан сэтгэл санаагаа амирлуулж, эрч хүчээ сэлбэн сэргээхийн тулд уншина. Гэтэл зарим нь хүн төрөлхтний түүх болон хүний олон үеийн туулж ирсэн хатуу ширүүн зам мөрийн туршлага байдлын талаар уншиж, ингэснээрээ янз бүрийн нөхцөлийн дор хүмүүс яаж аж төрж, ажиллаж ирснийг мэдэж ойлгодог билээ. Чингээд тэрхүү түүх, өнөөгийн бодит байдлыг харьцуулан, дүгнэлт гаргаж авцгаадаг.

Өөрөөр хэлбэл, ном уншсанаар аливааг харах “бэлчээр томрон”, гаргах шийдвэр ч оновчтой болж, түүхийн янз бүрийн үе шат дахь ололт амжилтуудын талаар гүнзгий мэдлэгтэй болж, улмаар тэр нь таны бодит туршлага болдог. Зарим хүн олон талын мэдээлэл авах гэж ном уншдаг. Ирээдүйд хэрэг болох мэдлэгийг хуримтлуулан, хэзээ ч хэрэглэж болохоор ангилан, цэгцлэхийг хичээнэ. Бас зарим хүмүүс үг өгүүлбэр зохиоход хэрэг болох үүднээс хүчтэй, эсвэл торгон мэдрэмжтэй ер бус зохиолчид өөрийгөө үгээр илэрхийлэхэд хэрэг болгох үүднээс ном уншдаг.

Таашаал авахаас бусад зорилгоор ном унших тохиолдолд амжилтад хүрэхийн тулд мэдээж, номоо яаралгүй, эсвэл, тун нухацтай унших хэрэгтэй. Маш олон ном уншсан ч олж авсан мэдлэг нь өгөөж муутайхан байх тохиолдол байдаг. Эртнээс гайхамшигтай сайхан, агуу олон хуудас номыг “тансаг эд” хэмээн үнэлдэг байжээ. Хурдан уншигч бол ихэнхдээ зорилгогүй уншигч байх нь олонтаа. Тэдний уншсан номын тоо их боловч олж авсан мэдлэг нь дулимаг байдаг.Зорилгогүйгээр хурдан уншигч болон жинхэнэ эрдэмтэн бол хоорондоо их ялгаатай хүмүүс. Хүний зан төлөвийг судалсан нэгэн хүн хэлсэн гэдэг. “Би маш их номтой хүнтэй  мэтгэлцсэн ч айх юм байхгүй” гэж. Ийм хүн бол хэчнээн бага ном уншсан байсан ч аливаа зүйлийг айхтар сэтгэн бодож, түүнийгээ уураг тархиныхаа оюуны үйл ажиллагаанд дээд зэргээр тааруулан зохицуулж чаддаг билээ.Бүх юм сая танд дурдсанаар болдог гэж би бас хэлэхгүй л дээ. Гэхдээ л, цаашдаа амьдралын замд хөл тавьж залууст бол “ийм л байдаг шүү” гэж ойлгуулах гэсэн юм.

Ном уншиж ухаанаа нэмье, өөрийгөө хөгжүүлье гэж л байгаа бол юуны өмнө ном уншихдаа  маш нягт, нямбай тайван унших нь чухал. Яаран сандран идэж уусан юмыг ходоод тань хүлээн авч боловсруулаад, биенд тань тэжээл болгон хуваарилж чадах уу? Хоол ундыг ингэж идэж уувал шингэхгүй, зүгээр л, биеэр тань дамжаад яваад өнгөрнө. Уураг тархи ч мөн адил. Яарч сандран чихэж овоолох маягаар олж авсан мэдлэг ч ухаан бодолд “шингэж өөриймшөхгүй“.

Эх сурвалж: Жон Тодд – Өөрийгөө хурцлахуй номын хэсгээс

3 Сэтгэгдлүүд

бичих
    • 2
      Mr.Red

      Сайн байна уу. Хуучин номын худалдаанаас л хайсан дээр байх гэж бодож байна.

  1. 3
    shijir

    Энэ номыг уншиж байлаа. Ганхуяг гуайн орчуулсан энэхүү ном жижиг хэрнээ дотроо маш хэрэгтэй зүйлсийг агуулсан гайхалтай ном байсан шүү. Одоо дахин нэг уншинаа.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.